Хятадад 2006 оноос хойш хоригдсон америк пастор Дэвид Линийг сулласан тухай АНУ-ын Төрийн департмент мэдэгдлээ. 68 настай Дэвид Лин Хятадын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйл ажиллагаа явуулсан буюу тагнуул хийсэн хэргээр бүх насаар хоригдох ялтай байсан. Тайванийн бизнес эрхлэгч тэрбээр Хятад, Тайвань хоорондын харилцааны хурцадмал үед баривчлагдсан хэдэн хүний нэг юм.
Түүнийг хилсээр баривчлагдсан учир суллаж өгнө үү гэж АНУ олон жил Хятадаас хүссэн. Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ "Бид Дэвид Линийг суллаж байгаад таатай байна. Бараг 20 жилийн дараа тэр АНУ-д ирж, гэр бүлтэйгээ уулзах боломжтой болох нь" гэжээ. Дэвид Линий охин Алисын мэдэгдсэнээр тэрбээр Ням гаригт Техаст очжээ.
АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хороо өнгөрсөн арваннэгдүгээр сард ерөнхийлөгч Жо Байденд хандан хүсэлт гаргаж, Лин болон бусад гурван хоригдлыг суллуулах тухай Хятадын дарга Ши Жиньпинтэй ярилцахыг шаардсан байна.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэк Салливан өнгөрсөн долоо хоногт Бээжин хотноо Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзсан. Энэ уулзалтын дараа Дэвид Линг суллах шийдвэр гарлаа. АНУ-ын Конгрессын комисс энэ Лхагва гаригт Хятадад хоригдож буй иргэдийнхээ хэргийг хэлэлцэх гэж байна.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