Нэмэлт:
Тодруулбал: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Батхишигт эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж,
Шүүгдэгч Б.Ганхуягийн үйлдсэн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, улмаар уг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Харин гэмт хэргийн замаар нэгэнт олсон эд хөрөнгө, мөнгийг өөр зүйлд захиран зарцуулж, хэлбэрийг нь өөрчлөх замаар мөнгө угаасан үйлдлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж давхар зүйлчилсэн нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, давхардуулах хариуцлага ногдуулахгүй байх зарчимд нийцээгүйгээс гадна шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.
Иймд шүүгдэгч Б.Ганхуягийн холбогдсон гэмт хэргүүдээс үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг, мөн шүүгдэгч Б.Отгонжаргалын холбогдох хэргүүдээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Ингээд шүүгдэгч Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, ялыг 2 жил 6 сар хорих, шүүгдэгч Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сар хорих, шүүгдэгч Б.Отгонжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил хорих ялаар тус тус тогтоож, бусад нэр бүхий шүүгдэгч нарт оногдуулсан хорих болон торгох ялыг тус тус хэвээр үлдээж, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Б.Отгонжаргал, И.Даваадорж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Мөн зарим шүүгдэгч нараас гаргуулбал зохих мөнгөн дүнг зөвтгөн өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Тус хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг тэмдэглэж байна.
НЭМЭЛТ:
Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөж байна.
Т.АЮУРСАЙХАН НАРЫН ГОМДЛЫГ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн давж шатны шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө /2024.09.12/ үргэлжилж байна. Шүүх хурал нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн байранд өглөө 09.00 цагт эхэлжээ. Шүүх хурлын эхний өдөр шүүгдэгч нар болон өмгөөлөгчдийн давж заалдах гомдлоо танилцуулснаар хаалттай хэлэлцсэн гэдгийг албаныхан мэдээлсэн.
Хуралд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын дөрвөн шүүгдэгч хорих ангиас оролцож байгаа аж.
Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 15 хоног үргэлжилж 2024 оны нэгдүгээр сарын 31-нд шийдвэрээ гаргасан. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, И.Даваадорж, Б.Отгонжаргал, П.Бадамханд, О.Дагвадорж, Б.Эрдэнэбаяр, Х.Батхишиг, Т.Түвшинбаатар, Г.Гантөмөр, О.Данзанлувсантүдэв нарт шүүхээс ял оноосон юм.
Тэгвэл нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/94 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.А, Т.Т, И.Д, Б.О, Г.Г, Б.Г, Х.Б, Б.Э, О.Д, П.Б, О.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны наймдугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хаалттайгаар хянан хэлэлцсэн байдаг.
Давж заалдах шатны шүүх 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх явцад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх сидиг хэргийн хамт давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй байх тул дээрх сидиг эд мөрийн баримтын бүрэн бүтэн байдлыг хангасан хэлбэрээр ирүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгаж, тус 11 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлээд байсан юм.
3,595.72






















































Холбоотой мэдээ