Вьентам, Лаос, Тайланд, Хятадын газар нутгийг өнгөрсөн долоо хоногт дайрсан "Яги" хар салхи Мьянмарт ч бас хүрчээ. Хар салхины дараа их хэмжээний бороо орон үерлэж, хөрсний гулгалт үүссэн учир 226 хүн нас барж, 77 хүн сураггүй болов. Мөн 630 мянга орчим хүнд тусламж хэрэгтэй байгааг НҮБ санууллаа. Алслагдсан бүс нутагт харилцаа холбоо муу байгаа учир амь үрэгдэгсдийн тоо дахин нэмэгдэх магадлалтай.
Зөвхөн Мьянмар гэлтгүй олон улсад "Яги" хар салхинаас болж нас барагсдын тоо 500 хүрчээ.
260 мянга орчим га будааны талбай болон бусад үр тариа үерийн улмаас сүйдсэн байна. Мөн 150 мянга гаруй байшин үерт автсаныг "Global New Light of Myanmar" хэвлэл мэдээлжээ. Гэр байшин нь үерт автсан хүмүүст зориулж 400 гаруй тусламжийн хуаран нээжээ.
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдээлснээр энэ үер нь Мьянмарт сүүлийн үед тохиогоогүй хамгийн аймшигтай үер аж. 2011, 2015 онд тус улсад хүчтэй үер болоход нийтдээ 100 гаруй хүн нас барж байсан. Харин 2008 онд "Наргис" хар салхины улмаас 138 мянган хүн амь үрэгдэж, сураггүй болжээ.
Мьянмарын цэргийн хунта өнгөрсөн амралтын өдрүүдэд гадаадын улсуудаас тусламж хүссэн нь ховор тохиолдол байв. Хөрш Энэтхэг улс тэдний хүсэлтэд хариу болгон хоол хүнс, хувцас, эм зэрэг 10 тонн тусламж илгээжээ. Мьянмарын арми сүүлийн жилүүдэд гадаадаас ирэх хүмүүнлэгийн тусламжид хаалт тавих болсон. Өнгөрсөн жил л гэхэд "Моча" хар салхины дараа сая орчим хүнд туслах гэсэн тусламж бүлгүүдийн аяллын зөвшөөрлийг түдгэлзүүлжээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
Зочин 2024-09-17 202.131.228.20
Хунт гэдэг чинь төрийн эрхийг барьж буй цэргийн дэглэмийг хэлдэг биз дээ? Дээр үед бол хунтийн дэглэм гэж ярьдаг байсан. Харин Хунта гэдэггүй л байсан даа