Монголын хөлбөмбөгийн шигшээ баг маргааш/2024.09.10/ Улаанбаатар хотноо маш хариуцлагатай чухал нэгэн тоглолтыг Зүүн Тиморын эсрэг хийх гэж байна. Азийн цомын урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолтууд эхэлсэн бөгөөд "Хөх чононууд" эхний шатанд Зүүн Тимортой учраа таарсан. Өнгөрсөн долоо хоногт хоёр баг Индонезид эхний тоглолтоо хийхэд Зүүн Тимор 4-1 гэсэн харьцаатай илт давуу ялалт байгуулсан. Улмаар Монголын шигшээ баг талбай дээрээ дор хаяж гурван гоолын илүүтэйгээр хожих даалгавартай үлдэв.
Монголын шигшээ багийн шинэ ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай багаа удирдан анх удаагаа эх орондоо тоглоно. Түүний эхлэл тааруу байсан ч алдаагаа засч, хожил байгуулах боломж бүрэн бий. Өнөөдөр хоёр багийнхан хэвлэлийн хуралд оролцжээ. Энэ үеэр Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай, тоглогч Х.Цэнд-Аюуш нар “Бид Индонезиос хүндхэн даалгавартай буцаж ирсэн. Өмнөх шатны тоглолтдоо хамгаалах тактиктай тоглосон бол энэ удаад довтлох тактик барина. Бүхий л нөөц бололцоогоо дайчлан тоглоно. Өөрийн талбай, өөрийн хөгжөөн дэмжигчид, сэтгэл зүйн тал дээр бидэнд илүү давуу байдал бий болж байгаа учир бүх хүчээ дайчлан хожлын төлөө хичээх болно. Хөлбөмбөгийн үзэгч, сонирхогчдоо өргөнөөр ирж биднийг дэмжихийг хүсье” гэлээ.

Харин Зүүн Тиморын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Саймон Пабло “Тоглолтын хувь заяа хаашаа ч эргэж магадгүй нөхцөлд байна. Бид Монголын тамирчдыг хүндэлж байна, тэд ямар тэсвэр хатуужилтай гэдгийг бид өнгөрсөн хугацааны тоглолтуудаас харж ойлгосон. Монголын талбайн зүлэг Бали хотынхоос ялгаатай байна. Гэхдээ бид аль болох үүнтэй зохицохыг хичээж байна” гэв.
Монгол, Зүүн Тиморын шигшээ багуудын тоглолт маргааш 16.00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны төв талбайд болно.

3,595.72















































