Хятад улс жил бүр хамгийн том хэмжээний цэргийн дипломат форум буюу Шяншань форумыг зохион байгуулдаг. "Нэгдмэл ирээдүйн төлөө энх тайвныг дэмжинэ" уриатай энэ жилийн форум есдүгээр сарын 12-14-ний хооронд үргэлжлэх бөгөд 90 гаруй орон болон олон улсын байгууллагуудаас төлөөлөгчид оролцож байна.
Тус форумд АНУ-ын зүгээс Хятад, Тайвань, Монгол Улсыг хариуцсан Батлан хамгаалахын дэд сайдын туслах Майкл Чейсийг илгээхээр төлөвлөж байна. Барууны орнуудын хувьд ихэнх нь жижиг, доод түвшний төлөөлөгчдөө илгээхийг илүүд үздэг. Тэд Сингапурт болох Шангри-Ла яриа хэлэлцээний үеэр аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхийг илүүд үздэг аж.
Энэ жилийн яриа хэлэлцээний гол сэдэв нь Газын зурвасын хямрал байх магадлалтай.
Форумыг нээж Хятадын Батлан хамгаалахын сайд Дун Жун үг хэлнэ. Тус улсын Батлан хамгаалахын салбарт өнгөрсөн онд томоохон цэвэрлэгээ хийгдэж, Ли Шанфуг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Тиймээс өнгөрсөн жилийн форум Хятадын Батлан хамгаалахын сайдгүйгээр болсон юм.
Хятад улс бүс нутагтаа газар нутгийн хэд хэдэн маргаантай байгаа ч олон улсын аюулгүй байдлын хариуцлагатай тоглогч гэдгээ харуулах хүсэлтэй байна. Тодруулбал, Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжин, Манила хоёрын зөрчил, Японы агаарын болон усан хил рүү наймдугаар сард нэвтэрсэн явдал, Тайвань руу байлдааны онгоцууд илгээсээр байгаа зэргийг энд дурдаж болох юм.
Үүний зэрэгцээ Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагааны өргөжилт болон Өмнөд Хятадын тэнгис дэх аюултай үйлдлүүдэд барууны орнууд санаа зовж буйгаа илэрхийлсээр байна. Өнгөрсөн долдугаар сард л гэхэд Хятад, Беларусь улсууд НАТО-ийн гишүүн Польшийн ойролцоо хамтарсан цэргийн сургуулилалтаа хийсэн билээ.
3,602.33






















































Холбоотой мэдээ