Францын нийслэл Парис хотод болсон зуны 17 дугаар паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд мөнгөн медаль хүртсэн “Парис-2024” паралимпийн Монгол Улсын багийн тугч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ дасгалжуулагч Д.Баттулгын хамт маргааш өглөө 07:30 цагт эх орондоо хүрэлцэн ирэх болжээ.
Тэрбээр “Рио-2016”-гоос хүрэл, ”Токио-2020”-гоос алт, “Парис-2024” наадмаас мөнгөн медаль хүртсэн паралимпийн Монгол Улсын анхны тамирчин болсон юм. Түүний хамт байт харваа, усанд сэлэлт, жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн Монголын баг тамирчид хүрэлцэн ирэх юм байна.
Энэ удаагийн наадамд Монгол Улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин өрсөлдөж, нэг алт, гурван мөнгө, дөрвөн шагналт байрт орсон амжилтаараа 57 дугаар байрт жагсав.
Парисын паралимпийн наадамд спортын зургаан төрөлд 12 тамирчин эрх авч өрсөлдөж, тэднээс дөрөв нь медальд хүрсэн нь түүхэн амжилт болох юм.
Паралимпийн эхний өдөр таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К44 ангилалд тулалдсан У.Сүрэнжав аваргалсанаар паралимпийн наадмын анхны алтан медальт Монгол эмэгтэй тамирчин болов. Түүний хувьд ДАШТ-ээс мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадмаас медаль хүртсэн.
Удаах өдөр нь таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэнээр паралимпийн мөнгөн медальт анхны Монгол тамирчин болсон юм. Тэрбээр ДАШТ-ээс таван алт, Ази тивээс таван алтан медальтай ба “Ханжоу-2022” Азийн наадмын аварга болсон тамирчин.
“Парис-2024” паралимпийн наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Ц.Баттулга 11.9 метрийн шидэлтээр мөнгөн медаль хүртсэн нь мөн анхдагч амжилт. Тэрбээр өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн.
Паралимпын сүүлийн өдөр пауэрлифтингийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд өрсөлдсөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 248 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртсэн юм. Ийнхүү паралимпийн тамирчид гялалзсан амжилт үзүүлэн эх орондоо ирэх болж байна.
3,548.92






















































Холбоотой мэдээ