Автобусны хулгайд оролцсон албан тушаалтнууд буруугүй юу?!

Хуучирсан мэдээ: 2024.09.16-нд нийтлэгдсэн

Автобусны хулгайд оролцсон албан тушаалтнууд буруугүй юу?!

Автобусны хулгайд оролцсон албан тушаалтнууд буруугүй юу?!

Нийгэмд дуулиан шуугиан тарьсан ногоон автобусны хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байна. Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал дахин өнгөрсөн сард хоёр сараар хойшилсон.

Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв.

НИЙТ 134 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.

“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Хохирлыг барагдуулах хүрээнд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн данснаас нийт 11.9 тэрбум төгрөгийг хураан авч, 75.3 тэрбум төгрөгийн барилга, байгууламж, газар, эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авлаа. Үүнээс гадна “Skywell” загварын их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 55 ширхэг автобус, цахилгаан цэнгэлдэх найман төхөөрөмжийг төлбөр барагдуулахаар хураан авсан болохыг нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлсэн.

Хохирлын үлдэгдэл мөнгө 1.1 тэрбум төгрөг байгаа бөгөөд тус компанийн “Daewoo BS106” маркийн 10 ширхэг автобусыг барьцаалан төлбөр барагдуулахаар хэлцэл хийсэн байна.

Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал “Тэнүүн-Огоо” ХХК-ийн зарим хөрөнгийг авто баазуудад шилжүүлэн аваад байна. Тухайлбал, БГД-ийн 20 дугаар хороонд байрлах 30 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг нэгдүгээр баазад, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг гуравдугаар баазад, БЗД-ийн 8 дугаар хороо 25.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үнэлэгдэх объектыг хоёрдугаар баазад, СХД-ийн 33 дугаар хороонд байрлах 7.9 тэрбус төгрөгөөр үнэлэгдэх объектыг дөрөвдүгээр баазад тус тус шилжүүлэн аваад байна” гэж мэдээлсэн.

НОГООН АВТОБУСНЫ ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ САРД БОЛНО

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлыг өнгөрсөн наймдугаар сард /2024.08.12/-нд хийхээр товлосон ч, өмгөөлөгчдийн хүсэлтээр дахин хойшилсон юм.

Тодруулбал, тус хэргийн өмгөөлөгчид хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй байгаа талаар нотлох баримтын хамт хүсэлтээ ирүүлсэн байна. Иймд дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч нарт авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Шүүх хуралдааныг 2024 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 10:00 дахин цагт товлосон юм.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж