Хиймэл оюун ухаант технологи хурдацтайгаар хөгжиж байна. Өдөр тутамдаа технологийн шинэчлэлийг бид мэдэрч, харж, сонсдог. Үүний адил хиймэл оюун ухаан 1000 гаруй өвчнийг урьдчилан оношлох боломжтой болжээ.
Саяхан гарсан судалгаанд "MILTON" нэртэй алгоритм өвчтөний ерөнхий биеийн үзүүлэлт, шинжилгээний хариу, шинж тэмдэг дээр тулгуурлан ямар ч өвчнийг урьдчилан мэдэх чадвартай болох нь тогтоогджээ.
Тухайлбал, 1000 гаруй өвчнийг шинж тэмдэг эхлээгүй байхад нь мэдэх боломжтой болсон гэсэн үг. Эм үйлдвэрлэлтийн аварга компани болох "AstraZeneca" тус хиймэл оюун ухаант технологийг хөгжүүлсэн бөгөөд эрүүл мэндийн салбарыг хурдацтайгаар ирээдүйд хөтөлнө гэдэгт найдаж байна. Түүнчлэн "MILTON"-ы тусламжтайгаар өвчнийг түргэн оношилж, судлаачдад хэрэгтэй байгаа мэдээллийг нь боловсруулж өгөх боломжтой гэдгийг онцолж байна.
Судалгааг удирдсан Слейв Петровски хэлэхдээ "Өвчний шинж тэмдэг илэрч, хүндэрсэн тохиолдолд өвчтөн эмнэлэгт очдог. Мөн ямар ч зовуурь, шинж тэмдэг илрэлгүй гэнэт бие нь муудах тохиолдол олон байдаг. Цусны шинжилгээ хэвийн гарсан ч өвчин богино хугацаанд тархах гэх мэт асуудлыг урьдчилан мэдэх зорилгоор бид судалгаа явуулж эхэлсэн" гэжээ.
Мөн "Судалгаа амжилттай явагдаж байгаа. Бид хиймэл оюун ухааны тусламжтайгаар альцгеймер, уушгины архаг бөглөрөлт (COPD), бөөрний өвчин болон бусад олон өвчин үүсэх эрсдэлтэй байгааг мэдэх боломжтой болсон" гэв.
"AstraZeneca" судалгааныхаа хүрээнд "UK Biobank"-д бүртгэлтэй 500 мянган хүний эрүүл мэндийн мэдээллийг ашиглажээ. "MILTON" тухайн хүмүүсийн цус, шээсний шинжилгээний нарийвчилсан үр дүн, цусны даралт, амьсгалын замын үйл ажиллагаа, жин, нас, хүйс зэргийг багтаасан эмнэл зүйн 67 биомаркерын өгөгдөлд дүн шинжилгээ хийсэн. Мөн "Biobank"-ын 50 мянган сайн дурын ажилтны цусны сийвэн дэх 3000 төрлийн дархлааны чадварыг сайжруулдаг уургийн мэдээллийг ашигласан байна.
121 ТӨРЛИЙН ӨВЧНИЙГ ОНОВЧТОЙГООР ОНОШИЛЖЭЭ
"MILTON" алгоритм туршилтын хугацаанд нүдээр хараад мэдэхгүй эсвэл ерөнхий шинжилгээгээр тодорхойлогдохгүй 121 төрлийн өвчнийг амжилттай урьдчилан таамаглаж, оношилсон байна. Эдгээр өвчнүүд нь шинж тэмдэг илрэхдээ удаан учир 10, 20 жилийн дараа оношлогдох тохиолдол байдаг аж.
Түүнчлэн, 1091 төрлийн өвчнийг "өндөр магадлалтайгаар" таамаглаж чадсан гэж "Nature Genetics" сэтгүүлд нийтлэгджээ.
Хэдийгээр цусны шинжилгээ дээр тулгуурлан биеийн ерөнхий байдлыг мэдэж болох ч 3000 төрлийн уургийн мэдээлэлтэй хавсаргасан нь "MILTON"-д оновчтой хариулт гаргахад нь тусалсан. Доктор Петровски хэлэхдээ "Эрүүл амьдралын хэв маягийг эмийн интервенцитэй хослуулж эрүүл байх боломжтой байдаг. Өвчнийг эхэн үед оношилж, эмчилж чадаагүй тохиолдолд эдгээх маш хэцүү. ‘MILTON’-ы гол зорилго бол эрт оношилж, хүндрэхээс өмнө эмчлэх юм" гэжээ. "MILTON" нь одоогоор судалгааны хэрэгсэл бөгөөд үүнийг эмнэл зүйн хувьд ашиглахаас өмнө илүү их судалж, боловсронгуй болгох хэрэгтэйг "AstraZeneca" онцолжээ.
Эксетерийн их сургуулийн хүний генетикийн профессор Тим Фрайлинг хиймэл оюун ухаанд болгоомжлонгуй хандаж байна. Тэрбээр "Бид өвчин тусах магадлалын талаар мэдээлж, оношлох боломжтой. Гэхдээ үл мэдэгдэх олон хүчин зүйл байсаар байна. Хиймэл оюун ухаан чадварлаг болж байгаа ч болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрэв төгс болж чадвал өвчин хэрхэн үүсдэг талаарх бидний мэдлэгийг сайжруулахад том нөлөө үзүүлнэ" гэжээ.
Лондонгийн Кинг коллежийн (KCL) үүдэл эсийн шинжлэх ухааны профессор Дуско Илич хэлэхдээ, "MILTON-ын урьдчилан таамаглах чадвар нь гайхалтай юм. Энэ нь эмчилгээг эрт эхлүүлэх, эрүүл мэндийн зардлыг бууруулах боломжийг нээж өгнө" хэмээв. Гэхдээ тэрбээр нэг зүйлийг анхааруулсан байна. Энэ нь хувийн ашиг сонирхол аж.
"Энэ технологийн урьдчилан таамаглах чадварыг зөв зүйлд ашиглах хэрэгтэй. Эс бөгөөс эрүүл мэндийн даатгалын компани, ажил олгогчид ямар ч зөвшөөрөлгүйгээр хувьчилж, буруугаар ашиглах болно. Улмаар ялгаварлан гадуурхах, хувийн нууцыг зөрчихөд хүргэж болзошгүй юм. "MILTON-ын ашиг тусыг ёс зүйтэй, хариуцлагатай хэрэгжүүлэхэд хатуу удирдамж, хяналт чухал" гэжээ.
Эх сурвалж: SKY NEWS
JenniferKing 2024-09-13 95.182.127.19
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-13 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-13 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-13 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-13 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-13 45.15.73.112
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-13 46.8.56.92
Харуулах боломжгүй.