Дэлхийн хөгжил дэвшлээс Монгол Улс алсарч байгаа нь үнэн боловч түүнийг нь хүлээн зөвшөөрдөг хүлцэнгүй тэнэгүүд баймааргүй байна. Заримдаа яг ижилхэн гараанаас гарч яг ижилхэн цаг хугацаа туулсан хэрнээ айлын хөгжил тасарч, манай хөгжил алсарсан тухай бид бас бодолцмоор, эргэцүүлмээр…Ганцхан жишээ татахад эрчим хүчний хараат байдлаас салж, дотоодынхоо хэрэглээг 100 хувь хангадаг болох талаар олон жил ярьлаа. Сүүлдээ энэ төрлийн яриа итгэл үнэмшил төрүүлэхээ ч больлоо.
АРВАН ЖИЛИЙН ӨМНӨХ ҮЛГЭР
Тухайлбал, одоогоос 11 жилийн өмнө тухайн үед Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпил эрчим хүчний үйлдвэрлэлээр урт хугацаанд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж, улмаар экспортлогч орон болох стратегийн зорилттой ажиллаж байгаа талаар мэдээлэл хийсэн байна. Тэрбээр,Монгол улс өнгөрсөн 2012 онд 4,8 сая квт.цаг буюу эрчим хүчнийхээ нийт хэрэгцээний 90 гаруй хувийг үйлдвэрлэжээ.Харин 7,6 хувийг импортоор авсан байна. Усан цахилгаан станц, нар салхины станцын үйлдвэрлэл 2 орчим хувийг эзэлж байна. тиймээс импорт авч байгаа эрчим хүчний хэрэглээг бууруулахын тулд IV ДЦС-ын 100, III ДЦС-ын 50 МВт-ын өргөтгөл, “Амгалан“ дулааны станц, 450 МВт-ын V цахилгаан станцын ажлыг эхлүүлээд байна. Салхитын цахилгаан станц энэ онд ашиглалтад орно. Оюутолгойн уурхайд эрчим хүч нийлүүлэх боломжтой 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Тавантолгойн уурхайг түшиглэн байгуулах бөгөөд Чингис бондын хөрөнгөөс 50 сая ам.доллар зарцуулахаар болсон. Эдгээр төсөл хөтөлбөрийн үр дүн 2014 оноос гарч эхэлнэ. Ингэснээр дотоодын хэрэгцээгээ доголдолгүй хангаж чадна” гэж мэдэгдсэн нь хэвлэлийн хуудсанд түүх болон тэмдэглэгдэн үлджээ.
Тэгвэл өнгөрсөн 11 жилийн хугацаанд Эрчим хүчний сайд асан М.Сонопилийн ярианд дурдагдсан төсөл хөтөлбөр, зорилтуудаас хэрэгжээгүй нь хэрэгжсэнээсээ олон байна. Улаанбаатар хотыг дулаан, төвийн бүсийг цахилгаан эрчим хүчээр хангадаг Дулааны II-р цахилгаан станцын ашиглалтын хугацаа дуусч, ДЦС-3, ДЦС-4-ийн насжилт 35-40 жилд хүрээд байгаа нь эдгээр эх үүсвэрүүдийн найдвартай байдал алдагдаж, тоноглолын үйл ажиллагаа ихээхэн доголдоход хүргэсэн. Анх 2011 оноос эхэлж дулааны V станцыг барьж ашиглалтад оруулах талаар ярьж эхэлсэн. Өнөөдөр ч ярьсаар л байна. Арга ядахдаа эрчим хүчний салбарынхан тэвчээрийн хязгаар тасарлаа гэж тэнхээ мэдээ хашхирсан ч шийдвэр гаргачидын сонирхлыг татаагүй.
Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчнийхээ эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авахгүй байсаар хэрэглээгээ хязгаарлуулж, улсаараа лаа шүдэнз барих эрсдэл одоо ч аюулын харанга дэлдэж байна.
Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 2023 оны байдлаар 11 тэрбум кВт.ц байсан. Үүний 77.7 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 22.3 хувийг импортоор худалдаж авсан байна. Өөрөөр хэлбэл, өмнөх 2022 оноосоо хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээ 6.1 хувиар, дулааны хэрэглээ гурван хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт аж. Улсын хэмжээнд ОХУ-аас 938 сая кВт.ц, БНХАУ-аас 1.5 тэрбум кВт.ц нийт 2.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг худалдан авсан. Импортын цахилгааны төлбөрт 2023 онд 197 сая ам.доллар буюу 678 тэрбум төгрөгийн төлбөр төлсөн байна. Өнөөдрийн байдлаар нийт 19 эрчим хүчний үйлдвэрлэгчид (дулааны цахилгаан станц, нарны болон салхин цахилгаан станц) ажиллаж байгаа боловч худалч хүнд 40 жил ажиллаж байгаа ДЦС-4 ХК дангаараа нийт цахилгаан эрчим хүчний 60 гаруй хувийг үйлдвэрлэн нийлүүлж буй.
ҮЛГЭР ҮРГЭЛЖИЛСЭЭР…
Тэгвэл УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын хатавчинд нь багтсан ХҮН намын дарга, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд хэдэн долоо хоногийн өмнө Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа, Монгол Улсын эрчим хүчний нөөц маш их. Маш том газар нутагтай, газар доорх эрчим хүчний эх үүсвэр өндөртэйгөөс гадна газар дээрх нар, салхи зэрэг байгалийн ногоон эх үүсвэр хангалттай бий. Монгол Улс эрчим хүч экспортлогч улс байж чадна. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа компаниудыг нээлттэй, олон нийтийн компани болгоно. Салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үнэ тарифын шилжилтийг хийнэ. Монгол Улсад ОХУ, БНХАУ-тай харьцуулахад эрчим хүчний тариф маш бага. Учир нь эрчим хүчний салбар төсвөөс байнгын татаас авч алдаглаа нөхдөг. Тиймээс энэ салбарт хөрөнгө оруулалт хийгддэггүй. Энэ алдааг засаж залруулаад явбал ирэх жилээс нийлүүлэлт нэмэгдээд 2026 он гэхэд 100 хувь дотоодынх хэрэглээгээ хангах боломжтой” гэв. Үнэндээ хоёр жилийн дотор Монгол Улс эрчим хүчнийхээ дотоодын хэрэглээг 100 хувь хангаж, цаашлаад эрчим хүчээ экспортлох боломжтой гэдэг бол хэн бүхэн мэддэг төгсгөл нь гунигтай үлгэр. Тийм нөөц боломж Монголд байхгүй. Өнгөрсөн 10 гаруй жилийн турш ярьсан уг үлгэрт итгээд дуг нойрондоо дугжирах хүн одоо байхгүй. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1584 МВт байдаг. Үүнээс 81 хувь нь дулааны цахилгаан станц, 19 хувь нь сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр эзэлж байна. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2023 онд 1636 МВт хүрч 11 хувиар өссөн байна. Үгүй ядахдаа сэргээгдэх эрчим хүчнийхээ эх үүсвэрийг сэргээчихээд, Эгийн гол, Эрдэнэбүрэн УЦС-ын төслүүдээ урагшлуулчихаад улайхгүй худлаа ярьдаг баймаар байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад тав дахь удаагаа айлчилсан айлчлалын үеэрээ дээрх төслүүдийг хэрэгжүүлэх талаар “тохиролцоно, ярилцана, судлана” гэхээс өөр олигтой хариу өгөлгүй байсаар өнөөдрийг хүрч байна.
МОНГОЛЫН ҮЛГЭР ДЭЛХИЙД АЖИЛ ХЭРЭГ БОЛОВ
Гэтэл хоёр зууны тэртээ аж үйлдвэрийн хувьсгалыг манлайлж байсан Их Британи улс Монгол Улсыг нүүрсээр ажилладаг цахилгаан станцын тоогоо ганц нэгээр нь нэмэх гэж мунгинаж байхад нүүрсээр ажилладаг хамгийн сүүлийн цахилгаан станцаа энэ сарын сүүлээр хаах тухайгаа дэлхий нийтэд зарлалаа. Ингээд бодохоор XXI зууны хөгжил дэвшилээс хол хоцрогдсон өөрсдийнхөө байгаа царайнаас ичих шиг. Тус улс нүүрсний цахилгаан станцаас бүрэн татгалзах төлөвлөгөөгөө 2015 оны арваннэгдүгээр сард анх зарласан байдаг. Тухайлбал, тухайн үед Парист уур амьсгалын асуудлаар болсон НҮБ-ын дээд хэмжээний уулзалт эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө Британий эрчим хүчний сайд хатагтай Эмбер Радд, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг 10 жилийн дотор хааж, хийн турбинт станцуудаар солих болно гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл түүний амлалт хэлсэн хугацаанаасаа даруй нэг жилийн өмнө биеллээ олж байна. Их Британи улс 1990-ээд онд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 80 орчим хувийг нүүрснээс гарган авч байсан бол 2023 онд энэ үзүүлэлтийг нэг хувь болтол бууруулж чадсан байна. Тус улс нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 34.7 хувийг хийн цахилгаан станцуудаас, нар болон цахилгаан үүсгүүрүүдээс 32.8 хувийг гаргаж авч байгаа бол 13.8 хувийг нь атомын цахилгаан станц эзэлж байна. Улмаар Их Британи улс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлдээ нүүрс ашиглахаа больсон долоогийн бүлгийн анхны улс болж болох нь. Их Британи улсын араас нүүрсээр ажилладаг станцуудынхаа үйл ажиллагааг бүрэн зогсоох зорилт тавин ажиллаж байгаа улс орон олон байна. Тухайлбал, Итали улс 2025 оны сүүлээр, Канад 2030 онд, Герман улс 2038 онд нүүрсээр ажилладаг станцуудаа хаахаар төлөвлөсөн байна.
ӨГСӨН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ БАЙГААГ НЭХЭН САНУУЛЪЯ
Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ, тариф бодит өртөгтөө хүрэхгүй байгаагаас эрчим хүчний салбар 2024 онд 274 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах төлөвтэй байна. Мөн төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж байгаа гурван нүүрсний уурхайн алдагдал 81 тэрбум төгрөгт байхаар байна. Дэлхий нүүрснээс татгалзах гэж, Монголчууд нүүрсээр ажилладаг станцтай болох гэж махаа зулгааж байна. Эцэст нь, Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Парисын хэлэлцээрт нэгдэн орж, 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийг 74.2 сая тонноос 22.7 хувиар буюу 16.9 сая тонн болгож бууруулах зорилтыг тавьсан. Үүний 66.7 хувь буюу 11.3 сая тонн хүлэмжийн хийг эрчим хүчний салбар бууруулах амлалт хүлээж буй. "Алсын хараа-2050" хөтөлбөрийн 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлыг 30 хувьд хүргэх, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргийнхээ биелэлтийг хангахын тулд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, гэр хорооллыг төвлөрсөн, хэсэгчилсэн болон бие даасан инженерийн шугам сүлжээний хангамжид холбон сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар тусгасан. Мөн Шинэ сэргэлтийн бодлогод сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэн усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангана гэж заасан байдаг тул нар, салхи, усан цахилгаан станцыг үе шаттайгаар ашиглалтад оруулж олон улсын өмнө өгсөн амлалтаа биелүүлэх үүрэг, хариуцлага хүлээж байгааг нэхэн сануулъя.
3,569.17

















































Холбоотой мэдээ