Хятадын эрх баригчдын тодорхойлсноор сүүлийн 70 жилд тохиогоогүй хүчтэй хар салхи өнөөдөр /2024.09.16/ Шанхайг дайрч байна. "Бэбинка" хар салхины улмаас галт тэрэг, онгоц, автомашины хөдөлгөөн саатав. 25 сая хүн амтай Шанхай хотод хар салхины хүч 130 км/цаг хүрснийг Хар салхинаас сэрэмжлүүлэх нэгдсэн төв мэдээллээ. Хар салхины хүчийг 1-р зэрэглэлийн Атлантын далайн хар салхитай дүйцэхүйц гэж үнэлсэн байна.
Хятадын цаг уурын агентлаг хар салхины "улаан" анхааруулга зарласан. Энэ нь тун ховор тохиолдолд зарладаг анхааруулга юм. Тус байгууллага Хятадын зүүн хэсгийн ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, аадар бороо орохыг анхааруулж байна.
Сарны фестивал буюу жил бүрийн намар тэмдэглэдэг баяр Ням гаригаас эхэлсэн. Гурав хоног үргэлжлэх баярын амралтыг тохиолдуулан хятадууд гадаад дотоодод аялдаг. Гэвч энэ жилийн аяллын төлөвлөгөөг ийнхүү "Бэбинка" хар салхи тасалдуулав. Шанхай хотын хоёр олон улсын нисэх буудлын бүх нислэг Ням гаригийн 20:00 цагаас хойш зогсчээ. Аялагч жуулчдын хамгийн ихээр зорин очдог Дисней ресорт гэх мэт газар өнөөдөр үүдээ барьжээ.
Хамгийн сүүлд 1949 онд Шанхайг хүчтэй хар салхи дайрч байжээ. Тодруулбал, "Глориа" хар салхи 1949 оны долдугаар сарын 23-нд Японы Окинава арлыг анх дайрч, 38 хүний аминд хүрсэн. Мөн 42 мянга гаруй байшин барилга эвдэрч сүйджээ. Улмаар "Глориа" хар салхи Окинава арлаас баруун зүгт Шанхай руу шилжиж, 29 хүн нас баржээ.
Эх сурвалж: CNN
0 сэтгэгдэл