Хурим найрын хамгийн завгүй, оргил ачаалалтай сарууд үргэлжилж байна. Анх БНМАУ тунхагласны 50 жилийн ойн баярыг тэмдэглэх үед ЗХУ-ын Төрийн тэргүүн Л.И. Брежнев болон хүндэт зочид төлөөлөгч нар Монгол Улсад хүрэлцэн ирж байжээ. Тухайн үед Монголын Төрийн тэргүүн Ю.Цэдэнбалын гэргий А.И.Цэдэнбал Филатова Улаанбаатар хотод залуу хос гал голомтоо бадраах, хуримын ёслол үйлдэх ордон байгуулах санаачилгыг гаргасан байна. Ийнхүү ЗХУ-ын буцалтгүй тусламжаар “Гэрлэх ёслолын ордон” барих шийдвэр гарч, их бүтээн байгуулалт өрнөн Монголд төдийгүй Төв Азид анх үүдээ нээсэн ордон болсон тухай “Нийслэлийн гэрлэх ёслолын ордон”-ний ёслол үйлчилгээний менежер, ёслол удирдагч Н.Амгалан хуучиллаа. Тэрбээр амьдралынхаа 20 гаруй жилийг тус газарт ажиллаж өнгөрөөжээ. Нийтдээ 20 мянга гаруй гэр бүлийг баталсан байна. Өнөөдөр ч бас түүний завгүй өдрүүдийн нэг. Түүнээс “Нийслэлийн гэрлэх ёслолын ордон”-ны үйл ажиллагааны талаар товч тодрууллаа.
ЗАЛУУЧУУД ЗААВАЛ ДАШНЯМ, БАЛЖИННЯМТАЙ ӨДРИЙГ СОНГОХОО БОЛЬСОН
Энэ жилийн хамгийн сайн өдөр гэж зурхайд буусан есдүгээр сарын 19-нд “Нийслэлийн гэрлэх ёслолын ордон”-д 50 орчим хос хуримаа хийхээр захиалга өгчээ. “Нийслэлийн гэрлэх ёслолын ордон” нэгдүгээр сарын 2-ний өдрөөс эхлэн тухайн жилийнхээ хуримын захиалгыг авч эхэлдэг байна. Өмнөх жилүүдийг харвал зөвхөн билигт сайн өдөр өндөр ачаалалтай бусад өдөр хүн багатай байдаг байсан бол орчин үеийн залуучууд заавал сайн өдөр гэж ач холбогдол өгөхгүй өөрсдийн хүссэн өдөр, цагтаа гэр бүл болохыг сонгодог болжээ. Энэ жилийн хувьд хурим найрын оргил сар болох найм, ес, аравдугаар сард бүхий л өдөр ижил шахуу ачаалалтай байгаа гэнэ.
Нийслэлийн гэрлэх ёслолын ордонд өдөрт дунджаар 60-70 гаруй гэр бүл үйлчлүүлж байна.
ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДНЫ ТӨЛБӨР 1.6-2,5 САЯ ТӨГРӨГ БАЙНА
“Нийслэлийн гэрлэх ёслолын ордон”-ны төлбөрт хоёр танхимаар үйлчлүүлэх эрх, ерөөлч магтаалч, дурсгалын зураг, бичлэг, бэлэг гээд бүх төрлийн цогц үйлчилгээ багтдаг. Эдгээр бүх үйл ажиллагаа нийлээд нэг цаг орчим болдог байна. Уг төлбөрийг ихэнх хосууд боломжийн гэж үздэг учраас сэтгэл хангалуун бус үлддэг гэр бүл байхгүй гэнэ. Жил бүрийн найм, ес, аравдугаар сар оргил ачааллын үе байдаг учраас үйлчлүүлэгчдийн хүссэн цагт буюу шөнийн 00:00 цаг, үүрийн 04:00 цагт ч Нийслэлийн гэрлэх ёслолын ордон ажилладаг. Зарим хосуудын хувьд зөвхөн гэр бүлээ батлуулаад хурим, найрын үйл ажиллагаагаа өөр газарт тэмдэглэх тохиолдол байдаг учраас цагийн хувьд уян хатан байдаг гэв. “Нийслэлийн гэрлэх ёслолын ордон” нийт 100 орчим хүн хүлээн авах хүчин чадалтай. Гэхдээ хуримаа хийж байгаа хосууд дунджаар 50-60 орчим хүн дагуулж ирэх боломжтой юм байна.

НИЙСЛЭЛИЙН ТӨСВӨӨС ЖИЛ БҮР УРСГАЛ ЗАСВАР ХИЙДЭГ
Ордны барилга 1976 оны зургадугаар сарын 14-ний өдөр нээлтээ хийж тухайн өдрөө, анхны хуримлагчдыг хүлээн авч гэр бүлийн баталгаа олгон, шинэ сууцны түлхүүр гардуулж байжээ. Түүнээс хойш жил бүр жижиг хэмжээний урсгал засвар хийж ирсэн байна. Гэхдээ анхнаасаа маш сайн чанартай барьсан барилга учраас одоо ч үнэ цэнээ алдаагүй. Тус ордныг Монгол, Зөвлөлтийн барилгачид барьж, дотоод заслыг Ардын зураач Д.Амгалан, сийлбэрч Л.Чуваамид нарын уран бүтээлчид ур ухаанаа хослуулан бүтээжээ.
ЕСӨН ЭРДЭНИЙН ХУРИМАА ХИЙХ ХҮМҮҮС ОЛШИРЧЭЭ
Өнөөдрийг хүртэл тус газар 40 мянга гаруй хосын гэрлэлтийг бүртгэн авчээ. “Нийслэлийн гэрлэх ёслолын ордон” 2023 оноос хойш “Есөн эрдэнийн хурим” зохион байгуулдаг болсон. Гэр бүл болсон ч хуримаа хийж байгаагүй хүмүүс, мөн анх байгуулагдахад нь хуримаа хийж байсан хосууд 20, 30 жилийн дараа мөнгөн хуримаа дахин эл ордонд хийхээр ирдэг байна.
Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Гэрлэх ёслолын ордны дэргэд 12 ханатай, 108 уньтай, сийлбэртэй “Их өргөө” гэрийг барьж, 2010 оны зургадугаар сарын 21-ний өдөр нээлтээ хийж, хуримын хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа болон сургалт семинар зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг болжээ.
“Есөн эрдэнийн хурим” нь олон залуучуудад гэр бүлийн хайр урт удаан хугацаанд оршин тогтнох боломжтойг харуулдаг гэнэ. “Нийслэлийн гэрлэх ёслолын ордон” өөрөө олон гэр бүлийн хайр шингэсэн сайхан газар. Энд орж ирсэн хүмүүс ямар гоё энергитэй юм бэ гэж байнга хэлдэг. Хурим гэдэг өөрөө зөвхөн хоёр хосыг батлахаас гадна удаан уулзаагүй ах дүүсийг уулзуулдаг сайхан баяр” хэмээн Н.Амгалан ярьсан юм.
3,548.92



















































Холбоотой мэдээ