Манай өнөөдрийн зочноор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх Ч.Батзориг оролцлоо.


Түүний хувьд 13 жил эрчим хүчний салбарт ажилласан туршлагатай бөгөөд өдгөө нийслэл Улаанбаатар хотод хийгдэж буй томоохон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байна. Тухайлбал, эрчим хүчний салбарт ажиллаж байхдаа Улаанбаатар-Мандалговийн чиглэлийн 250 км урттай, 330 кВ-ын габриттай хоёр хэлхээ цахилгаан дамжуулах агаарын шугам болон Оюу толгой, Мандалговь, Таван толгойн дэд станц барих төслийг удирдан ажиллаж, үр дүнд нь Оюу толгой, Цагаан суварга, Таван толгойн уурхайн цахилгааныг дотоодын төвийн эрчим хүчнээс хангаж буй.
Үүний зэрэгцээ тэрээр Таван шарын нүхэн гарц барих ажлыг эхлүүлсэн бөгөөд тус замын хөдөлгөөн өчигдөр буюу есдүгээр сарын 14-ний өдөр албан ёсоор нээгдсэн юм.
Ингээд түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.

Байршил: Яармагийн Нутгийн захиргааны ордон
Эрхэлдэг ажил: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх
Хэрэглэдэг гар утас: iPhone 13
Хэрэглэдэг компьютер: Microsoft Surface

1. ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ЗАМНАЛААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би таван хүүхэдтэй айлын том хүүхэд. Миний аав инженер, ээж маань эмч мэргэжилтэй. Сэхээтэн айлд төрж, өссөн учраас багаасаа монгол хэл, уран зохиол, нийгмийн ухааны хичээлүүддээ их дуртай, энэ чиглэлд илүү сонирхолтой хүүхэд байсан. Тиймдээ ч багшийнхаа зөвлөснөөр наймдугаар ангид байхдаа эрхзүйч мэргэжлийг сонгож, “нийгмийн инженер” болох сонголтыг хийж байв. Ингээд 2001 онд одоогийн Улаанбаатар Эрдэм Их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн.

Ажлын гараагаа Эрчим хүчний удирдах газарт хууль зүйн мэргэжилтнээр эхэлж, ахлах мэргэжилтэн, захиргааны хэлтсийн дарга, газрын дарга, олон улсын төслийн зохицуулагч зэргээр дэвшин ажилласан бөгөөд мэргэжил дээшлүүлсэн жилүүдээ хасвал нийт 13 жил энэ салбарт хүчин зүтгэжээ. Боловсролын хувьд 2006 онд Хууль зүйн магистрын зэргээ хамгаалж, үүний дараа эрчим хүчний салбарт илүү мэргэшихийн тулд 2009 онд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд Дулааны цахилгаан станцын механик инженерээр суралцаж төгссөн. Цаашлаад Австралийн James Cook-ийн нэрэмжит их сургуульд Бизнесийн удирдлагын магистрыг 2013 онд хамгаалж, 2017-2020 онуудад эрчим хүчний салбартаа эргэн ажилласан билээ. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд НЗДТГ-т Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр ажиллаж байна.

Мэргэжлийн замналаа эргээд харвал онцлох гурван төсөлд гар бие оролцож, тодорхой үр дүнгүүдийг авчирчээ. Эхнийх нь 2017-2020 онд хийж гүйцэтгэсэн Улаанбаатар-Мандалговийн чиглэлийн 250 км урттай, 330 кВ-ын габриттай хоёр хэлхээ цахилгаан дамжуулах агаарын шугам болон Оюу толгой, Мандалговь, Таван толгойн дэд станц барих төсөл. Үндсэндээ бидний хамгийн том зорилт Оюу толгой, Цагаан суварга, Таван толгой зэрэг том орд газруудын БНХАУ-ын Өвөр Монголоос эрчим хүч авч буй асуудлыг зогсоож, гадагшаа гарч буй мөнгөн урсгалыг дотоодоос нийлүүлэх байв. Миний хувьд энэ төсөл дээр БНХАУ-тай хийх зээлийн тусгайлсан хэлэлцээрийг байгуулах үе шатнаас эхлээд бүх шат дамжлагыг гардан хийсэн. Үр дүнд нь 2019-2020 оны өвлийн их ачаалалд төвийн эрчим хүчнээс Өмнийн говийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж чадсаны сацуу БНХАУ-аас жилд авдаг байсан 120-160 сая ам.доллартай тэнцэх эрчим хүчийг дотоодоосоо нийлүүлж эхэлсэн юм.

Хоёр дахь нь Дархан хотын цэвэрлэх байгууламжийн төсөл. Бохир ус татан зайлуулах системгүйгээр хотжилт урагшилна гэж үгүй. Тиймдээ ч Герман улсын технологийг эх орондоо нэвтрүүлж, бохир усыг 95-99 хувь хүртэл цэвэршүүлэн лаг гаргах, түүнээсээ дахин боловсруулсан бүтээгдэхүүн бий болгох, цаашлаад тухайн лагаас газ гаргаж эрчим хүч үйлдвэрлэх боломжтой технологи бүхий цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулсан. Миний бие энэ төслийг УИХ-д өргөн барих, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, худалдан авалт зохион байгуулах гээд бүхий л үйл явцад нь оролцсон билээ.

Гурав дахь нь сүүлийн гурван жилийн хугацаанд нийслэл хотод гарсан өөрчлөлтүүд. Тухайлбал, нийтийн тээврийг 95 хувь шинэчилж, нийслэл хотод цэцэрлэгийн хүртээмжийг бүх дүүрэгт 98 хувь хүртэл нэмэгдүүлэн төвийн болон их тойруу, бага тойрууд явган, унадаг дугуйн замыг 90 км шинээр барьж байгуулсан.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө долоон цагаас оройн 21 цаг хүртэл миний ажлын нэг өдөр үргэлжилдэг. Үдээс өмнө уулзалт, хурлуудаа товлохыг хичээдэг ч Үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргаас томилсон ажлын хэсгүүд, Засгийн газраас байгууллагддаг хороод зэрэг олон талтай хамтран ажилладаг учраас сүүлийн үед 16 цагаас хойш чухал уулзалтуудаа хийж байна.

Ажлын дундуур сэргэлт авах үүднээс 20-30 минут морин хуурын аяз сонсож, ганцаараа суух дуртай. Энэ үеэр бодлоо цэгцлэх, ажлуудаа төлөвлөх, дараагийн алхмуудаа тодорхойлдог. Мөн заримдаа өрөөндөө 15-20 минут дугуй жийж, хөлс гаргахыг хичээдэг дээ.

3. ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ?

Би их өрнүүн, дэврүүн үзэлтэй. Аливааг болгоно, бүтээнэ гэсэн эрмэлзлээр ажилладаг хүн л дээ. Эрчим хүчний салбарт олон жил ажилласандаа ч тэр үү хагас цэрэгжилтийн байдлаар хурдтай бөгөөд үр дүнтэй ажиллах арга барилыг эзэмшсэн. Хамтран ажиллагсдадаа ч энэ шаардлагыг тавьдаг юм.

Хөдөлмөрийн зах зээлд хүчин зүтгэсэн өнгөрсөн 23 жилийн хугацаанд би үргэлж сайн удирдлагууд дор ажилласан. Тэр ч утгаараа тэдний нөү-хау миний ажиллах арга барилд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлсэн нь гарцаагүй. Жишээ нь би нэг уулын цаана гарах даалгавар авсан бол даваад гарна уу, хажуугаар нь тойроод гарна уу яаж ийж байгаад л ямар нэг арга зам олохыг эрмэлздэг. Хамгийн чухал нь тэр ажлыг бүтээх гэсэн мэрийлт, чин сэтгэл л байх хэрэгтэй. Үүнийг ч бас хамтран ажиллаж байгаа хүмүүстээ үргэлж захьдаг юм.

Үндсэндээ аливаа ажлыг дэс дараатайгаар, чадах хүмүүст нь үүрэгжүүлж, тухайн хүнд өөрийнхөөр нь хийх боломжийг олгох нь миний ажлын гол арга барил.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажлын харилцаанд Viber, Telegram, Gmail-ийг тогтмол ашиглаж байна. Мөн төрийн байгууллагууд руу орох шаардлага олон гардаг болохоор E-mongolia-г дурдахгүй өнгөрч үл болно. Олон нийтийн сүлжээний аппууд гэвэл X-ийг өргөн ашигладгийн зэрэгцээ замын түгжрэл харах зорилгоор Google Maps-ыг хэрэглэж байна.

Хэрэгслийн тухайд цахилгаан дугуйны үнэнч хэрэглэгч болсон. Манай Нутгийн захиргааны ордон Яармаг руу нүүсэнтэй холбоотойгоор энэ хооронд түгжирч цаг алдахгүйн тулд ийнхүү дугуйгаар явдаг. 20 минутад л оччихдог.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Замын түгжрээнд дэмий цаг үрэхгүйг л боддог доо. Жишээ нь зуслан руугаа явж байхдаа ярьж амждаггүй гэр бүлийнхэн, найз нөхөд, хамаатан садантайгаа утсаар ярьдаг. Бусад цагт үнэхээр ярих зав гардаггүй болохоор түгжрээн дунд л амжуулна.

Ажлын хүрээнд бид үргэлж цаг нартай уралдаж ажилладаг учраас ажил үүргийн хуваарилалтыг маш оновчтой хийх ёстой. Томоохон төсөл хэрэгжүүлнэ гэдэг багийн ажиллагаа байдаг тул тухайн ажлыг хариуцах эзэнтэй, урагшлуулах хүнтэй байлгах нь чухал. Эс бөгөөс хүссэн үр дүндээ хурдан хүрэхэд хэцүү.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Аливаа ажлыг том зургаар харж, ач холбогдлын дарааллаар нь эрэмбэлэх хэрэгтэй. Мэдээж хийж гүйцэтгэх асар олон ажил бий шүү дээ. Гол нь алийг нь эхэлж хийх, алийг нь дараа хийх вэ гэдгээ сайтар төлөвлөх нь зөв. Ялангуяа бидний хийдэг ажил цар хүрээний хувьд өргөн, цаг хугацааны хувьд давчуу байдаг учраас төлөвлөгөөтэй л үзэх хэрэгтэй дээ.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Гэр бүлтэйгээ хөдөө аялах дуртай. Байгаль дэлхий, уул уснаасаа их эрч хүч авдаг.

Мөн сард нэг удаа найзуудтайгаа сууж сонин сайхнаа ярилцаж, салбар бүрийн мэдээлэл солилцдог. Би өөрөө нийгэмсэг, олон хүний дунд байх дуртай болохоор энэ уулзалтад ихээхэн ач холбогдол өгдөг гэх үү дээ.

8. ҮНДСЭН АЖЛЫН ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ | АЖИЛ БИЙ ЮУ?

Австралиас эргэн ирээд эхнэр, дүү нарынхаа хамт “Бидний ирээдүй бидний гарт” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан. Үүний хүрээнд түр хамгаалах байранд ирж буй хүмүүст зориулж жил бүр хувцас, тоглоом зэрэг хэрэгтэй эд хэрэгслийг нь хандив болгон өгч байна. Мөн энэ онд Яармагийнхаа сургуулийн арван хүүхдэд эхний жилийн сургалтын төлбөрийн туслалцаа үзүүлсэн. Өнгөрсөн жилүүдийг тооцох юм бол санхүүгийн асуудлаас болоод суралцаж чадахгүй байгаа 48 оюутанд ийнхүү тусалсан байна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Бидний хийж буй ажлын хамгийн том онцлог хүн бүрийн нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүн гардагт бий болов уу. Ялангуяа хоёр сая орчим хүн амьдран суугаа Улаанбаатар хотын хувьд шийдвэр гаргалт бүр эрүүл, аюулгүй амьдрах орчинд нь шууд нөлөөлдөг учраас бидний ажил багагүй бэрхшээл дагуулдаг нь үнэн.

Сайн тал гэвэл ажлын маань үр дүн ард түмний амьдралд үр өгөөжөө өгч байгааг харж, тэндээс кайф мэдрэх юм уу даа. Цахилгааны анхны холболт хийх, бохир уснаас цэв цэнгэг цэвэр ус гарган авах, шинэ гүүр ашиглалтад ороод түүгээр машинууд тасралтгүй хөврөн явах гээд тэдгээр мөчөөс маш гоё эерэг мэдрэмж авдаг. Тэгээд илүү ихийг хийж бүтээх урам зоригтой болдог.

Хэцүү бэрхшээлтэй талын тухайд ямар ч зүйлийг харлуулж, өөлдөг хүмүүсийн хандлага их хүндрэлтэй санагддаг.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Ирэх дөрвөн жилд яаралтай хийх ёстой гурван зүйл бий.

