Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой нийтийн тээврээр зорчих иргэд нэмэгдсэн. Тэгвэл иргэдийн зүгээс ажил тарах үеэр автобус нэг талдаа гарчхаад ирэхгүй байна гэх шүүмжлэлийг хэлж буй. Уг асуудлаар нийтийн тээврийн бодлогын газрын хэвлэ олон нийттэй харилцах албанаас тодруулахад, “Наймдугаар сарын 26-наас ажлын өдөр 113, амралтын өдөр 68 автобус нэмэлтээр явуулж байгаа. Одоогийн байдлаар нийтийн тээврийн 1200 орчим автобус иргэдэд үйлчилж байгаа. Зорчих урсгал нэмэгдсэн. Автобус цагийн хуваарийн дагуу маршрутаараа явж байна. Гэвч замын түгжрэлээс үүдэж хичээл сургууль тарах үеэр хоцрох асуудал гарч байгаа. Ерөнхийдөө автобус нэгдүгээр эгнээгээр зорчдог болсноос хойш харьцангуй цагийн хуваарийн дагуу явж байна. Нийтийн тээврийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна” гэв.
Мөн авто зам засварын ажилтай холбоотой нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт хийж байгаа аж. Тухайлбал, энэ сарын 13-ны /2024.09.13/ 22:00 цагаас эхлэн энэ сарын 16-ны 06:00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын гудамжны авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхээр болжээ. Үүнтэй холбоотой нийтийн тээврийн дараах долоон чиглэлд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна.
Тухайн авто замаар зорчдог нийтийн тээврийн чиглэлүүд болон том оврын автобуснууд хороолол дундуурх нарийн замаар явах боломжгүй тул Баянхошууны зам, Энхтайваны өргөн чөлөөгөөр тойрох, Эх нялхсын гудамжаар богино эргэх зэрэг зохицуулалт хийгдэх аж.
Иймд иргэдийг автобусны чиглэлээ харахдаа “UB smart bus” аппликейшн дээр Z, -Z тэмдэглэгээтэйг сонгож харахыг анхааруулав.
- Ч:20А-Z “Баянхошуу-3,4 хороолол-Өнөр хороолол-/араар/ Геологийн төв лаборатори-МҮИС”
- Ч:20Б-Z “Баянхошуу-Геологийн төв лаборатори-3,4 хороолол- МҮИС”
- Ч:41Z “Баруун салаа-Жанцан дэлгүүр”
- Ч:41-Z “Халдварт-МҮИС”
- Ч:43Z “Баянхошуу-Ард кинотеатр-Бөмбөгөр худалдааны төв”
- Ч:54Z “Яармаг-10 хороолол-3,4 хороолол-МҮИС”
- Ч:48Z "Зүүн салаа-Чингэлтэй дүүрэг-МУБИС"
- Ч:48А-Z Зүүн салаа-Шинэ зам-Чингэлтэй дүүрэг-МУБИС гэсэн чиглэлүүдэд түр өөрчлөлт орох аж.
3,548.92















































