Улсын харцага Г.Ганхуяг дэлхийн аваргад барилдана

Хуучирсан мэдээ: 2024.09.17-нд нийтлэгдсэн

Улсын харцага Г.Ганхуяг дэлхийн аваргад барилдана

Улсын харцага Г.Ганхуяг дэлхийн аваргад барилдана

Энэ жилийн наадмаар допинггүй наадаж чадаагүй. 512 бөхийн дотроос дөрөв нь шинжилгээнд бүдэрч, сорьцоос нь хориотой бодис илэрсэн. Тодруулбал, улсын харцага Г.Ганхуяг, аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нар допингтой бөхчүүд болж таарав. Гэхдээ нэг эргэлзээтэй зүйл гарч ирсэн нь улсын харцага Г.Ганхуягийн сорьцоос илэрсэн бодис зөвшөөрөгдөх эсэхийг тодруулна гэсэн.

Үндэсний бөхийн салбар хорооны үр дүнгийн удирдлагын багийн мэдэгдэлд "Улсын харцага Г.Ганхуягаас хэвийн бус шинжилгээний илэрц тогтоогдсон хариу ирээд байна. Хэвийн бус гэх бодисын илэрцийн зөвшөөрөгдсөн хэмжээ нь жингийн ангилалтай спортын төрөл болон Дэлхийн допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй бөхийн спортын төрөлд зөвшөөрөгддөггүй байна. Харин жингийн ангилалгүй үндэсний бөхийн барилдааны төрөлд зөвшөөрөгдөх эсэх талаар үр дүнгийн удирдлагын багаас Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Дрездены Спортын анализ болон спортын биохимийн институтээс нэмэлт тодруулга хүссэн" гэх аж.

Үүнээс хойш үндэсний бөхийн салбар хорооны үр дүнгийн удирдлагын баг дахин мэдэгдэл гаргаж, мэдээлэл хийсэнгүй. Угтаа дүрмэндээ ил тод зарлаж, гарсан шийдвэрээ олон нийтэд танилцуулна гэх заалттай. Одоог хүртэл нам жим байгаа нь бөх сонирхогчдын анхаарлыг татаж, хардлага төрүүлнэ.

Нөгөө талдаа улсын харцага Г.Ганхуяг олимпийн бус жингийн чөлөөт бөхийн дэлхийн аваргад оролцохоор болжээ. Ирэх аравдугаар сарын 28-наас 31-ний өдрүүдэд Албани улсын Тирана хотод тус тэмцээн болох бөгөөд тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн найман тамирчин өрсөлдөнө. Сорил тэмцээн өчигдөр/2024.09.16/ болсон бөгөөд Г.Ганхуяг 92 кг-д түрүүлжээ.

Сүүлд Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан мэдэгдэлд нэр бүхий бөхчүүдэд хариуцлага тооцсон. Тус мэдэгдэлд "Улсын харцага Г.Ганхуяг нь Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан боловч наадмын барилдааныг дуусгаагүй нь түүхт ойн наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон, наадмыг зохион байгуулагчдыг илтэд үл хүндэтгэсэн болохыг, түүнээс шалтгаалан наадам саатсан байх тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Г.Ганхуягийг 3 сарын хугацаанд үндэсний бөхийн бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай" гэжээ.

Ямартай ч улсын харцага Г.Ганхуяг допингийн шинжилгээнд бүдэрсэн ч үүндээ хариуцлага хүлээсэнгүй. Харин ёс зүйн зөрчил гаргасан гэдэг шалтгаанаар гурван сараар барилдах эрхээ хасуулжээ. Гэхдээ чөлөөт бөхөөр олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн барилдана гэхээр бөх сонирхогчдын гайхшрал төрж байх шиг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж