Хэдэн сарын өмнө муураа алдчихаад өглөөнөөс орой болтол "Азтай савруудын групп"-ийг гүйлгэж суусан юм. Өвлийн хүйтэн байсан тул "Амьд байгаа болов уу, даарч байгаа болов уу. Ядаж нэг сайхан сэтгэлтэй хүн түүнийг минь олсон байгаасай" гэж их л бодсон доо. "Сайн эзэнтэй таарсан байгаасай" гэж их л хүссэнсэн. Энд тэнд явахад гараад ирэх юм шиг санагдаад горьдлого тээн явна. Энэ мэтчилэн алдсан, зарим нь бүр амьтанд дургүй болохоор гаргаад хаячихсан “гудамж”-ны гэх тодотголтой амьтад олон бий. Явсан газар бүрдээ ад үзэгдэж, чулуу модоор шидүүлнэ.
Саяхандаа дунд ангийн хэдэн хүүхдүүд муурыг модонд хадаад, хэдэн давхар байшингаас шидсэн хэрэг гарч билээ. Энэ мэтчилэн Монгол Улсад амьтны эрх маш их зөрчигддөг. Мөн нэг хэсэг нь тэжээж асарч хайрлах гэхээс илүүтэйгээр үржүүлгийн хэрэгсэл болгочихно. Гэтэл нөгөө хэсэг нь аврахын тулд бүхнээ зориулахад ч бэлэн.
Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг амьтны асрамжийн газрууд нэг үеэ бодоход олон болжээ. Тэдний нэг бол бидний сайн мэдэх “Азтай савар” ТББ юм. Үүнээс гадна “UB shelter- Асрах төв” гэх нэгэн өнөр бүл бий. Энэ асрах төвд л гэхэд 104 нохой, зургаан муур бий.
"Муур хүнийг үнэхээр аз жаргалтай болгодог. Орой гэртээ ядраад ороод ирэхэд урдаас тормолзоод зогсож байвал хэн уурлаж чадах вэ дээ" гэж даруухан инээмсэглээд тайвнаар яриагаа эхлэх түүнийг З.Ууганцэцэг гэдэг. Эгч нь нэг их олон амьтан авраагүй дээ. Сүр болгож яриад яах вэ гэнэ. Гэвч нэг ч бай, хоёр ч бай бяцхан амьтдын хувьд тэр хэмжээлшгүй их ачтан нь.
Түүнд ямар нэгэн амьтан асрамжийн төв байхгүй учир аварсан амьтдаа гэртээ байлгаж арчилж тордоно. Түүний гэрт одоогоор найман муур бий. Тэд цөм “гудамж”-наас олдож гэрт нь ирсэн. Хэзээ хэзээний энэ гэрийн эзэд шиг. Зарим нь цонхны тавцан дээр нарлаж, зарим нь дугуй сүлжмэл дэвсгэр дээрээ хэвтэнэ. Тэдний тоглоом, хоол идэх сав, хэвтэр гээд гэрийн нэлээд хэсгийг эзэлнэ. Зарим нь зөөлөн чихмэл тоглоомоо тэврээд ч унтана. Тэд цөм тайван, дөлгөөн. Биднийг яриагаа эхлээд дуусах хүртэл бөх гэгч нь унтсаар л байлаа. Амьтанд хайртай хэн бүхний хувьд энд үнэхээр халуун дулаан уур амьсгал орчинд бүрджээ.
Тэрбээр БНСУ-д ажиллаж байгаад 2023 онд Монголдоо ирсэн. Тухайн үед амьтан тэжээе гэж бодож байгаагүй ч “myfostermeows” гэх газраас нэг муур түр харагчаар авсан аж. Тэр цагаас эхлээд л амьтанд хайртай болсон байна. Одоо хамгийн анхны түр харагчаар авсан муураа бүр үрчлээд авчихсан. Sylve гээд бас нэг хөөрхөн муур бий. З.Ууганцэцэг "Муур ер нь үнэхээр хөөрхөн. Хүнийг аз жаргалтай болгож чаддаг. Гэртээ ядраад ороход урдаас тормолзоод л зогсож байвал хэн уурлаж чадах вэ” гээд л инээнэ.
“2023 оныхоо өвөл арванхоёрдугаар сард орцноосоо нэг муур олсон юм. Аяганд ус сүү хийж тавиад гаргаад орхичихсон байсан. Орцонд үлдээж чадсангүй, бүх вакцинд нь оруулж, спей хийлгээд хэсэг хугацаанд хамтдаа байсан. Бодож бодож Хару гэдэг нэр өгсөн. Хару гэдэг нь солонгосоор “өдөр бүр” гэсэн үг. Өдөр бүр жаргалтай байгаасай гэж бодож өгсөн нэр. Хару хоолондоо маш сайн. Гадаа байхад нь хоол олдохгүй байсан болохоор олдсон дээр нь их идэхийг хүсдэг шиг байгаа юм. Удалгүй дээд давхрын айл маань үрчилж авсан. Спейг нь хийлгэсний дараа үрчилж авсан айл нь жирэмсэн юм бишүү л гээд байсан. Одоо дэндүү жаргалтай байгаа. Маш сайн хүмүүстэй таарсан. Вакцин туулгад нь дандаа оруулдаг” гээд их баяртай ярина.
Түүний дараагаар бас спейг нь хийлгээд сорви нь эдгэж амжаагүй байхад орцонд гаргаад хаячихсан мууртай таарчээ. Тэр дор нь л эмнэлэгт аваачиж эмчлүүлсэн байна. Тэжээж чадна гэсэн хөнгөн бодолдоо автаж үр хүүхдээ эрхлүүлэх тоглоом мэт санаж авчихаад хооллож ундлах нь хэцүү байв уу даа. Үс нь ширэлдэж халтайчихсан түүнийг гэртээ оруулан хооллож ундлан усанд оруулж үрчлүүлжээ.
Солонгос ч гэлтгүй бусад улс оронд гэрийн тэжээвэр амьтнаа маш их хайрладаг. Эмнэлэгт байнга үзүүлнэ. Тэргэнд хүртэл суулгаад явдаг. Монголдоо ирээд хаягдсан амьтдыг хараад сэтгэл их эмзэглэсэн гэж тэрбээр ярив.
Улаанбаатар хотод хаягдсан, эзэнгүй муур хаа сайгүй байдаг аж. Дараа нь Саппорогоос гурван зулзагатай муур олжээ. Зулзагууд нь бүр алгын чинээхэн байсан. Яг олох үед хайрцагт хийгээд өвлийн хүйтэнд гадаа хаячихсан байсан. Би л аврах ёстой юм байна гэсэн бодол төрсөн. Тухайн үедээ машингүй байсан учир өвлийн хүйтэнд Яармагаас Саппоро руу очиж алчуурт боогоод автобусанд авч явдаг байлаа. Бас ч гэж нэг үеэ бодоход хүмүүсийн хандлага арай дээрдсэн байна лээ. Наад муураа аваад буу л гэж лав хэлээгүй. Гэртээ авчирсны дараа үнэхээр их унтсан. Бараг долоо хоног шахуу унтсан. Ээж муураа агаараа санадаг байж магадгүй гээд заримдаа салхилуулна. Тэд бас тус тусдаа нэртэй. Нэгийг нь Бура гэдэг. Нөгөөг нь Мочи гэнэ. Харин ганц эрийг нь Лемон гэдэг. Одоо бүгд сайн эзэнтэй болсон. Үрчилж авч байгаа хүмүүс ихэвчлэн залуухан охид байдаг. Бусад хүмүүс үрчилж авчихаад тэжээж чадахгүй юм байна гээд гаргаад хаячихна. Тийм болохоор үрчлүүлж байгаа хүмүүсээ маш сайн харж, судалж байж өгдөг. Нэг удаа алдаж байсан тохиолдол бий. Хашаанаасаа алдчихсан байсан. Би сандраад ажлаасаа чөлөө авч өглөө дөрвөн цагт очиж хайж байсан удаа бий. Тэгтэл байшингаас нь гараад гэрлүү нь орчихсон байсан. Тухайн үедээ олчхоод бөөн баяр. Манай ажлынхан намайг муур муур гэхээр ухаанаа алдчихдаг гэдэг юм. Үрчилж авсан айлуудтайгаа байнга холбоотой байдаг. Зарим айлууд цонхон дээр хэвтэх дуртай болохоор нь хэвтэр авч өгсөн байсан. Бүр яг хүүхэдтэй болчихсон юм шиг үнэхээр жаргалтай байна гэдэг. Үнэхээр сайн эзэдтэй болсон”.