Нэгдүгээрт, 1980-1987 оны хооронд нийслэлд идэвхтэй хэрэгжиж байсан хорооллын төслийг эргэн эхлүүлэх хэрэгтэй. Илүү тодруулбал, “Сэлбэ” хорооллыг бүтээн байгуулж, хот доторх жижиг хотыг бий болгохоор төлөвлөлт, газар чөлөөлөлтийн ажлууд эд хэрэгжиж байгаа. Цаашлаад голын ай сав дахь хөрсний усны нэвчилтийг зогсоохоор шүүрүүлэх худгуудыг барьж байгуулах ажил үргэлжлэх бөгөөд мэдээж эндээс олон шинэ ажлын байр бий болно.

Хоёрдугаарт, манай хотын төвлөрсөн эрчим хүчний систем хязгаарлагдмал учраас захын гэр хорооллуудад эрчим хүчний хүртээмж хангалтгүй. Тиймээс захын хороодод бие даасан эх үүсвэрийг яаралтай барих, ус, дулааны асуудлыг нь шийдэх шаардлагатай байна. Ингэснээр дэд бүтэц бараадсан хэт их төвлөрөл саарч, дээр дурдсан хороолол, төгөл барих төслүүд хэрэгжих ач холбогдолтой.

Гуравдугаарт, хог шатааж эрчим хүч гарган авах ажлыг эхлүүлнэ. Миний хувьд одоогийн ажил үүргийнхээ дагуу дэд бүтэц болоод хөрөнгө оруулалтын ажлыг хариуцдаг учраас эл чиглэлд илүү анхаарлаа хандуулж буй нь энэ.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ СУРАЛЦДАГ ВЭ?

Ажил, мэргэжилтэйгээ холбоотойгоор гаднынхны зам, барилга, байгууламж, нийтийн тээврийн салбарт нэвтрүүлж буй инновацлаг шийдлүүдийг өөрийн эрхгүй сонирхож, судалдаг болжээ. Учир нь дэд бүтэц, хотжилтын салбарт байнгын инновац шаардагдаж байдаг. Тухайлбал, Москвагийн цахилгаан автобуснууд, БНХАУ-ын жолоочгүй нийтийн тээвэр, Сөүлийн нэг ч машингүй дүүрэг гэх мэт олон сайн жишиг аль хэдийн хэрэгжсэн байна.

Хувь хүн талаасаа аль болох залуу үеийнхэнтэйгээ ойр байж, тэдний юу үзэж, сонсож, сонирхож буйд сэргэг байхыг хичээдэг. Тэд чинь л энэ улсыг авч явж, амьдралаа төвхнүүлэх хүмүүс учраас санал бодлоо солилцож, ярилцах дуртай.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Хоёр хүүхдэдээ төрсөн өдрийн бэлэг болгож өгсөн Жэймс Смитийн “How to Be Confident” номыг санал болгоё. Энэ бүтээл хэрхэн өөртөө итгэлтэй байхаас илүүтэй нийгэмд өөрийн үнэ цэн, орон зай, хэв маяг, ялгарах онцлогийг яаж бий болгох талаар өгүүлдэг. Мөн хамгийн сүүлд уншсан Д.Урианхайн “Философийн суулгацууд” номыг уншаарай гэж зөвлөе.

Киноны тухайд уран зөгнөлт, бодит амьдралаас сэдэвлэсэн, баримтат төрлийн бүтээлүүдэд дуртай. Онцгойлон санал болгох нь The King (2017). Улс төрийн бэрх амьдрал, бараан талыг харуулсан кино.

Миний хамгийн дуртай уран бүтээлч бол Celine Dion. Тиймээс түүний “That’s The Way It Is” дууг санал болгомоор байна. Их эрч хүч өгдөг шүү.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Нэгэн эрдэмтэй хүний хэлсэн үгийг байнга санаж явдаг юм. “Хүн гэдэг амжилтад хүрч, оргилын дээр гарахдаа биеэ тоох, өөрийгөө бусдаас дээгүүрт тавих үзэл нь ихэсдэг учраас ямагт нийгмийн амьтан гэдгээ ухамсарлан олон дундаа байж, сайнтай муутай бүхнийг сонсож явах учиртай.” гэж хэлж байсан.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Алтан нар ав адилхан гэрлээ түгээдэг шиг хүн бүрд ижил тэгш боломж бий. Хамгийн чухал нь түүнийг алдалгүй барьж авч, ашиглаж чадах эсэх нь л таны шийдвэр. Чин сэтгэлээсээ хандсан юм бүхэн үр дүнгээ өгдөг болохоор таны амьдрал таны гарт гэдгийг үргэлж санаарай.