Парисын олимп Монголын спортын салбар дэлхийн түвшинд хаана байгааг тодорхой харуулав. Өмнөх Токиогийн олимптой харьцуулахад баг тамирчдад зарцуулах төсөв нэмэгдсэн ч олимпод оролцогсдын тоо, спортын төрөл багасч, нэг мөнгөн медаль хүртжээ. Угтаа монголчууд Парисын олимпод баг тамирчдаасаа илүү өндөр амжилт хүлээж байсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл амжилт гэхээсээ илүүтэйгээр хэрүүл шуугиан ихтэй, хоолзүйч, сэтгэлзүйч гээд өнөө цагт спортын салшгүй нэг хэсэг болсон арын албаны хүмүүсээ авч яваагүй гэх.
Нөгөө талдаа Монголын спортын салбарт салхи оруулах цаг болжээ. Ингэхдээ дасгалжуулагч, тамирчдын түвшинд шинэчлэл хийх хэрэгтэй болсон нь харагдав.
Олимп бүрээр л өнөөх дасгалжуулагч, тамирчид явдаг нь нууц биш. Дотоодын өрсөлдөөн хумигдаж, нэг жин, төрөлд ганцхан тамирчин ноёрхсон учир олимпод явуулчих өөр тамирчин алга. Залуусын ч амбиц багасч, олимп, дэлхийн дэвжээнээс улам алсрах шиг. Угтаа үүнийг шийдэх арга нь легионер тамирчин болон гадаадын дасгалжуулагч, мэргэжилтнийг нэг олимпийн цикльд ашиглах явдал юм. Үүний хамгийн тод жишээ нь Саид Моллаей. Жүдогийн эрэгтэйчүүдийн -81 кг-ийн дотоодын өрсөлдөөн унаж, 1-2 тамирчны дунд өрсөлдөөн өрнөдөг байв. Гэтэл Саид Моллаей Монголын иргэншил авснаар Токиогийн олимпод өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн билээ. Эсрэгээрээ Б.Хорлоодой, Б.Нармандах нар Арабын Нэгдсэн Эмиратын нэр дээрээс барилдаж, тус улсын жүдод шинэ амжилтуудыг авчирч буй. Эдгээр тамирчид легионер тамирчид үр дүн авчирдгийн жишээ.
Өнгөрсөн Парисын олимпоор жүдо, чөлөөт бөхийн тамирчид олноороо иргэншлээ сольсон байгааг та бүхэн харсан биз. Улсынхаа шигшээ багийн нэгдүгээр сонголт болж чадаагүй тамирчид легионер тамирчнаар иргэншлээ сольж, амжилт гаргаж байна.
Жишээлбэл, ОХУ-ын Эрхүүд төрж, өссөн Сомон Махмадбеков Тажикстаны нэр дээрээс хүрэл медаль, Украин гаралтай Зелим Олегович Азербайжаны нэр дээрээс алтан медаль, Японы шигшээ багийн хоёр, гуравдугаар сонголт байсан Криста Дэгүчи алтан медаль гээд л олон жишээ бий.

Чөлөөт бөх дээр Чечен, Осет, Дагестаны залуус Оросыг орхиж, Европ, Араб даяар тархаж, нэр алдраа дуурсгаж байна. Дурдвал, Бахрейны Ахмед Тажудинов, Албанийн Ислам Дудаев, Грекийн Даурен Куруглиев, Болгарын Магомед Рамазанов гээд дуусахгүй.
Багийн спорт дээр ч мөн ялгаагүй. Испанийн сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ хоёулаа легионер тамирчинтай. Угтаа тэд энэ спортдоо тэргүүлэгч гүрэн. Гэтэл легионер тамирчны хэрэгцээ гарч л байна. Дотоодын дутмаг нөөц бололцоогоо гадаадаас эрэлхийлэх нь хэвийн үзэгдэл болчихжээ. Улс орнууд ч тамирчдынхаа амжилт, ялалтаар уралдаж, бие биетэйгээ өрсөлддөг болов.
Хэн амжилт гаргасан нь бус ямар амжилт гаргасан нь л чухал гэдгийг улс орнууд онцолж байна.

Дасгалжуулагчийн тал дээр бүр ч их анзаарагдана. Үндсэрхэг үзэлтэй, нөөц бололцоо, хангамж сайтай Хятад улс л гэхэд эмэгтэйчүүдийн гимнастикийн баг дээрээ Оросын Анастасия Близнюк гэх олимп, дэлхийн аваргыг техникийн дасгалжуулагчаар авч, үр дүнд нь Парисаас алтан медаль хүртэв. Энэтхэг л гэхэд хөнгөн атлетикийн баг тамирчид дээрээ гадаадын зургаан дасгалжуулагч урьж, авчирсан гэнэ.

Жүдо дээр Грекийн домогт аварга Иллиас Илиадис өдгөө Узбекистаны шигшээг удирдаж байна. Түүний удирдлага дор Узбекистаны жүдо хурдацтай хөгжиж, Парисын олимпоос нэг алт, хоёр хүрэл медаль хүртэв. Узбекистан бол жүдод тэргүүлэгч гүрэн. Тэд олимпийн наадмаас түүхэндээ нэг алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн. Ийм түүхтэй улс дотоодын арга барил тааруу байгаа учраас л гадаад дасгалжуулагч авсан нь гарцаагүй.
Монголын спортын төрөл бүр дээр л легионер тамирчин, дасгалжуулагчийн шаардлага үүссэн нь нууц биш. Багийн спорт, ганцаарчилсан спорт ялгаа байхгүй.
Мэдээж төлбөр мөнгөний асуудал яригдана. Дор хаяж сарын 10 мянган ам.долларын үнэтэй байх сурагтай. Монголчууд спортод элэгтэй. Үүнийгээ ч төсөв хөрөнгөөрөө хангалттай харуулдаг. Парисын олимпод зориулж, 255 тэрбум төгрөг төсөвлөсөн гэдгийг санах хэрэгтэй. Өнөөдрийн ханшаар 75.4 сая ам.доллар. Энэ мөнгийг зөв зохистой ашиглаж чадвал үр дүн гарах нь гарцаагүй.
Хуулийн тал дээр Монгол Улс хоёр иргэншлийг зөвшөөрдөггүй учир энэ тал дээр өөрчлөлт, шинэчлэлт хийх нь зайлшгүй. Спортын өндөр ур чадвартай тамирчид, дасгалжуулагч, шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид дээр хоёр иргэншлийн талаар хуулиндаа тусгай заалт оруулж, гэрээгээр үүрэг, хариуцлагыг нь тодорхой заагаад өгчихвөл асуудал тарихгүй биз.
3,595.72






















































Холбоотой мэдээ