Нэгэнт аварсан юм чинь гээд эмнэлгийн бүхий л асуудлыг шийддэг. Үрчлүүлж байгаа хүмүүс буцааж гаргахгүй юм болов уу л гэж боддог доо. Хүмүүс бэлэн юманд дуртай болчихсон.
Спей болон бусад вакцин хоол унднаас эхлээд гарч байгаа урсгал зардлаа цэвэр цалингаасаа л болгодог. Мөн Солонгост байдаг н.Урнаа гэдэг охин тусалдаг. Өөрөө гэртээ гурван мууртай. Зарим хүмүүс хоол элсээр тусална. Гэвч хүмүүс олон дахин тусалж чадахгүй учир өөрөө л болгодог. Аль чанартай сайн гэсэн хоол авч өгөхийг хичээнэ. Вакцин л гэхэд 55 мянга, спей нь 140 мянга гэдэг юм байна лээ. Гэхдээ "Азтай савар"-т хандаад муур олсон юм аа гээд хөнгөлүүлэх боломж бий. Муурны группийн хүмүүс үнэхээр сайхан сэтгэлтэй. Ийм тийм юм байна уу очоод авъя гэхээр гаргаад л өгдөг. Саяхнаас машинтай болсон учраас илүү амар байгаа.
Одоо бол өөртөө гэхээсээ илүү муурандаа л тоглоом хувцас авдаг. Гэрээр дүүрэн л байна. Би яах вэ тэд минь л гэж боддог.
Муурны асрамжийн газартай болох юм сан гэж мөрөөддөг. Удахгүй биелэх байх аа. Байрныхаа B1 давхарт 40м квадрат авчихсан байхад болно доо. Гол нь эрүүл мэндийн талаас нь бодолцож шийдвэрлэх хэрэгтэй. Зарцуулж байгаа мөнгө төгрөгөө хөнгөхөн бодоход зүгээр байдаг. Яана аа би ийм мөнгө зарцуулчихлаа гээд татганаад байж болохгүй шүү дээ гэх. Үнэхээр л сэтгэл зүрх бүх зүйлээ “хаягдаж” хоцорсон тэдний төлөө зориулах аж.
Одоо энэ хөөрхөн амьтдаа хараад өмнө нь яагаад аварч байгаагүй юм бол оо гэж бодогддог.
Нэг хэсэг нь тэдний төлөө хичээж байхад нөгөө хэсэг нь гудамжны нохой муур ихэслээ гээд устгуулж байх. Бид хэчнээн харгис хэрцгий вэ? Хайрлаж чадахгүй бол бороотойд ч цастайд өвөл ч зун ч тэдэнд хал бүү үзүүлээч.
Нэргүй 2024-09-18 202.131.234.123
хөдөө дагуулж үлийн цагаан огтоно бариулж сурга. шонхор албанд мордож үлийн цагаан буцалж байдаг
Иргэн 2024-09-18 103.212.118.136
Өрөвдмөөр ш дээ хүний гар харж байгаа амьтад. Манайх 2 хөөрхөн муурны зулзагатай байсан даанч парогаар үхчихсэн.
Нэргүй 2024-09-18 202.55.188.119
😢
Cmxdknd 2024-09-18 202.9.40.143
Халх гэж хашиграгчдын цаана манж х***а хог бадгийн нүүдэлчид халх гэж байхгүй зохимол үг манж зохиол манж үг.