"Үе тэнгийн дээрэлхэл, дарамт үзүүлсэн хүүхдийг цахим хувийн хэрэгт бүртгэнэ"

"Үе тэнгийн дээрэлхэл, дарамт үзүүлсэн хүүхдийг цахим хувийн хэрэгт бүртгэнэ"

"Үе тэнгийн дээрэлхэл, дарамт үзүүлсэн хүүхдийг цахим хувийн хэрэгт бүртгэнэ"

УИХ-аас Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталснаар  2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй. Уг хуульд туссан онцлох заалтуудын талаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх “Үжин төв”-ийн үүсгэн байгуулагч, зөвлөх Д.Ундраатай ярилцлаа.


-Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Хуулийг  хэрэгжүүлэх, сурталчлан таниулах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Нийгэм, юмс бүхэн хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед үүнийг дагаад Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай болсон. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэл, цахим гэмт хэрэгт маш их өртөж байна. Эдгээр асуудлуудыг хуульчлах шаардлага үүссэн учир шинэ хуульд тусгаж өгсөн. 2020 онд тус хуулийг шинэчлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Ингэснээр гурван жилийн хугацаанд бүх салбарын хүмүүсийг татан оролцуулж, олон талын судалгаа хийж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсны үндсэн дээр Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн найруулж, УИХ-аас 2024 оны нэгдүгээр сарын 17-нд баталсан.  Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүний эрхийн үндэсний комиссын дэргэдэх иргэний нийгмийн зөвлөлөөс Хүүхэд хамгааллын тухай хуулийг бүхий л салбаруудад сурталчлан таниулах ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Хамгийн сүүлд Дорнод аймагт энэ чиглэлээр ажилласан.

-Эцэг эхчүүд хуулиа төдийлөн мэддэггүй. Эцэг эх, асран хамгаалагчид тус хуулийг таниулах тал дээр ямар ажил хийж байна вэ?

-Хүүхэд хамгааллын шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу өнгөрсөн хавар  бүсчлээд, орон нутгуудад сургалт зохион байгуулсан. Тодруулбал,  Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд сурталчлан таниулах төрийн алба хаагчдад сургалт орсон.  Ерөнхийдөө төрийн байгууллагууд шинэ хуулийг сурталчлах ажлыг дор бүрнээ хийж эхэлсэн. Боловсролын болон гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгааллын тухай шинэ хуулийн өөрчлөлтийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг багууд  суралцагчдын эцэг, эх, асран хамгаалагчид сурталчлах арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэж байна.

Эцэг, эх, асран хамгаалагчид Хүүхэд хамгааллын шинэ хуулийг өөрсдөө бас сайн судалж үзэх хэрэгтэй.

Интернэт орчинд бүх мэдээлэл бий. Иргэн бүр хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ээлтэй орчныг бүрдүүлэх тал дээр  анхаарал хандуулах шаардлагатай.

-Хүүхэд хүчирхийлэлд өртөж буй талаар сүүлийн үеийн тоон мэдээлэл бий юу. Зарим эцэг, эхчүүд хүүхдэдээ тун хайхрамжгүй хандах тохиолдлууд их гарч байна. Энэ тохиолдолд эцэг, эхэд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-2023 оны байдлаар, Хүүхдийн тусламжийн 108 төв, цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээллээс харахад хүүхдийн хүчирхийлэл, үл хайхарснаас үүдэн гарч байгаа гэмт хэрэг  50 хувь өссөн байна. Жилдээ 35-40 мянган хүүхэд гэр бүлийн хүрээнд ахуйн осолд өртөж байна гэсэн судалгаа бий.  Тухайлбал, хүүхдийн 100 мянган төгрөгийг хүүхдэд зориулахгүй эцэг, эхчүүд  авч архидан согтуурдаг асуудал зөндөө байгаа. Мөн насанд хүрээгүй ах, эгчтэй нь хамт дүү нарыг нь гэртээ үлдээдэг. Ингэснээр хүүхдүүд ахуйн осолд их өртөж байна. Хүүхэд хамгааллын шинэ хуульд хүүхэд гэртээ түлэгдээд юм уу, унаж бэртсэн тохиолдолд анхны тусламж үзүүлж буй эмч цагдаагийн байгууллага болон тухайн хорооныхоо хүүхэд хамгааллын багт шууд мэдэгддэг болсон. Уг үйлдлээ удаа дараа давтсан хариуцлагагүй асран хамгаалагчийг Эрүүгийн хуулиар эсвэл Зөрчлийн тухай хуулиар шийтгэх зохицуулалт байна.

Үл хайхрах хүчирхийлэл гэдэг нь эцэг эх, асран хамгаалагчид  өөрийн асран халамжлах хүүхдийнхээ суурь хэрэгцээг гачигдуулсны улмаас хүүхдэд гэм хор учруулсан, эсхүл учруулахаар завдсан үйлдлийг хэлнэ.

Хүүхдэд өгөх ёстой хайр энэрэл, орон байр, боловсрол, хувцас хунар гэх мэт хэрэгтэй зүйлсээр нь гачигдуулах, наад захын хэрэгцээгээр хангахгүй байна гэсэн үг.

Өмнө нь дээрх үйлдлийг зөрчлийн тухай хуулийн 6.20-д заасан “Хүүхдийн биед халдсан, үл хайхарсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, хүчирхийлэл үйлдсэн бол зөрчлийн тухай хуулиар 300 нэгжээр буюу 300 мянган төгрөгөөр торгодог” байсан. Шинэчилсэн хуульд үл хайхрах хүчирхийллийг хуульчилж баталж өгсөнтэй холбогдуулан зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулсан. Хүчирхийлэл үйлдэгдэж байгаа хэлбэр түүнээс үүссэн эрсдэл нөхцөл байдал хохирлын хэмжээг харгалзан, хүлээлгэх хариуцлага өөр өөр байдаг. Мөн хүүхдийн биед халдсан тохиолдолд хүүхдийн биед учирсан гэмтлийн зэргээс шалтгаална. Энэ нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн зэрэгт хамаарч байвал эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй тохиолдолд зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэдэг.

 Мөн асран хамгаалагчид хүүхдээ  хаана, юу хийж хэнтэй нөхөрлөж байгааг нь төдийлөн анзаарахгүй байгаагаас үүдэж насанд хүрээгүй охидын төрөлт нэмэгдэж байна. Бас насанд хүрээгүй охидын үр хөндөлтийн асуудал. Насанд хүрээгүй охидын төрөлт, үр хөндөлт монголын нийгэмд тулгамдаж буй  эмзэг асуудлын нэг болоод байна.

Жилд 10-13 насны 40 гаруй охин, 13-17 насны 2400 орчим хүүхэд төрж байна.

Энэ бол зөвхөн улсын эмнэлэгт төрсөн охидын тоо. Үүний цаана хувийн эмнэлэгт төрсөн, үр хөндүүлсэн хэчнээн охид байгааг мэдэхгүй. Эдгээрийн дийлэнх нь бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс үүдэлтэй. Жил ирэх тусам 10-15 насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байна. 2016 онд 100 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл бий. Тэгвэл 2023 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 400 гаруй хүүхэд байна гэсэн судалгаа байна. Уг асуудлыг бүх нийтээрээ анхааралдаа авах шаардлагатай.

-Хүүхэд хамгааллын тухай хуульд туссан онцлох заалтуудаас дурдвал? 

-Өмнө нь хэрэгжиж байсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль болон бусад Эрүүгийн, Зөрчлийн тухай хуульд  үл хайхрах хүчирхийллийн тодорхойлолт, хуулийн тайлбар огт ороогүй байсан. Тэгвэл шинэ хуульд үл хайхрах хүчирхийллийг тодорхойлж өгсөн. Тодруулбал, хүүхдээ үл хайхарч амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой зааж өгсөн.

 Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22 дугаар зүйл заалтад гэр бүлийн орчинд эцэг эх, харгалзан дэмжигчийн үүргийг заасан байгаа.

Мөн Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд үл хайхрах хүчирхийллийн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эдийн засаг, бусад зүйлд хохирол учруулсан тохиолдолд гэмт хэргийн шинжтэй бол Эрүүгийн хуулиар, зөрчлийн шинжтэй бол Зөрчлийн тухай хуулийн 6.20 гэсэн заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж маш тодорхой зааж өгсөн.

Мөн хуульд гамшиг онцгой байдлын үед, гамшгийн онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдэд, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг хэрхэн яаж үзүүлэхийг маш тодорхой тусгаж  өгсөн.

Бид өмнө нь 2020, 2021 онд буюу цар тахлын үед хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэхэд нэлээд хүндрэлтэй байсан. Гамшиг онцгой байдлын үед хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг хэрхэн үзүүлэх чиглэлд тухайн үед төр, хувийн хэвшил бүгд тэвдсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч хүүхдийн асуудлыг тусгасан. Өмнө нь гэмт хэргийн хохирогч болсон гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд хариу үйлчилгээ үзүүлэх төлөвлөн зохион байгуулж ажиллах ёстой аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан хууль зүйн хороо ажлаа сайн хийхгүй, үйл ажиллагаа нь тодорхойгүй байлаа. Энэ удаад хууль зүйн хорооны үйл ажиллагааг тодорхой болгож өгсөн. Хэрвээ хууль зүйн хорооны гишүүд ажлаа сайн хийгээгүй хүүхэд аюулд өртвөл сахилгын шийтгэл ногдуулдах зүйл заалт орсон.

Мөн аж ахуй нэгж байгууллагууд цалингийн нэг хувийг  хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, гэр бүл хүүхдийг дэмжих үйл ажиллагаанд  зарцуулахаар хуульчлаад байна.

Засгийн газрын гишүүд салбарын эрх зүйн хүрээнд хүүхэд хамгааллын аливаа төрлийн чиглэлээр бодлого барихдаа жил бүр төсөв санхүүг тусгахыг зааж өгсөн. Мөн Засаг дарга нарыг хүүхэд хамгааллын чиглэлд нэлээд анхаарч ажиллах эрх үүргийг тусгаж өгсөн байгаа. Мөн орон нутаг, нийслэлийн хөгжлийн хөтөлбөрүүдэд  хүүхдийн эрхийн асуудал, хүүхдэд ээлтэй, аюулгүй сурч хөгжих эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх  хэрэгцээ үүссэн. Үүн дээр Хүний эрхийн үндэсний комисс хяналт тавина. Тендерт оролцож буй аж ахуй нэгж байгууллагууд хүүхэд хамгааллын бодлоготой болж байгаа. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүүхэд хамгааллын тухай бодлого тусгаагүй байгууллага худалдан авах ажиллагаанд оролцох эрхгүй болсон.

Тодруулбал, бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй газрууд хэрхэн хүүхдэд ээлтэй байхаар бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн, барилгын компаниуд хүүхэд аюулгүй тоглож наадах орчныг бүрдүүлэх/цэцэрлэг, сургууль/ гээд олон зүйл заалтуудыг тусгаж өгснөөрөө онцлог.

-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд эцэг эхэд хүлээлгэх хариуцлагын тухай байгаагүй юу?

-Өмнөх эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд эцэг эхэд хүлээлгэх хариуцлагын  заалт байсан. Харин яг ямар тохиолдолд Эрүүгийн хуулиар, ямар үед Зөрчлийн тухай хуулиар шийтгэх вэ гэдэг тодорхойлолт нь хүүхэд хамгааллын тухай хуульд нь байгаагүй. Тодруулбал, Хүүхэд хамгааллын тухай хуучин хуульд үл хайхрах хүчирхийлэл болон үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн хүүхдэд тухайн хүүхдийн эцэг эхэд хүлээлгэх хариуцлагыг томъёолж өгөөгүй байсан. Харин шинэ хуульд тодорхой томъёолж өгснөөр энэ чиглэлээр ажилладаг боловсролын байгууллага болон хүүхдийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажилладаг багуудад илүү ойлгомжтой болсон.

Хүүхэд хамгааллын шинэ хууль хэрэгжиж эхэлснээр дагалдах хуулиудад шинэ журам батлагдаад явна. Мөн өмнөх Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгддэг орчныг зургаан орчноор хуульчилсан байсан. Шинэ хуульд найман орчны хүрээнд хуульчилсан.

-Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгддэг  орчныг найм болгож нэмсэн гэлээ.  Тодорхой дурдаж өгөхгүй юу?

-Гэр бүл болон боловсролын орчинд, хэвлэл мэдээлэл болон цахим орчинд,  Соёл, спортын үйл ажиллагааны хүрээнд мөн Олон нийтийн арга хэмжээ үйлчилгээнд. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал мөн гамшиг, гамшгийн онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал зэрэг найман орчин болгож хуульчилсан.

-Аймаг, сум, хороодод хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг нийгмийн ажилтан байдаг уу. Эдгээр чиглэлийн хүний нөөц хэр байгаа вэ?

-Сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулах шаардлагатай. Нийгмийн ажлын мэргэжлийн боловсон хүчний чадавхтай байх нь хүүхэд хамгааллын кейс менежментийн үр дүнд чухал нөлөөтэй. Нийслэлд 387 нийгмийн ажилтан, орон нутагт 592 нийгмийн ажилтны хүний нөөц хэрэгтэй байна. Нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага, арга зүй, мэдээллийн сан, хяналт хариуцлагын тогтолцоог тодорхойлж  нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх тогтолцоог бий болгох шаардлагатай байна.

Сүүлийн жилүүдэд үд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд үе тэнгийн дээрэлхэл, дарамт ихэссэн. Шинэ хуульд тусгаснаар үүн дээр ямар хариу арга хэмжээ авах вэ?

-Боловсролын орчин дах хүүхэд хамгаалалд энэ асуудлыг тусгаж өгсөн. Үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн хүүхдэд зөвлөгөө өгөх, уучлалт гуйлгах, сэтгэл зүйн зан үйлийг засах сургалтад эцэг эхийн хамт суулгах шинэлэг заалт бий. Удаа дараа үе тэнгийн дээрэлхэл, дарамт үзүүлсэн хүүхдийг цахим хувийн хэрэгт бүртгэдэг болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-17 66.181.189.185

Зөв цаашид хүний эрх ярихаас илүүтэй нийгэмд хэрхэн биеэ зөв авч явахаас шалтгаалахыг нь зааж өгөх нь зүйтэй

Avatar

нэргүй 2024-09-17 139.5.219.167

тэгээд олны өмнө томчуулыг нь бол баалдаг байх хэрэгтэй багийнх нь хүүхэд гэр бүл хариуцсан цагдаа хуульч нь бүртгэдэг байх хэрэгтэй

Avatar

нэргүй бас нэр минь нэргүй 2024-09-17 139.5.219.167

ганц хүүхэд дээрч биш хэдэн насандч бай цахим хувийн хэрэгт нь бүртгэдэг хариуцлага тооцдог баймаар
даа Монгол улсад

Avatar

Нэргүй 2024-09-17 66.181.180.121

Муу муудаа дээрэлхүү, муна гадсанд дээрэлхүү.

Avatar

Нэргүй 2024-09-17 202.179.27.231

mash sain baina. Tegeh heregtei. HEDIIN TOONUUD BOL MUU ZULBASGUUD

Avatar

Нэргүй 2024-09-17 103.212.116.254

Ялангуяа охид их муухай болж бнаа. Яаж хүн шиг амьдранаа. Хэдэн жилийн өмнө 48 дугаар сургуулийн аймаар охид нэгнийгээ маш хэрцгийгээр дарамталсан байдаг!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж