Сурвалжлага: Томуу ихэсч, өрхийн эмнэлгүүдийн ачаалал 2 дахин өсчээ

Хуучирсан мэдээ: 2024.09.10-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Томуу ихэсч, өрхийн эмнэлгүүдийн ачаалал 2 дахин өсчээ

Сурвалжлага: Томуу ихэсч, өрхийн эмнэлгүүдийн ачаалал 2 дахин өсчээ

Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн цаг агаар сэрүүссэн нь ханиад томуу тархах эрсдэлийг нэмэгдүүллээ. Дээр нь сургууль, цэцэрлэг, орон сууц, албан газрууд халаалтаа аваагүй ханиад томууны тархалтыг "өдөөж" байна. Эрүүл мэндийн байгууллагаас ханиад томуугийн өвчлөлийн 35 дахь долоо хоног үргэлжилж байгаа талаар мэдээлжээ.

ТОМУУГИЙН ӨВЧЛӨЛ 0-15 НАСНЫХНЫ ДУНД ЭРС НЭМЭГДЖЭЭ

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 14 хувийг амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу томуу, томуу төст өвчний шалтгаан эзэлж байна.

Тэгвэл ханиад томуу нь хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн 80 орчим хувийг 0-15 насны хүүхдүүд, тэр тусмаа 0-4 настайхан 70 орчим хувийг эзэлж байгаа гэсэн статистик гаргасан байна.

"Халдвар судлалын тандалтаар томуугийн өөрийн вирус одоогоор орж ирээгүй байна. Sars cov 2, адино, рино гэсэн вирусүүд тархаад байна. Эдгээр вирусүүд нь томуут, томуут төст өвчнийг үүсгэдэг буюу бидний ханиад шуухнаа гэж нэрлэдэг өвчлөл юм. Энэ нь хамраас нус гарах, ханиалгах зэрэг шинж тэмдгийг үзүүлдэг. Яг энэ вирусийн хувьд өвчлөл нь харьцангуй бага, гэхдээ бага насны хүүхдүүд дунд хүндрэх эрсдэл их байна" хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ТҮН-ийн халдвар судлагч их эмч Ч.Уртнасан ярилаа.

Томуу, томуу төст өвчинтэй зэрэгцэж Covid-19 бүртгэгдэж байна

ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГСДИЙН ТОО ӨМНӨХ ЖИЛҮҮДЭЭС ӨСЧЭЭ

Тэгвэл эмчлэгч эмч нарын зүгээс "Нийслэлд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дунд ханиад, томуу харшлын суурин дээр нэмж хүндрэх тохиолдол их байна. Гэхдээ эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эдгэрэлт хурдан явагдаж байгаа. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд нэг газар олноороо цуглардаг. Мөн сургуулийн өмнөх бэлтгэлд зориулж эцэг, эхчүүд хүүхдүүдээ гадуур дагуулж явах нь түгээмэл байдаг. Үүнээс шалтгаалан өмнөх жилүүдэд ч мөн энэ үеэр ханиад томуугийн тохиолдол их байсан. Гэхдээ энэ жилийн хувьд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо харьцангуй их байна Үүний шалтгаан, нөхцөлийг эрүүл мэндийн байгууллагаас одоогоор тогтоогоогүй. Тиймээс томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол өрхийн эрүүл мэндийн төвдөө хандахыг зөвлөж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийнхөө эмчийн зааврын дагуу эмчилгээ, үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.

Дураараа эм уух, эмчилгээ хийх зэргээс шалтгаалан хүүхдүүдийн дунд эмийн тасалдал үүсэх эрсдэлтэй байна.

Хүүхдүүд ганцхан эм хэрэглээд шинж тэмдэг нь дарагдахгүй, хавсарсан эм хэрэглэх шаардлагатай тохиолдол их бий. Нөгөө талаар эмийн замбараагүй хэрэглээнээс болж хүүхдийн өвчлөл хүндэрч байна байна. Тиймээс заавал эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатайг зөвлөе" гэв.

Яг одоогоор Монгол Улсад агаарын температур халуун, хүйтэн ээлжилсэн улирал болж байна. Энэ үеэр иргэд зохимжгүй хувцаслах, хямрах, дархлаа суларснаас шалтгаалан томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаа талаар эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.

ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДЭД ТОМУУГИЙН ВАКЦИН ХИЙЖ БАЙНА

Монгол орон даяр улирлын томуугийн вакцинжуулалт наймдугаар сарын 20-ноос хойш үргэлжилж байна. Үүнд 0-5 хүртэлх насны хүүхдүүд, 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, эмнэлгийн ажилчид болон олон нийттэй харилцдаг үйлчилгээний байгууллагын ажилчдыг хамруулах юм.

Нийт 300 тун вакцинаар вакцинжуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар уг ажил 20 орчим хувьтай үргэлжилж байна.

Томуугийн вакциныг харъяа өрхийн эрүүл мэндийн төвд хийх ба томуугийн улирлаас шалтгаалан ачаалал ихтэй байгаа аж.

Тодруулба,л өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өдөрт дунджаар 35-50 хүн үйлчлүүлж байгаа бол үүний 70 орчим хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн хэлж буйгаар "Энэ долоо хоногоос эхлэн ачаалал хоёр дахин нэмэгдсэн. Ихэвчлэн ханиалгасан, халуурсан, амьсгалахад хүнд болсон зэрэг шинж тэмдэгтэй хүүхдүүд ирж байна. Цаг агаар эрс хүйтэрч байгаа учраас цаашдаа ачаалал илүү нэмэгдэх хандлагатай байна" гэв.

Томуугийн улирал аравдугаар сард эхэлдэг. Энэ жилийн хувьд харьцангуй эрт эхлэх байдал ажиглагдаж байгаа талаар эрүүл мэндийн байгууллагаас хэлж байна. Өөрөөр хэлбэл, томуугийн улирал бидний яг өмнө байна гэсэн үг. Энэ жилийн хувьд Улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэх эрсдэл өндөр байгаа. Уг өвчлөлийн хамгийн эхний шинж тэмдэг нь томуу, томуу төст өвчинтэй төстэй. Түүнчлэн томуу, томуу төст өвчин Улаанбурхан өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс аливаа эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай юм.

Удахгүй нийтийн халаалт ирж гэрт, сургууль, цэцэрлэгт дулаахан болох ч хүүхдүүдийнхээ дархлааг дэмжиж, эрт унтуулж, гаднаас орж ирэхэд нь гарыг нь тогтмол угаалгах дадлуудыг эцэг эхчүүд хүүхдүүддээ үргэлж захиж хэлэх ёстойг эмч нар сануулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж