Авлигын загалмайлсан эцэг нэр автлаа алдаршсан Н.Энхбаярыг оймсыг нь гозолзуулаад барихад огт мэдээгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг Монголд мэдэхгүй нохой ч байхгүй. Өөрийнх нь хэлдгээр “амбаар” нэртэй орд харшаа бариулах мөнгөө насаараа төрд зүтгэсэн тэрбээр хаанаас олсноо одоо хэр нь тайлбарлаж чаддаггүй. “Эрдэнэт” үйлдвэрт хэрхэн шахаа хийсэн тухайгаа хээв нэг тайлбарлаж суудаг энэ хүн Хууль зүйн сайдаар хамгийн олон томилогдсон нэгэн.
Орондоо албан тушаалтнуудын хэрэгт хариуцлага тооцох заалтыг алга болгочихдог түүний үед ч, ам нээвэл “Авлигатай хийх тэмцэл” гэж попорч суудаг Л.Оюун-Эрдэнийн үед ч авлига ид гаарав.
АТГ-ын нүүр царай болсон хоёр иртэй хутга шиг жүжигчин Амараагийн “Далайн усыг данханд багтааж болдоггүй юм” гэдэг шиг данхар төрийн авлига барагдахгүй аж. Монголд авлига ялж байна. Ичсэн хүн хүн ална гэгчээр Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар нэр холбогдсон албан тушаалтнуудыг зарласан.

Үүнд,
- Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
- УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
- Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
- Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
- "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
- Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ гэх 17 хүний нэр.
Гэтэл өнөөдөр бүгдээрээ шахуу сонгогдох нь сонгогдож, сонгогдоогүй нь эрх чөлөөтэй явна. Энэ хугацаанд АТГ ерөнхий сайдын шууд мэдэлд очсон бөгөөд авлигатай хийх тэмцэл нь Засгийн газрын үүрэг болсон. Ийн улстөрчдийн нэрсийн жагсаалт замаасаа сугарч, алга болж, алсарч явсаар эцэст нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 11 хүн л "нүүрсний" гэх хэргээр ял авав. АТГ-ын анх зарласан нэр дундаас ганц нэгхэн хүн л багтсаныг эс тооцвол нүүрсний "жинхэнэ" хулгайчид нь улстөрчид биш албан тушаалтнууд болж хувирсан. Нэр бүхий 11 шүүгдэгчид холбогдох “нүүрсний” гэх хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар ялын хэмжээг өөрчилж, шаардлагатай нотлох баримтгүйгээр ял өгсөн нь тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Ганхуягийн холбогдсон гэмт хэргүүдээс үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг, мөн шүүгдэгч Б.Отгонжаргалын холбогдох хэргүүдээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн аж.

…“Ингээд шүүгдэгч Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, ялыг 2 жил 6 сар хорих, шүүгдэгч Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сар хорих, шүүгдэгч Б.Отгонжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил хорих ялаар тус тус тогтоож, бусад нэр бүхий шүүгдэгч нарт оногдуулсан хорих болон торгох ялыг тус тус хэвээр үлдээж, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Б.Отгонжаргал, И.Даваадорж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн” гэжээ. Өөрөөр хэлбэл, шаардлагатай нотлох баримтыг аваагүй, тэр ч бүү хэл прокуророос ялын дүгнэлт ирүүлээгүй байсан тухай асуудал сөхөгдөв. Хэрэг сонгуулийн өмнөх шоу байсан төдийгүй иргэдэд авлигатай тэмцсэн нэр зүүх гэсэн улс төрийн тоглолт л байсан нь нэгэнт тодорхой болов.
АТГ ч анх зарлахдаа яагаад 17 хүний нэрийг зарлав. Олон нийтэд “17” гэх тоо хар аяндаа л авлигын айхавтар хэрэг гэж буух бөгөөд шууд л “17 чингэлэг спирт”-ийн хэрэг гэж буух нь ойлгомжтой байв. Хоржоонтой нь таван жил бариад бараагүй Дарханы замын асуудал сөхөгдмөгц “17 чингэлэг спирт”-ийн хэргийг нэгэн цагт мөрдөж явсан гишүүнийг буруутан болгох гэж бас л баалав. 40 их наядаар тооцоод буюу нүүрсний хэрэг ийнхүү замхрах нь тодорхой болов. Ер нь Монголд авлигын гэх хэрэг иймэрхүү байдлаар л явдаг.
УБТЗ-ын албан тушаалтан С.Батдөл гэгч л долоон тэрбумтай баригдан ял авсан, сайд асан Б.Батзориг намынхандаа зээл олгоод багахан мөнгөөр торгуулаад өнгөрсөн. Нэгэн цагт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан Д.Хаянхявраа авлигын хэргээ хүлээж, ялаа хөнгөлүүлсэн зэргээс харвал эрх мэдлийн төлөөх зодооноор л гэрэл цохиулж, өрсөлдөгчдөө зайлуулдаг аж.
МАН-ын бугласан идээ, бээр дийлдэхээ байгаад задарч байгаа хэрэг болохоос үүнийг авлигатай тэмцээд байна гэвэл ёстой лөөлөө. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг байнга нүүрсний хэрэгт холбож ирсэн ч одоо хэр нь хариуцлага тооцсон зүйл алга. Эхлээд овоолсон шороо, дараа нь мухар төмөр зам бариулсан буруутан болоод буй Х.Баттулга гэхэд л дахин сонгогдоод даналзаж явна.
Поп гэдгээрээ алдартай Т.Аюурсайхан яагаад нүүрсний хэргийн автор болсон түүх нь улстөрчдийн шивнэлддэгээр дараагийн Ерөнхий сайд гэж ирдэж, гадаадад түүнийгээ тэмдэглэсэн нь удирдлагад нь таалагдаагүй, уурыг нь хүргэсэн асуудал болохоос үнэндээ нүүрсний гэх хэрэгт бүгд ямар нэгэн байдлаар холбогдсон хэрэг.
Тиймээс Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар шүүх хурлын үеэр намын бүх гишүүдээ, тэр дундаа даргаа ирэхийг шаардаад байсан хэрэг. Хулгайчид хулгай хийх боломж олгосон бол та буруутай гэдэгчилэн энэ их хулгай болоод байхад бүх төсвийг нь мэддэг хэр нь боломж олгоод буй засаг буруутай. Ковидын төсөв гэж бас их наядаар ярих хулгайн тайлан одоо хэр нь алга. Агаарын бохирдлыг бууруулах гэж төрийн компани дангаараа ноёлсон шахмал түлш гэхэд л их наядаар тоологдох хулгай дагуулсныг аудитынхан хэлээд өглөө. “Авлига” гэж өөрсдийнх нь нэрлэсэн хороолол баригдсаар хэзээний ашиглалтад ороход бэлэн болсон бөгөөд энэ хорооллын зөвшөөрлийг Д.Сумъяабазар олгосныг Дарханаас сонгогдсон нэг нөхөр орон нутгийн сонгуулийн өмнө чуулган дээр хэлээд буй нь дахиад л эрх мэдлийн төлөөх зодоон болохоос ард түмэн, улс орноо бодсон асуудал огтоос биш билээ. Ийнхүү аман дээрээ авлигатай тэмцэнэ, “5ш ажиллагаа” гэж хөтөлбөр хэрэгжүүлсэн засаг авлигад ялагдсан нь нэгэнт тодорхой болов. Далайн усыг данханд багтааж болдоггүй юм гэгчээр данхар төрийн авлига барагдах биш дээ. Ганц ойлгомжтой зүйл гэвэл өмнө нь нэг нам дангаараа авлигын автор байсан бол ирээдүйд гурвуулаа болж нэмэгдэнэ. Өөрсдийнх нь хэлээд байгаагаар авлигын хэрэгт яригдах мөнгөний хэмжээ 120 их наядаар ч яригдаж магадгүй.
Монголчууд хурдтай хөлжих бус улстөрчид хурдтай хөлжих тухай л тэд яриад байна.
3,595.72






















































Холбоотой мэдээ