"ХХААХҮЯ-ны ажилчдын 80 хувь орон нутагт ажиллахыг дэмжсэн"

Хуучирсан мэдээ: 2024.09.16-нд нийтлэгдсэн

"ХХААХҮЯ-ны ажилчдын 80 хувь орон нутагт ажиллахыг дэмжсэн"

"ХХААХҮЯ-ны ажилчдын 80 хувь орон нутагт ажиллахыг дэмжсэн"

Засгийн газрын шийдвэрээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэн шилжүүлэхээр болсон. Энэ талаар ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.


-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэн шилжүүлэх ажил хэзээнээс эхлэх вэ. Яам нүүлгэн шилжүүлэх ажилд хэр зардал төсөвлөсөн бол?

-Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 11-ны хуралдаанаар Засгийн газрын 100 хоногтой холбоотой, ХХААХҮЯ-ыг нүүлгэх танилцуулгыг салбарын сайд Ж.Энхбаяр танилцуулсан. Үүнтэй холбоотой тэмдэглэл гарсан. Үүнд, ХХААХҮЯ болон түүний харьяа газруудыг Дархан-Уул аймаг руу шилжүүлэн байршуулах ажлыг төлөвлөж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг салбарын сайдад даалгасан. Шийдвэр гарсан даруйд маргааш нь бүгд нүүх боломжгүй. Үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэлтийг хийнэ. Эхний ээлжид яамны тодорхой хэсэг болон холбогдох харьяа байгууллагууд орон нутагт шилжин суурьших боломж нөхцөлийг ярилцаж байна.

Энэ дагуу саяхан бид орон нутагт ажиллаад ирлээ. Тэнд яам болон харьяа байгууллагууд шилжин байрших оффис барилгатай танилцлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, энэ жил ашиглалтад оруулсан шинэ барилга байгаа. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран шинэ барилгад байрлах талаар уулзаж, ярилцсан. Яамыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг 2025 оны улсын төсөвт тусгасан.

-Нүүлгэн шилжүүлэх ажилд хэдэн төгрөг төсөвлөсөн юм бол?

-Дархан-Уул аймгийн шинэ барилгыг анх 10 давхар, спорт цогцолборын зориулалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэргэжилтнүүд очиж, байрыг ХХААХҮЯ-нд шилжүүлэх ажлыг бүрэн шийдсэн. Шинэ барилгад яамны зүгээс тавилга, компьютерээ авч, очно. Нүүлгэн шилжүүлэлтийн зардалд 2.4 тэрбум төгрөгийг 2025 оны улсын төсөвт тусгасан. Үүнд, хотоос ажилчдын нүүлгэх зардал болон орон нутгийн цалингийн нэмэгдэл тусгагдсан байгаа.

-ХХААХҮЯ одоо ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ. Алба хаагч, ажилчдаас санал асуулга авсан уу?

– Яамны үндсэн бүрэлдэхүүнд 121 ажилтан, алба хаагч ажиллаж байна. Бүх алба хаагчдын дунд санал асуулга явуулахад 80 хувь нь орон нутагт шилжин суурьшихыг дэмжсэн. Гэхдээ алба хаагчдын орон сууцны асуудлыг шийдэх гаргалгааг шийдвэрлэхээр ажиллаж байна. Алба хаагч, ажилчдын тодорхой хувь нь амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан хотод үлдэнэ.

Тиймээс судалгааны үндсэн дээр нүүлгэн шилжүүлэлтийн ажил эхлэхээр ямар нэгэн зохицуулалт хийнэ. Мэдээж тухайн албан хаагчдын сонирхол, амьдралын нөхцөл байдалтай холбогдон шийдвэрлэнэ.

Монгол Улсын Засгийн газраас хотын төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлж байгаа. Мөн бүсчилсөн хөгжлийн бодлогыг баталж, улсын хэмжээнд долоон бүсэд хуваасан. Төвийн бүс буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийг хөдөө аж ахуйн төрөлжсөн аж үйлдвэрийн дэд бүсээр зарласан. Үүний том бүтээн байгуулалтын гол ажил нь Төвийн бүсэд эхэлнэ гэж харж байгаа. Тэгэхээр ХХААХҮЯ нүүлгэн шилжүүлснээр энэ ажлуудыг богино хугацаанд үр дүнтэй хийх боломжтой болно. Засгийн газрын эхний 100 хоногийн ажлын төлөвлөгөөнд энэ ажил багтаж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд нүүлгэн шилжүүлэлтийг хийнэ.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж