Хуулиар олгогдоогүй эрх гэж байдаг юм

Хуулиар олгогдоогүй эрх гэж байдаг юм

Хуулиар олгогдоогүй эрх гэж байдаг юм

Бүгд мэддэг, гэхдээ тун цөөхөн нь ойлгодог сэдвээр

Б.БАТЧУЛУУН


 ТӨРӨЛХ ЭРХ БОЛ “ЭЦЭГГҮЙ ХҮҮХЭД” БИШ

“Ямар ч эрхийг хуулиар л баталгаажуулдаг”, “Хууль бол эрхийн эцэг”, “Эрх нь хуулиар баталгаажиж байж эрх болдог”, “Төрөлх эрх гэж байдаггүй, төрөлх эрх гэдэг бол хэзээ ч эцэгтэй байж үзээгүй хүүхэд”, “Төрөлх эрх гэдэг бол модон хөлтэй зүйл” гэх мэтийн гоочилсон үгийг хэн хэлсэн гээч! Нөгөө эрх чөлөөний онолч, мундаг философич Жон Стюард Миллийн эцэг Жэймс Миллийн найз Жэрэми Бэнтам (1748-1832 он) ингэж хэлсэн байгаа юм даа.

Жэрэми Бэнтам (Английн философич)

Английн эрх зүйн онолч, философич, ютилитари онолыг үндэслэгч энэ хүн зан чанрарын хувьд даруу хэдий ч их зожиг, хачирхалтай зан төлөвтэй хүн байсан гэдэг. Төгс шоронгийн (panopticon) схем зохиож ч байх шиг.  Мөн өөрийн үндэслэсэн ютилитари онол (utilitarianism) шиг хахир хүйтэн философич, эрх зүйд хэтэрхий анхаарал тавьдаг онолч байв. Дашрамд хэлэхэд, түүний ютилитари онол нь коммунистууд болон нацистууд шиг коллективист үзэлтнүүдэд хамгийн их тохирсон үзэл билээ. Төрөлх эрхийн тухайд  бол Бэнтамын эрх зүйчийн менталитет давамгайлаад философи сэтгэлгээ нь орхигдсон учраас ийм тодорхойлолт өгч л дээ. Ер нь, хараад байхад амьдрал дээр хүний эрх гэдгийг хамгийн буруугаар ойлгодог хүмүүс чинь хуульчид, дараагаар нь улс төрчид байдаг юм билээ. Гэтэл олон түмэн энэ хоёр бүлэг хүмүүсийг хүний эрхийн талаар хамгийн сайн мэддэг хэмээн ойлгодог. Эдний гол алдаа бол хүний эрхийг бид баталгаажуулдаг, бид л хууль гаргаж хүмүүсийг эрхтэй болгож байна хэмээн боддогт байгаа юм. Улс төрч болон хуульчдын сэтгэлгээний энэ алдаа мэргэжилтэй нь холбоотой. Тэдэнд юмс үзэгдлийг чөлөөт сэтгэлгээний призмээр биш голдуу даргын тушаал заавраар юм уу хуулийн зүйл, ангиар хардаг зуршил тогтчихсон байдаг юм билээ.

Ёс суртахууны эрх гээд хүний амьдралыг залж явдаг маш том хүчин зүйл байна. Ёс суртахуунгүй хүмүүс ёс суртахууны эрх гэж ярихад огт ойлгодгүй юм, аргагүй л дээ, ёс суртахуунгүй юм чинь. Эрхийг дан ганц хууль олгодог хэмээн боддог бэртэгчингүүд энд яригдаж буй эрхүүдийг хоосон яриа хэмээн ойлгож байх. Ер нь ёс суртахуун, сүсэг бишрэл гэж байхгүй “бүх юмыг хуулийн дагуу хийнэ” хэмээн бүх хүнтэй  хуулийн дагуу харилцаа тогтоосон (түүний дотор эхнэр, хүүхэдтэйгээ хүртэл хууль харж байж харьцана) тэр хүмүүс бол зүгээр л хуулийн хүн-машин. Тэд яваандаа Чеховын “Дугтуйтай хүн” болдог. Арчаагүй, аймхай, бэртэгчин.

Эрх гэдэг зүйлийг шашин, сүсэг бишрэл нь олгох нь бий. Шашны гүн итгэл үнэмшилтэй хүмүүс бол “Бурхан гэж байхгүй юм бол юу ч хийхийг зөвшөөрсөнтэй адил” (Достоевский) хэмээнэ. Тэдний хувьд шашин нь гол табу болохоос хууль огтоос хамаагүй.

Хуулийн дагуу амьдрагсад гэдэг бол нөгөөх том ордонд суугаа 120 гаран хүний гаргасан хууль тогтоомжоор амьдарч буй хүмүүс шүү дээ. Тэгээд бидний амьдралыг хуульчилж буй энэ 120 гаран хууль тогтоогчдоо хар л даа (яг үнэндээ яг зуун хорин хэд ч билээ, би мэддэггүй юм). Ёс суртахуун, IQ, боловсрол гээд. Ийм л хүмүүс нийгмийн амьдралыг хуульчилж, бидний амьдралыг залж залуурдаж байна шүү дээ. Тэгвэл итгэл, сүсэг бишрэл, үзэл онол, ёс суртахуундаа үнэнч хүмүүс “хууль юу гэх бол” гэж огтхон ч санаа зовдоггүй (гэхдээ ийм хүмүүс монголчуудын дунд даан ч цөөн), сүсэг бишрэл, ёс суртахуун нь юу гэж шаардаж байна, түүнийг л хийдэг.

Тэгэхээр ТӨРӨЛХ ЭРХ ГЭДЭГ БОЛ юуны түрүүнд ХУУЛИЙН БУС, ХАРИН ФИЛОСОФИЙН ОЙЛГОЛТ гэдгийг энд онцлоод байна. Сэтгэлгээний түүхэнд анх энэ ойлголтыг хэрэглээнд оруулсан хүн бол хуульч биш, харин Жон Локк хэмээх философич байсан юм. Амьдрах, өмчлөх, эрх чөлөөтэй байх эрхийг хууль өгдөггүй, эдгээр нь хүнд төрөлхөөс нь байдаг хэмээн үзсэн хэрэг.

Жон Локк (Английн философич, 1632-1704 он)

Ер нь, буруу юм уу зөв, ийм зүйлийг хийж болохгүй, тийм зүйлийг хийж болно, тэгэх ёстой, ингэх ёсгүй, энэ тэр гэдэг бол хуулийн гэхээсээ илүүтэй этикийн норм байдаг, нэгэнт этикт хамааралтай юм бол философийн ойлголт гэсэн үг. Үүнийг Сократ, Кант (категорийн императив), Ж.Е.Мур (Английн философич, аналитик философийг үндэслэгчдийн нэг. 1873-1958 он) нар хэдийнээ баталсан даа. Тэрч бүү, хэл эдгээр нормыг шашны зарчим гэвэл бид хүлээн зөвшөөрнө. Үнэндээ, үүнийг хийж болно, түүнийг болохгүй гэдэг бол моралийн асуудал шүү дээ. Энэ их идэж уудаг, хулгайлж луйварддаг, улсын мөнгийг зувчуулдаг улс төрчид болон улс төрд хамааралтай хүмүүс хуулийн зүйл ангийг мэдэхийн дээдээр мэддэг хүмүүс. Тэгвэл яагаад ийм зүйлийг хийгээд байдаг юм бэ гэвэл ерөөсөө л, ёс суртахуунгүй (моральгүй) л байхгүй юу!

Амьдрал дээр 10 дахин алсан ч багадахаар хүн олон байдаг, энэ тохиолдолд хууль надад 10 дахин дээд хэмжээ өгөх бол философи харин “чи зөв зүйл хийлээ” гэнэ дээ. Хууль, философи хоёр үүгээрээ ялгагддаг. Ёс зүй болон шашны зөв, буруугийн ойлголт бараг мөнхийн (absolute) шинжтэй байдаг бол  хуулийн зөв, буруугийн норм нь туйлын хувирамтгай (relative). Наад захын жишээ гэхэд, нэг хэсэг татвар төлсөнгүй гэж торгоод, шорон энэ тэр гээд “алчих” гээд байсан атлаа сайхан зан нь хөдлөхөөрөө “Татварын өршөөлийн хууль” гэсэн юм гаргаад яг тэр хүмүүсээ өршөөчихнө. Мөн эрх өгч болохгүй хүнд (амьдрал дээр тийм хүмүүс байдаг даа) маш их эрх өгнө, эс бөгөөс эрхтэй байх ёстой иргэдийн эрхийг хасчихна. Ер нь хууль гэдэг зүйл чинь тун барьцгүй эд шүү дээ.

Үндсэн сэдвээсээ бага зэрэг хазайчихлаа, хүлцэл өчье.

УГААСАА ТАНД БАЙСАН ЗҮЙЛИЙГ ХЭН Ч ТАНД ӨГНӨ ГЭЖ БАЙХГҮЙ

Тийм ээ, Бэнтам андуурч, андуурах андуурахдаа тун айхавтар андуурч. Төрөлх эрх нь эцэгтэй, тэр эцэг нь хүмүүн болж төрсөн бүх хүн.

Хүний эрх гэдэг бол ХЭН Ч ТАНД ӨГӨӨГҮЙ, ТАНЫГ ЭНЭ ЕРТӨНЦӨД ИРЭХЭД УГААСАА ТАНД БАЙСАН зүйл. Бодоцгоо, угаасаа, төрөхөөс тань байсан зүйлийг хөндлөнгийн ямар нэг субъект өгнө гэж байх уу? Өглөгийн эзний дүр үзүүлээд буй тэр хуульч, улс төрчид “Би чамд энэ эрхийг өгсөн, би хууль гаргаж баталгаажуулсан, би байгаа учраас чи амьдарч, өмчилж, эрх чөлөөтэй байгаа юм, тэгэхээр чи надад өртэй, тиймээс надад талархаж, хүндэтгэлтэй хандаж байх ёстой” гэх гээд байна. Цаад улс төрч, хуульчид чинь нэг бол “мэдэн будилж байна”, эсвэл үүнийг ойлгох сэтгэлгээний материал болоод философийн боловсрол нь ядмаг байна.

Танд угаас байсан (төрөлх) зүйлийг хэн нэгэн өгсөн мэтээр ярих нь утгагүй. Та ч хэн нэгнээс аваагүйгээс хойш тэдний өмнө өртэй мэт “гэлбэлзэж” явах нь буруу. Та, төр болон хуулийн өмнө цэх зогсох эрхтэй, та тэдэнд өргүй.

ХУУЛИАР ОЛГОГДООГҮЙ ЭРХ ХҮНД БАЙДАГ, нэгэнт хуулиар олгогдоогүй учраас ТӨРӨЛХ ЭРХ хэмээн нэрлэдэг аж.

ТӨРӨЛХ ЭРХ БОЛ “АСУУХ ЁСГҮЙ ЭРХ”

Томас Жефферсон

Хүний эрх бол асуух ёсгүй эрх гэж Томас Жефферсон (АНУ-ын Үндсэн хуулийг зохиогч хийгээд АНУ-ын эцгүүдийн нэг хэмээгддэг, 1743-1826 он) хэлсэн юм. Энд лавлах, тайлбарлах, үндэслэх шаардлага байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, “Чи яагаад амьдрах, өмчтэй, эрх чөлөөтэй байх гээд байгаа юм бэ?” хэмээн асуух нь абсурд. ТЭНЭГ БӨГӨӨД ХАРГИС асуулт. Хүмүүний төрөлх эрх гэдэг бол АСУУХ ЁСГҮЙ ЭРХ, үүнийг үг дуугүй хүлээн зөвшөөрөх ёстой.

1791 онд Жэймс Мэдисоны (мөн АНУ-ын Үндсэн хуулийг зохиогчид болон АНУ-ын эцгүүдийн нэг, 1751-1836 он) АНУ-ын Үндсэн хуульд оруулсан анхны 10 нэмэлт (Amendment) бол тэр чигээрээ хувь хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан зүйл байсан юм. Тийм ч учраас эдгээр нэмэлтийг Эрхийн Тунхаг хэмээдэг.

Жэймс Мэдисон

Монгол Улсын Үндсэн хуульд монгол хүний эрх гээд хэдэн зүйлийг тоочсон харагддаг, монгол хүн ийм хэдэн эрхтэй юм байх. Нөгөө хүний эрх innumerable (тоологдошгүй олон), төрийн эрх нь numerable (тоотой хэдхэн зүйл байдаг)  гэдэг яалаа!

АНУ-ын Үндсэн хуульд төрийн эрх буюу төрийн хийж болох зүйлийг тоочсон атлаа хүний эрхийг тоочоогүй. Хязгаартай зүйлийг тоочиж болдог, харин хязгааргүй зүйлийг тоочих аргагүй: ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛ ХЯЗГААРТАЙ, ХАРИН ХҮНИЙ ЭРХ ХЯЗГААРГҮЙ. Либертари философид үүнийг тоологддог (numerated) ба тоолж баршгүй (innumerated) хэмээн томьёолдог нь ийм учиртай. Ө.х, хүний эрх innumerable – нөхцөл байдлаас хамаарч, янз бүрээр илэрч болох тоо томшгүй олон зүйл, харин төрийн эрх бол numerable – АНУ-ын Үндсэн хуульд заасан яг л тийм тооны хэдхэн эрхтэй.

 

“ХҮНИЙ ЭРХ ГЭДЭГ БОЛ АКСИОМ”

Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтан, Английн математикч, философич, логикч Б. Рассэль (1872-1970 он) энэ үгийг хэлсэн юм. Өвөг эцэг нь Английн Ерөнхий сайд, үе улиран залгамжлах Сэр хэргэмтэй байсан энэ хүн төрийн эрхийг биш, хүний эрхийг маш сайн ойлгосон байгаа юм даа. Эрх мэдэлтнүүдийн эсрэг тууштай тэмцэгч тэрбээр Сэр хэргэмээ зочид буудал захиалахад хэрэг болдог хэмээн тохуурхан, дайн, хүчирхийллийн эсрэг бараг пацифист (ямар ч зүйлийг хүчээр эсэргүүцэж болохгүй гэх үзэл) үзэлтэй байснаасаа болж Английн Их сургуулиудад хичээл заах эрхээ хасуулан, хэсэг хугацаагаар хоригдоод авсан байдаг.

Бэртран Рассэль

Харин манайд бол улс төртэй холбогдсон бүх хүн стэйтизмийг сурталчилж, төрийн талаар “ухаалаг” үндэслэл гаргах гэж оролдож байдаг биз дээ. Орон орны хүмүүс аргагүй өөр байх юм. Энэ хүн философич, логикчоос гадна мундаг математикч байсан, тийм ч учраас математикийн хэлээ ашиглаж хүний эрхийг маш товч бөгөөд тодорхой томьёолоодхож: ХҮНИЙ ЭРХ ГЭДЭГ БОЛ АКСИОМ. Баталгаа шаардахгүй үнэн, үүнийг теорем шиг батлах гээд байх шаардлагагүй аж. Хүний эрхийг ТӨРӨЛХ гээд байдгийн учир энэ.

ХҮНД ЯМАР ЭРХ БАЙДАГГҮЙ ВЭ?

Инээдтэй, бас эгдүүцмээр тохиолдлуудын тухай өгүүлье. Эдгээрээс хүнд ямар эрх байдаггүйг (байх ёсгүйг) ойлгох байх. АНУ-д болсон хоёр кэйс.

Нэг дэх кэйс:

-Амттанд дуртай нэг эмэгтэй гэрийнхээ хажууд байх нарийн боовны дэлгүүрээс бялуу, шоколад авч идсээр байгаад хэт таргалчихаж. Тэгээд “энэ дэлгүүрээс болж би ингэж таргаллаа” хэмээн дэлгүүрийг шүүхэд өгсөн аж.

Хоёр дахь кэйс:

-Нэг нөхөр бензин түгээгүүрийн дэргэд байдаг кофе шопод ороод кофе захиалан уух гэж байгаад гуян дээрээ асган бага зэрэг түлэгдчихэж. Тэгээд кофе шопынхныг “хэт халуун кофетэй байсан” хэмээн шүүхэд өгч.

Монголд гарч болох кэйс:

-Энэ бүдүүн авгай, салга нөхөр хоёрын жишгээр бол арчаагаа алдтал архинд орж, амьдралаа сүйтгэчихсэн монгол архичин “АПУ л  архи үйлдвэрлэснээс болж би ийм болчихлоо” хэмээн агсамнах нь зөв аж. Дээрх хоёрын жишгээр, манай архичин АПУ-г шүүхэд өгч болох нь байна.

Энэ 3-ын логикоор дэлгүүр амттан зарж, кофе-шоп кофе чанаж, АПУ архи үйлдвэрлэж болохгүй нь. Товчоор хэлэх юм бол тэр идэмхий авгай, салгалсан нөхөр, биеэ хянаж чаддаггүй архичны эрх ашгийг харгалзсаны үндсэн дээр  энэ төрлийн бизнесийг нийгэмд хориглох ёстой болох нь. Ингээд хувийн өмчийн эрх чөлөө, бизнес эрхлэх эрх үгүйсгэгдлээ. Үнэндээ, бүх хүн идэмхий бөгөөд хайнга биш, мөн тэр архичин шиг биеэ барьж чадахаа больчихсон байдаг юм биш, тохируулаад идчихдэг, “зуу татчихдаг”, аяга кофе цалгиулж асгачхалгүй уучихдаг үй түмэн хэрэглэгч байна, тэгэхээр энэ 3-аас болж энэ олон хүний хэрэглээ, эрх ашгийг хохироож болохгүй.

Хүний эрх гэдэг бол хэн нэг хариуцлагагүй этгээдийн арчаагүй байдлаа цагаатгах хэрэгсэл биш. Хүний эрх гэдэг бол дээрх 3 шиг арчаагүй, хувийн хариуцлага гэдгийг мэддэггүй, эрх чөлөөгөө эдэлж чаддаггүй, бүх алдаа дутагдлаа бусад руу чихэж байдаг хүмүүсийн гар хөлийн үзүүрт зарагдаж байдаг ч зүйл биш.

БУСДЫН ЭРХИЙГ ЗӨРЧДӨГ, БУСДЫГ ДАРАМТЛАХ ХЭРЭГСЭЛ БОЛДОГ ХҮНИЙ ЭРХ ГЭЖ БАЙДАГГҮЙ юм. Хэн нэгний хүслээр бусдыг дарамталдаг эрх гэж байх ёсгүй. Тийм эрх бол ерөөсөө эрх биш.

Хүний эрх гэдэг бол маш констант зүйл. Тогтмол тоо гэдэг шиг. Сайд болсон ч, гуйлгачин болсон ч, цагдаа байсан ч, хулгайч байсан ч хүний эрх байдгаараа байж л байна, ихсэх ч үгүй, багасах ч үгүй.

Тэгэхээр эрх мэдэлтэй болсон хэнбугай ч бусдын “хүний эрхийг хөндөж болохгүй” гэдгээ сайтар мэдэж байвал зохино.

ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БОЛ ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГИЙН АЙМШИГТ ХҮЧИРХИЙЛЭЛ БАЙВ

Жил бүрийн 9-р сарын 10, хэцүү өдөр, телевизор асаахаас ч дургүй хүрдэг. Монголд маш олон хүнийг баривчилж, тамлаж, яргалж алсан өдөр. Хэлмэгдэгсдийн өдөр улс төрчид баахан худал үнэн юм ярьж, хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөдөг. Тэр тусмаа хэлмэгдүүлсэн нам, хүчний хойч үе болсон нөхдийг хараад “эд ер нь хүний эрх гэдгийг мэддэг болов уу” гэсэн бодол төрдөг.

Тиймээс энэ нийтлэл бол Фройдийн хэлээр СУБЛИМАЦИ. Дотор хуримтлагдаж байдаг уур хилэн, гомдол хорсол, тэчъяадал хэмээх бүдүүлэг хар хүчийг хэрэндээ соёлтой, өндөр дээд түвшинд боловсноор илэрхийлж байна гэх үү дээ.

Өвөг эцгээ алуулсан, тамлуулсан хүмүүс зөндөө л байдаг, монголчууд энэ бүхэнд эмзэглэж, сэтгэл нь өвддөггүй юм билээ. “Өвөг эцгийг маань ямар ч гэмгүй байхад аваачаад тамлаж байгаад алчихсан юм гэнэ лээ, тэр үед тийм л байсан, тэгэхээс ч өөр арга байгаагүй” гэсэн утгатай зүйлийг жишим ч үгүй ярьж буй хүмүүстэй олонтоо тааралдсан. СОЁЛЫН ЯЛГАА ГЭЖ ЭНЭ ШҮҮ ДЭЭ. Чех, Словак, Герман, Унгар, Польш гээд пост-коммунист оронд бүгдэд нь ийм явдал болсон, гэхдээ баривчил, тамла, цаазал гээд гарын үсэг зурж, гардан гүйцэтгэсэн болон тэр нам хүчинд харьяалагдаж бөйсан хүмүүс газар доогуур орох шахан, байх суух газраа олж ядаж байхад Монгол, Орос хоёрт л хамгийн жаргалтай байх шив дээ. Тэднийгээ магтан дуулж, хөшөө дурсгалыг нь сүндэрлүүлээд, төрсөн өдөр, ойг нь улс орон даяар тэмдэглээд л.

Энд соёлын ялгаанаас гадна ХҮН ЧАНАРЫН ЯЛГАА бас байна. Зовж зүдэрч, үйлээ үзэн буудуулсан өвөг дээдэстээ бид хэрхэн хандана, хойч үе маань ч бидэнд мөн тэгж хандана. Монгол хүний хувьд үнэн зөв болон худал хуурмаг, шударга болон шударга бус зүйл,  харгис болон дэвшилтэт зүйл хаана байна, тэднийг зааглах тухай асуудал огт хамаагүй, яг одоо энүүхэндээ гэдэс цатгалан байвал л боллоо.

Энд онцолж хэлэхэд, эрхээ эс ойлгосон, эсвэл эрхээсээ татгалзах нь ХҮН БАЙХЫН УТГА УЧРЫГ ЭС ОЙЛГОСОН, ЭС БӨГӨӨС ХҮН БАЙХААСАА ТАТГАЛЗАЖ БАЙГААГААС ӨӨРЦГҮЙ, ерөөсөө “би бол боол, эзэн маань намайг яах нь түүний эрх” хэмээн дотоод сэтгэлдээ хүлээн зөвшөөрч буй хэрэг.  

Коммунистуудын үйлдэж байсан яргалал, тамлал, алаан хядааны тухай маш ноцтой баримтуудыг уншлаа, үзлээ. Энд тэнд явж байхад тамлагааны музейд янз бүрийн үзмэр байдаг. Амстердам, Таллины тийм музейд дундад зууны үеийн хачин аймаар тамлагааны хэрэгслүүдийг үзсэн. Орос, Монгол, Хятад, Кампучийн коммунистууд тэнд үзсэн тамлагаанаас дутахааргүй тамлаж, яргалж байж. 20-р зуунд, бидний үеийнхэн нэгнээ ямар аймшигтай тамлаж, тарчлааж, алж байж вэ! Бүгд КОММУНИСТУУД-ын хийсэн нүгэл. Нацист, фашистууд харгис л гэнэ, гэхдээ тэд эх орон нэгтнүүдээ тийм олноор нь Орос, Монгол, Хятад, Кампучийн коммунистууд шиг аймшигтай яргалж, тамлаж, зовоогоогүй байдаг.

 Жич: ХУВЬ ХҮН, түүний ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ талаар ул үндэстэй ойлголттой болъё гэж бодвол яах аргагүй ЛИБЕРТАРИ ЗОХИОЛ унш, энэ бол ганц зөв зам гэдгийг итгэлтэй хэлэх байна. Либертари үзлийн үндсэн санаа бол “Төрийн эрхийг минимум хэмжээнд барьж, хувь хүний эрхийг максимум хэмжээнд аваачих явдал” шүү дээ. Гэхдээ сайтар бодож, тунгааж баруун, зүүн болон эсрэг талаас нь эргэцүүлэн байж унших хэрэгтэй (англиар хэлдэг дээ, critical thinking-нээр хандах гэж). Аливаа үзэл онолд ингэж хандаж байж, баттай итгэл үнэмшил, логик үндэслэл бүхий ойлголттой болдог.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-16 103.168.34.121

Erh = Huliar olgogdson + Huuliar horigloogui buhen

Avatar

Нэргүй 2024-09-16 103.168.34.121

Huuliar horigloogui buhniig hiigeed bval tegeed niigem nuran unana biz de. Tiimees l hunii zarim erhiig hyazgaarladag yum aaaaa. Busdad hortoi uildiig ni horigdog yum. Zarim neg hunii erhiig zailshgui haaj boodog ni iim uchirtai, Hunii erh bolgoniig hangah yostoi gej geneneer tusuuluhuu bolih heregtei.

Avatar

Нэргүй 2024-09-16 124.158.109.195

АН-ы энэ сайт арчалсан нам яагаад ижил хүйстэнг дэмждэг юм бэ. хүн амын тоог цөөлж устгах далд санаа байна шүү ХАРДАА

Avatar

Зочин 2024-09-16 45.117.35.20

Хүүхдийн эрх зөрчигдөж аймшигтайгаар хүчирхийлэлд өртөхөөр хүний эрхийн байгууллага ч юу ч дугарахгүй мөртлөө өөрийнх нь эрх зөрчигдлөө гээд бөөн юм болох юм.Цахимаар янз бүрийн эсэргүйцэл доромжлол хүмүүс бичдэг ч та нар бас дугарахгүй. Энэ бүхэн шударга зүйл үү.Хөгжилд нэмэр болох юм хийгээсэй дээ.Ажиллах хүч яаж олох гэх мэт сэдвээр бичээч.цахимаар болох бүтэхгүй юм бичиж олон хүний сэтгэл зүйг хохироож байна.Энэ талаар бичмээр юм.

Avatar

Зочин 2024-09-16 139.5.217.38

Цор ганц зөв зам гэж байдаггүй

Avatar

Hi 2024-09-16 172.58.167.60

Zunuglusun baina, ene uvgun. Doctor tsoltoi hun iim erguuu yum bichiheer busad ni yaanaa. Ter coffee ni haluun baina gej shuujdeegui, harin coffeenii tsaasan ayaga ni haluuniig zaliluulah hatuulga buhii bariulgui baisan gej shuuhedsen ba yalagdsan. Hudlaa shaaamdag uvgun baina.

Avatar

Зочин 2024-09-16 202.9.41.3

Батчулуун та ийм тэнэг өөрөөсөө ичиж үхмээр зүйл бичиж байхаар зүгээр өөрөөсөө ичээд амиа хорлож үхвэл таны нэр арай цэвэр үлдэх биз.

Avatar

Нэргүй 2024-09-16 66.181.181.124

Уг нь монгол уламжлалд хоршоо үг элбэг сэн. Эрх үүрэг, эрх ашиг, ашиг сонирхол гээд л. Европыхныг сармагчин мэт дуурайж "Эрх"-ийг мандуулаад, "үүрэг"-ийг умартуулаад олон жил боллоо хөөрхий.

Avatar

Нэргүй 2024-09-16 202.55.188.107

утгагүй зүйл бичихээ боль энийг бичсэн хүн эсвэл дэмжсэн хүн жинхэнэ цайчихсан хулгайч байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж