Урт цагааны ногоон байгууламжийг 38 тэрбумаар байгуулна

Хуучирсан мэдээ: 2024.09.12-нд нийтлэгдсэн

Урт цагааны ногоон байгууламжийг 38 тэрбумаар байгуулна

Урт цагааны ногоон байгууламжийг 38 тэрбумаар байгуулна

Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвийн суурин дээр цэцэрлэгт хүрээлэн бүхий ногоон байгууламж байгуулах ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын ажлын тендерт “Бодь пропертиз ХХК” шалгарчээ. Мөн ногоон байгууламж бүтээн байгуулалтын ажил 2025 оны зургаадугаар сарын 30-нд дуусч ашиглалтад орохоор болсон байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн барилгыг нурааж суурин дээр нь ногоон байгууламжтай авто зогсоол барих шийдвэрийг гаргаж байсан. Тус ногоон байгууламжийг барих тендерийг тавдугаар сард зарлаж, есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Гэвч тендерийн шалгаруулалт удсанаас үүдэж барилгын ажил хожуу эхэлж ашиглалтад орох хугацаа хойшилжээ.

Урт цагааны барилгын суурин дээр иргэдийн саналын дагуу ногоон байгууламжтай, хүүхдийн тоглоомын талбайтай мөн далд авто зогсоолтой байхаар зураг төслийг гаргасан. Гэхдээ тус байгууламжийн ажил эхлээд удаагүй байгаа юм байна. Тухайлбал, газар ухах ажлыг энэ долоо хоногт дуусгаж,  ирэх долоо хоногоос газар доорх авто зогсоолын ажлыг эхлүүлэхээр байгаа аж. Харин тус ногоон байгууламж ирэх жилийн зургаадугаар сар дуусч, ашиглалтад орно гэж нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном хэлсэн юм.  Мөн тус байгууламж 38 тэрбум төгрөгийн төсвөөр бүтэж байгааг албаныхан мэдээллээ.

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны нураах шийдвэр гаргахдаа 2024 оны нэгдүгээр сард иргэдээс санал асуулга явуулсан. Уг санал асуулгад 3564 хүн оролцсоноос 3419 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн билээ. Үүний дагуу Урт цагааны барилгыг нурааж, ногоон байгууламж бүхий авто зогсоол барихаар болсон юм.

Т.Хүслэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж