Төв Европт хүчтэй аадар бороо орсны улмаас тус бүс нутагт үхлийн аюултай үер болж, Даваа гаригт Польшид дөрөв, Чехэд гурав, Румынд нэг хүн амиа алдсан байна.
Үерийн улмаас Австри, Чех, Польш, Румыны зарим хэсгийн хот, суурин усанд автсан бөгөөд долоо хоногийн сүүлээр Словак, Унгарт мөн адил гамшиг тохиож магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Одоогоор Румынд долоо, Польшид тав, Чехэд гурав, Австрид нэг хүн зэрэг нийт 16 хүн амь үрэгджээ. Польшийн ерөнхий сайд Дональд Туск яаралтай хурал хийж, үерт авсан бүс нутгийн иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх үүрэг өгсөн.
Тэрбээр мөн засгийн газраас нэн даруй 258 мянган ам.доллар гаргаж, хохирогчдод олгох болсон талаар мэдэгдсэн байна.
Польшид болж буй үерийн улмаас голын ус далан давсан эсвэл далан эвдэрсэн асуудал гарч, үерийн усаар хог, шавхаа зэрэг тархаж байгаа аж. Энэ нь тус улсын баруун өмнөд хэсгийн Ниса хотын эмнэлгээс 40 орчим өвчтөнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн байна. Гамшигт нэрвэгдсэн газруудын сургууль, албан газруудыг хаасан бөгөөд ундны ус, хоол хүнсийг ачааны машинаар хохирогчдод хүргэж байна. Варшав зэрэг Польшийн олон хотуудын захиргаа үерийн гамшигт нэрвэгдэгсдэд хоол хүнс хандивлахыг уриалжээ.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Нэргүй 2024-09-17 66.181.160.121
Хүн төрөлхтний тэнэглэл туйлдаа хүрсэнд байгаль дэлхий хүртэл хилэгнэн цээрлүүлж байгаа нь энэ!!!