"Одоо цагт Хорлоо байтугай Хоролмаа нар олширсон байна"

"Одоо цагт Хорлоо байтугай Хоролмаа нар олширсон байна"

"Одоо цагт Хорлоо байтугай Хоролмаа нар олширсон байна"

Урт хар даашинзаа түрийтэй цагаан гуталтай хослуулан гоёсон эмэгтэй нүдэнд содон тусав. Болзсон цагтаа уулзах газраа ирсэн тэрбээр над руу гар даллан инээмсэглэх нь нэг л дотно мэдрэмж төрүүлнэ. Түүний дүрлэгэр алаг нүд, нүүр дүүрэн инээмсэглэл яг л хэвээрээ. Зарим нь түүнийг хараад шууд л таньж байгаа байх. "Олон хүүхэд өнчрүүлсэн муухай хүүхэн" хэмээн үзэгчдэд үзэн ядагдаж, тухайн нийгмийнхээ жигшил зэвүүцлийг нь төрүүлж чадсан дүрийн нэг “Гарын таван хуруу” киноны Хорлоотой та бүхнийг уулзуулж байна. Киноны гол дүр болох Шагдарын сэтгэлийн булаасан Хорлоогийн дүрд тоглохдоо тэр 27 настай байжээ. Тэрбээр одоо БНСУ-д амьдардаг бөгөөд эх орондоо амрахаар ирээд байхад нь түүнтэй ярилцах боломж олдсон юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


-Үзэгчдийн мэдэх Хорлоо өнөөдөр ч яг хэвээрээ байна?

-Баярлалаа. Яаж залуу насыг минь гүйцэх вэ?

-Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг үүлэн чөлөөний нартай зүйрлэх нь бий. Таны хувьд гоо үзэсгэлэнгээ дотроо ч гаднаа ч "аргамжиж" чадсан сайхан эмэгтэй юм.

-Гадаад хэлбэр хөөцөлдөх дэмий. Бүгд залуу насандаа сайхан үзэсгэлэнтэй байдаг. Энд бардаж хэрэггүй. Хамгийн гол нь сэтгэл. Чи өөрөө бүхнийг хайрладаг байх хэрэгтэй. Алдсан хүнээс айх биш алдаагаа хүн рүү чихдэг хүнээс ай гэдэг үг үнэн санагддаг.

Хүний дотор сэтгэлд бурхан, чөтгөр хоёулаа байгаа. Алийгаа илүү хөгжүүлснээрээ л амьдарна.

Хүний сайн талыг ярихгүй муу талыг нь шүүрч авдаг хүмүүс надад уйтгартай санагддаг. Тийм хүмүүсээс шууд зугтмаар санагддаг. Энэ бол хамгийн хэрэггүй зан. Зүгээр л хэнийг ч ялгахгүй хайрлах хэрэгтэй.

-Таныг Өмнөд Солонгос руу буцахаас өмнө ярилцах гэж яарлаа. Буцах хоногоо хэд хоногоор хойшлуулах болсон шалтгааныг нь асууж болох уу?

-Бололгүй яахав. Миний хувьд эх орондоо жил бүр ирэхийг боддог. Цар тахлын үеэр хоёр жил ирж чадаагүй. Бас өнгөрсөн зун Монголдоо ирж амжаагүй. Харин энэ жил ханьтайгаа зорин зорин ирлээ. Маш сайхан амарлаа. Хань маань түрүүлээд нутаг буцсан.

Энэ жил манай Хөгжим бүжгийн дунд сургуулийн ардын бүжгийн ангийн төгсөлтийн 50 жилийн ой тохиож байгаа юм. Бид 15-уулаа төгсч, 40 жилийн уулзалтаараа наймуулаа уулзаж байсан бол 50 жилийн ойгоороо тавуулаа л уулзах гэж байна. Жил ирэх тусам цөөрч байна даа.

-Тэндээ ажиллаж, амьдраад 20 гаруй жил болжээ?

-Тэгсэн. Би анх 2000 онд явсан. Тэнд 24 жил болсон байна. Цаг хугацаа хурдан өнгөрчээ. Тэгсэн хэдий ч солонгосоор ус цас ярьж чадахгүй л байна. Сургууль номыг нь сурч төгсөөгүй болохоор тэр биз.

-Таныг бүжигчин мэргэжлээр нь хүмүүс төдийлөн мэддэггүй юм шиг санагддаг?

-Дарханыхаа гудамжаар алхаж, театр руугаа орсон. Дан залуу уран бүтээлчид болжээ. Таних ч хүн алга. Тэр битгий хэл бидний зургийг аваад хаячихсан байна лээ. Уг нь үүдний хэсэгт анхдагч уран бүтээлчдийн зураг өлгөөтэй байсан юм. Хөөрхий бас театрынхаа суурийг тавилцаж байсан хүмүүс шүү дээ. Би өөрөө жижүүрт нь “Тайз руугаа гарч үзмээр байна” гэж хэлж орсон. Тийм л болсон байна лээ. Жаахан эвгүй л юм билээ. Даргатай нь уулзаж юм хэлмээр байсан ч бүгд амарчихсан байсан.

Бас Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурт амарчихаад ирсэн.

Хүүхэд байхад тэндхийн хүүхдийн зусланд их амардаг байсан. Би хоёрдугаар ангиасаа ахыгаа дагаад зусланд амарна. Долоо хоноод л гэрээ санадаг хүүхэд байсан болохоор аав маань ирж авна. Энэ жил зорьж очмоор санагдаад, ханьтайгаа очлоо. Эх орны минь хөдөө нутаг маш сайхан. Өглөө эрт хөдөө нутагт сэрж, хөхөө шувууны дуу сонсох дуртай. Ирэхээрээ голдуу хөдөө л явдаг даа.

-Дарханы театрын бүжигчин гэж яригддаг ч Хэнтий аймагт хүүхэд насаа өнгөрөөжээ?

-Тийм ээ. Манай аав хариуцлагатай нарийн бичгийн дарга хүн байсан. Манайх 1962 онд томилолтоор хотоос Хэнтий аймагт ажиллахаар очиж, би тэнд бага сургуульд орсон. Би чинь дээрээ эгч, ахтай доороо зургаан дүүтэй хүн л дээ. Олон эрэгтэй дүүтэй болохоор их эршүүд өссөн. Хүүхэд байхад аймгийн соёлын ордонд үнэгүй жүжиг их үзнэ.

Тухайн үеийн жүжигчид дуулж, хөгжимдөж, бүжиглээд л… Би яг тийм л хүн болохыг хүсдэг байлаа.

Тэгсэн 1970 онд урлагийн сургуулиас хүн ирж, "Хүүхэд шалгаж авч байна" гэхээр нь ангиараа гүйгээд очсон. Манай ангиас дөрвөн хүүхэд тэнцсэний нэг нь би. Хотод иртэл жүжигчний анги биш бүжгийн ангид тэнцсэн болж таарсан. Тэр үед насаараа бүжиг бүжиглэнэ гэхээр жаахан сонин санагдаж билээ. Тэгж л бүжигчин болсон хүн дээ.

МУГЖ Д.Долгор багштайгаа хамт.

"ДАРХАНЫХАН НАМАЙГ ЭНЭТХЭГ БҮЖГЭЭР САЙН МЭДНЭ, ОЛОН Ч УДАА ДАХИУЛДАГ БАЙЛАА"

-Хөгжим бүжгийн дунд сургуулийн анхны бүжгийн төгсөлт үү?

-Манай анги найман жилийн программыг дөрвөн жилд үзсэн, ардын бүжгийн анги. Одоогийн бүжиг дэглээч С.Сүхбаатарын анги төгссөний дараа манай анги  төгссөн. Сургуулиа төгсөхийн өмнө ангиараа Соёлын яаманд өргөдөл гаргаж, Дарханы шинэ театрт очиж ажиллах хүсэлтээ өгсөн. Тэгсэн чуулгад эрэгтэй бүжигчин цөөн байсан учраас хот руу наймыг, Дархан руу долоон бүжигчин хуваарилсан. Тэгээд очсон чинь театрын барилга ч үгүй, суурийг нь ухаж байсан.

Хөгжим бүжгийн дунд сургуулиа төгсч очсон жилээ 1974 онд Баянхонгор аймагт театрын нээлт болж, Сэлэнгэ, Дархан, Баянхонгор гурван аймгийн чуулга уулзалтад явсан.

Тухайн үедээ энэтхэг бүжгийн “үелзүүр” Долгор хэмээх Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Долгор багш биднийг анх дагуулан явж байлаа. Мэргэжлийн багш маань шинэхэн төгсөгч долоон бүжигчнээр цыган, орос бүжиг зэрэг олон төрлийн бүжиг дэглэж, бүжиглүүлдэг. Тэр чуулга уулзалтад явснаараа Дарханы бүжигчид гарч ирсэн гэж хэлж болно. Би Дарханы театрт 1974 оноос хойш 2000 он хүртэл бүжигчнээр ажилласан.

-Танай төгсөлтөөс хэдэн гавьяат төрсөн бэ?

-Л.Баттуул, С.Соёл-Эрдэнэ, Г.Зоригт, Ц.Алтангэрэл гээд дөрвөн гавьяаттай.

-Театртаа бүжиглэж байсан сайхан цагаа дурсахгүй юу. Бүжгийн хэчнээн гоцлолтой вэ?

-Манай чуулга уран сандаа 160 гаруй бүжигтэй. Надад бүжиглэж байсан гоцлол олон бий. Гавьяат жүжигчин Д.Долгор багш маань надад зориулан энэтхэг бүжгээс гадна “Ямандаг” хэмээх хос бүжгийг дэглэж байлаа. Мөн Мандхай, Энэтхэг, Хэвтүүл, Баяд, Мянгад, Үелзүүр, Эрдэнэс гэх мэт бүжгүүд байна. Тэр дунд орчин үеийн бүжиг ч багтаж байгаа. Дархан хотынхон намайг энэтхэг бүжгээр минь их сайн мэднэ. Олон ч удаа дахиулдаг байлаа. Миний хувьд үйл явдалтай, тоглолттой бүжиг хийх дуртай байсан.

-БНСУ-д очсон ч урлагаа орхилгүй хамтлаг хүртэл байгуулсан гэдэг?

-Манай театрын морин хуурч залуу тэнд гэрээгээр ажиллахаар очсон байсан. Миний бүжгийн хамтрагч, хийл хөгжмийн багш н.Энхээтэйгээ нийлээд тоглолт зохион байгуулдаг байлаа. Баяд, мянгад бүжгээ бүжиглэчихнэ, нийлээд испани бүжгээ хийчихнэ, хоёр дуучнаа дуулуулж, морин хуураа тоглочихно. Тэр битгий хэл олон улсын фестивальд 2002 онд оролцож, Л.Баттуул гавьяат маань ирж бүжиглэсэн.

Тэнд эх орныхоо туг далбааг барьж оролцон, ардын урлагаа сурталчилж байлаа. Тэр үед фестивальд зориулсан сэтгүүлийн нүүрэнд нийтлэх зураг хэрэгтэй гэхээр нь орны цагаан даавууны өмнө бүжгийн хувцастайгаа бүжиглэж зургаа авхуулсан дурсамж байдаг юм.

-Гадаадад ажиллаж, амьдрахад амаргүй цаг үе олон байсан байх. Одоо ямар ажил хийж байна вэ?

-Өмнөд Солонгост очоод эхний жилүүдэд зожигрох тал руу орж байгаагаа мэдэрсэн. Бүжгээ хиймээр санагдаад. Бүжиг гарвал зурагтаа унтраана. Би ингэж явах ч гэж дээ гэж бодогдох үе байсан. Хүн өөр өөртэйгөө л ажиллах ёстой юм билээ. Би хүүхэд байхын их ном уншдаг байсан болоод ч тэр үү ангийнхан маань намайг “гавал” гэж дуудна. Найзууддаа “Алдаагаа өөрөөсөө хайж бай. Хэнд ч битгий гомд. Юуг ч битгий гайх” гэж хэлдэг байсан.

Өмнөд Солонгос улсад анх очоод үйлдвэрт ажилд орсон. Сууж ажиллах дургүй байсан учраас төмрийн үйлдвэрт ажиллаж байгаад нэг удаа бэртэл авсан. Ихэвчлэн цэвэрлэгээний ажил хийнэ. Одоо олон улсын зочид буудалд долоо хоногийн 3-4 өдөр нь ажилладаг юм.

“ХҮҮ МААНЬ ШАГДАРЫГ ХАРАХААРАА ТОГЛООМОН БУУГААР БУУДДАГ БАЙСАН ГЭСЭН”

-“Гарын таван хуруу” уран сайхны кинонд тоглох болсон тухайгаа яриач. Таныг И.Нямгаваа найруулагчийн анхны эхнэр Ч.Цэнгэлийн найз байсан гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Би үнэхээр Гаваадаа баярлаж явдаг. Залуу насыг минь дэлгэцэнд мөнхөлсөн найруулагч. Тэр үеийн дарханчууд намайг бүжигчин мэргэжлээр маань мэддэг, таньдаг, үнэлдэг байсан. Гэтэл ард түмэндээ зөвхөн “Гарын таван хуруу” уран сайхны киноны Хорлоогийн дүрээрээ илүүтэй танигдсан. Тухайн үедээ И.Нямгаваагийн анхны эхнэр Цэнгээ бид хэд нэг байранд амьдардаг байсан болохоор их дотно найзалж, нөхөрлөдөг байсан. Гаваа зохиол дээрээ намайг Хорлоогийн дүрд тохирно гэж бодсон ч юм уу. Анх тэгж кинонд тоглосон маань маш том аз завшаан.

-1982, 1983 онд нийгэм нээлттэй биш байхад гарсан кино шүү дээ. Кинонд тоглосны дараагаар хүмүүс хэрхэн хүлээж авч байв?

-Нэг удаа Баян-Өлгий аймагт бригадаар явж байхдаа казах айлд зочилсон чинь нөхөр нь над руу дайраад “Айлын таван хүүхэд өнчрүүлээд. Ёстой муухай хүүхэн” гээд уурлаж билээ. Тэгсэн найруулагч И.Нямгаваа “Энэ хүн гэр бүлтэй. Тэр бол кино шүү дээ” гэж тайлбарлаж, өгч байсан юм. Зарим нь киноны дүр гэдгийг ойлгоно. Зарим нь тэгж ойлгохгүй ээ.

Харин манай хүү тав зургаан настайдаа “Энэ бол миний ээж. Ээж маань ийм хүн биш” гээд л Шагдарыг гарахаар тоглоомон буугаараа бууддаг байсан гэсэн.

Саяхан бас хөдөө унага тамгалах найран дээр очтол тэнд нэг ангийн 30 жилийн уулзалт болж байсан. Тэгсэн нэг нь “Би таныг их үзэн яддаг байсан. Тантай уулзсан чинь шал өөр хүн байсан байна. Уучлаарай” гэсэн. Хөөрхий Л.Лхасүрэн ахыг бас хүмүүс тэгдэг байсан юм шиг байна лээ. Тэгж нийгэмд хүрч чадсан уран бүтээл болсон.

-Та өмнө нь ярилцаж байхдаа өөрийгөө ихэд чамлаж байсан шүү дээ?

-Киноны нээлт 1983 онд болоход анх удаа бүрэн эхээр нь киногоо үзсэн. Би нэг их эмзэглээгүй. Тэр үед бусад уран бүтээлчдэдээ баяр хүргээд л өнгөрсөн. Сүүлд “Гарын таван хуруу” уран сайхны киногоо үзэж суухдаа “Энэ хэсэг дээр ингэж тоглодог байж” гэж харагддаг.

Мундаг уран бүтээлчид намайг аваад гарсан байна гэж боддог юм.

Зураг авалтын үеэр загнуулах нь гайгүй ээ. Драмын жүжигт их тоглодог байсан болохоор шулуухан текстээ яриад явахаар чөлөөтэй ярьчихдаг. За дахиад явъя гэхээр л би улам муудаж, жүжиглэлт худлаа болж эхэлдэг байсан.

-Өвсөн дундах зураг авалтын хэсэг байдаг шүү дээ. Тэр зургийг авахад ичиж, санаа зовж байв уу?

-Өвсөн дундах зургийг дөнгөж танилцаж байхад авч, уран бүтээлчидтэйгээ сайн танилцсаны дараа хоорондоо дөнгөж танилцаж буй хэсгийн зургийг авсан. Тэр зургийг авахад надад нэг их санаа зовох юм байгаагүй. Бүжигчин хүн учраас цээж ил гарсан хувцас байнга шахуу өмсдөг байсан учраас нэг их ичиж санаа зовоогүй ээ. Харин Дарханы Зулзаган голын хөвөөнд Л.Лхасүрэн ахтай машин дотор суугаад намайг үнсдэг хэсэг байдаг. Тэр зургийг сургуулилалт хийхдээ текстээ цээжилж, үнсэлтээ тэр үедээ болъё гээд өнгөрч байлаа.

Киноны зураг авалт хийсэн хашаа байшин нь одоо хүртэл хуучин Дарханд байдаг гэсэн.

Би сүүлд очиж үзээгүй. Надтай нэг хүн таараад “Тэр хашаа одоо хүртэл байдаг. Манайх амьдардаг” гэж хэлж байсан. Би бараг тэр хашаанд очиж зураг авхуулаагүй. Тухайн үед би бүжигчний ажлаа хийж байсан учраас өөрийнхөө зургийн талбай дээр л очдог байлаа. Хашаанд өвөл ганц удаа очоод, гардаг хэсгийг л авсан.

"ОДОО ХОРЛООД ТОГЛОВОЛ ШАЛ ӨӨР ТОГЛОНО ГЭЖ БОДДОГ"

-Одоо “Гарын таван хуруу” киноны жүжигчдээс хэнтэй нь холбоотой байна вэ?

-Одоо ихэнх нь бурхны оронд заларсан байна. Миний охинд тоглосон Б.Гантигмаа, бага хүүд тоглодог Н.Бат-Амгалан бид гурав л үлджээ. Гол дүрийн найман хүнээс. Энэ жил хүүхдүүдтэйгээ уулзаж чадсангүй.

Амгаатай утсаар холбогдоход “Хөвсгөлд тогооч  хийж байна. Ээж ирчихсэн юм уу” гэж байсан.

Бага хүүгийн дээд талын М.Батхишиг маань энэ жил өвчнөөр бурхан болсон. Гурван том эрт өнгөрсөн шүү дээ. Тэд маань Кино драмын нэг ангийн хүүхдүүд байсан юм.

-Таныг ээж гэж дуудах уу?

-Тэд маань намайг ээж гэж дууддаг юм.

-Та амьдралдаа дүр шигээ Хорлоотой хэр таарч байв?

-Хорлоогийн дүрийн хувьд Шагдарын эд хөрөнгөд болоогүй. Хөөрхий ганцаардсан эмэгтэй л байсан. Яах аргагүй гэр бүлтэй залууд татагдан хайр сэтгэлтэй болсон. Одоо үед Хорлоо байтугай Хоролмаа нар олширч байна уу даа. Хайр сэтгэл огт хамаагүй болж. Хүн мөнгөтэй л бол нас, хүйс харгалзахгүйгээр ойртон дотносдог болчихсон байна. Харин ч их Хоролмаатаж байна. Зарим нь амьдрал дээрээ надаас ч илүү байх шиг байна. /инээв/ Хорлоо нууц амраг мөртлөө бас л хүн чанартай хүүхэн л дээ.

Хорлоо хоёр хүүхдийг нь өсгөөд өгье гэж хүртэл хэлдэг. Гэхдээ би тэр хэсгийн зураг авалт дээр маш дутуу тоглож, шууд л гараад явчихсан. Сүүлд өөрийгөө харахаар жаахан муу тоглосон юм шиг санагддаг.

“Гарын таван хуруу” киноноос өөр ямар кинонд тоглосон билээ?

-Манай театрт гавьяат жүжигчин Сүхээ ах, Хүрлээ, Маагаа ах байсан. Сүхээ ах “Би эмээ болохгүй” гээд нэг киног хийж, зураг авалтыг нь Дарханы Хөтөлд авч байлаа. Одоо тэр кино ерөөсөө гардаггүй юм. Гавьяат  жүжигчин Н.Чаминчулуун эгч маань миний эсрэг дүрд тоглосон. Бас “Тэнгэрийн цааз”, “Нандин эрдэнэ”, “Үлгэр дууссан хойно” зэрэг монголын уран сайхны киноны туслах дүрүүд бий.

-Таны мөрөөдлийн дүр?

-Хорлоо бол миний тоглохыг хүссэн мөрөөдлийн дүр биш. Одоо тогловол шал өөр тоглоно гэж боддог. Тэр үед би 27, 28 настай туршлагагүй байсан. Найруулагчийн сонголтоор л тэр дүрд тоглосон. Одоо бол түүхэн хатны дүрд тоглож үзэх юмсан гэж боддог. Залуу байхдаа бүжгээ хийсээр байгаад жүжигчин болох мөрөөдлөө мартчихсан байсан. Одоо эх орондоо байсан бол кино урлаг руу орох байсан болов уу гэж боддог. Ямар ч дүрд тоглосон хамаагүй. Бүр орчин үеийн дүрд ч тогломоор санагддаг шүү.

Л.Лхасүрэн агсан надаас хамаагүй ах болохоор Хорлоогийн дүрийг намбатай бай гэдэг байсан. Би аль болох дөлгөөхөн байж, хувцаслахдаа хүртэл эмэгтэйлэг дээл юпка өмсдөг. Кинон дээр жинхэнэ өөрийнхөө стилиэр гараагүй.

Намайг таньдаг хүмүүс мэднэ дээ. Би дандаа өмд л өмсдөг байсан. Юпка огт өмсдөггүй. Харин Өмнөд Солонгост очсон хойноо юпка өмсч сураад байгаа юм биш үү. Хүүхэд байхад 1970-аад онд манай ах Эрхүү хотод суралцаж ирэхдээ өмдний материал авч ирж өгдөг байсан. Би нэг оёдлын машинтай. Тэрүүгээрээ хувцас оёж өмсөнө. Манай ангийн н.Батсүх бас оёдлын машинтай наадам болох гэж байхад захиалгаар найзуудынхаа өмдийг оёод суучихдаг хүүхэд байлаа.

 -Та залуудаа хайрын захиа хэр авч байсан бэ?

-Надад захиа ирдэггүй байсан. Надаас эмээдэг байсан байх аа. Би жаахан эршүүд бас их ичимхий хүүхэд байсан. Жав багш надад “Урлагийн хүн жаахан задрах хэрэгтэй. Ичимхий байвал амжилтад хүрэхгүй шүү” гэж хүртэл хэлж байсан. Их зантай гэж ярьдаг байсан гэсэн. Хэн ч захиа өгдөггүй байсан.

-Кинонд тоглосны дараа ч гэсэн үү?

-Ерөөсөө захиа авч үзээгүй. Хааяа нэг хүмүүстэй хожим нь таарахаар “Би чамд сайн байсан” гэж ярьдаг. Хэлж чаддаггүй байсан юм уу?

"БИ ХАНИЙН ХАЙРААР ДУТААГҮЙ"

-Анхны ханьтайгаа хэрхэн танилцаж байв. Урлагийн хүн байсан уу?

-Үгүй. Хөлбөмбөгчин, дасгалжуулагч хүн байсан. Биднийг сургуулиа төгсөөд Дарханд очиход "Хараа" зочид буудалд байрлуулж байгаад байранд оруулсан. Тухайн үед улсаас биднийг их харж үзсэн. Бид чинь орос дэлгүүр орж, орос эмнэлэгт үзүүлнэ. Шинэ театр ашиглалтад ороогүй учраас их дэмжинэ. Тэгж байхад л манай найзууд Дарханы залуустай танилцсан. Миний хувьд ном уншаад л хэвтчихдэг байсан. Анхны хань маань хамт кино үзэж, хааяа цэргийн ангиас гулууз мах авч ирж өгдөг байлаа.

Киноны зураг авалт болон бүжигчний ажлыг маань маш сайн ойлгоно. Надаас тав ах хүн байсан л даа. Тэгээд л 1977 онд хүүгээ төрүүлсэн. Миний хувьд нэг л ханилсан бол салж болохгүй гэж боддог байсан. Тэр утгаараа салахгүй удаан хугацаанд зууралдаж явсан. Тэрнээс биш дурлаад суусан гэвэл үгүй.

-Та анхны амьдралдаа харамсдаг уу?

-Надад харамсах зүйл байхгүй. Би 1977 онд хүүгээ төрүүлэхдээ аав, ээж дээрээ очихоор Хэнтий рүү явсан. Гурван сартай жирэмсэн байсан санагдана. Тэндээ эчнээд суралцангаа,  Соёлын ордонд орж, н.Санжаасүрэн багшийн шавь болсон. Гэтэл мань хүн гуйсаар байгаад Дархан руу авч ирсэн. Тэрнээс биш би бараг тэндээ шингэх гээд л байсан.

-Таныг гомдоосон юм уу?

-Юу ч гэмээр юм бэ дээ. Бид хоёр нэг их хамт байгаагүй. Сүүлийн хэдэн жил манай хүн хотод л байдаг байсан. Би Дарханы театр дээрээ л ажилладаг учраас харилцаа маань хөндийрсөн байх. Их хэнэггүй байж дээ. Манай найзууд их гайхна. Талийгаач маань олон хоног алга болж гэртээ ирэхээр нь би “Миний хөгшин усанд орчихоод, хоолоо идээрэй" гэж хэлдэг. Тэгэхээр манай найзууд “Чи хаашаа яваад ирсэн бэ” гэж шалгаадаггүй юм уу гэцгээнэ. Би “Надад худлаа ярих гэж тэгж зовж яадаг юм. Өөрөө яривал ярина биз” гэнэ. Нээрээ л тэр хүн хоолоо идэж суухдаа бүх юмаа ярьдагсан.

-Хадам ээж нь бас урлагийн хүн байсан гэж сонссон?

-Манай хадам ээж өөрөө урлагийн хүн учраас шулуухан хэлчихнэ. Бид хоёр найзууд шиг л байсан. Хадам ээж гэж айхгүй, намайг юу гэж хэлсэн ч тоохгүй. Хоёулаа хэрэлдвэл хэрэлдээд, хэлэлцвэл хэлэлцээд л суудаг байсан. Манай ээжийг н.Лувсмаа гээд Бөмбөгөр ногоон театрт Л.Цогзолмаа, Л.Ванган гуайтай хамт ажиллаж байсан мундаг найруулагч хүн байсан. Ээжид Л.Ванган гуай “н.Лувсмаа чи царай муутай, жүжигчнээр явахгүй. Найруулагч бол” гэж хэлсэн гэдэг. Яг үнэндээ маш толгой сайтай хүн байсан. И.Нямгаваа найруулагч их сургуулиа төгсч Дарханд ирээд л манай хадам ээжтэй шөнөжингөө ярилцаад суучихдаг байсан.

-Хоёр тийш болоход юм хэлээгүй юу?

-Юм хэлэхгүй ээ. Би өөрөө шулуун зантай хүн. Хүүгийн минь аав салснаас хойш нэг их удалгүй өвчнөөр өнгөрсөн.

-Эмэгтэй хүнд байх ёстой нандин зан чанар гэвэл?

-Эмэгтэй хүн үнэнч бас халамжтай байх хэрэгтэй. Ер нь миний үеийн эмэгтэйчүүд их халамжтай. Одоо яг мэдэрдэг. Манай ангийн найзуудаа анзаарч байхад эрт сэрээд хүүхдүүдийнхээ хоолыг хийчихээд ажилдаа явдаг байсан. Ер нь хосууд бие биедээ халамжтай, ойлгож дэмждэг байх хэрэгтэй. Харилцан орон зайг нь олго. Гэхдээ би бол хэт орон зай өгчихсөн хүн. Талийгаач маань мөрийтэй тоглоом тоглодог байсан юм билээ.

Хайртай хүнээ өөрийн өмч шиг өмчлөхөөсөө илүүтэй халамжилж, хайрлаад л явж байхад тэртэй тэрэнгүй чамайг хайрлана. Намайг ч хайрласан хайрласан. Би ханийн хайраар дутаагүй. Одоо ч гэсэн хайрлагдаж явна. Одоогийн хань маань ч гэсэн дэндүү сайн хүн. Нэг хэсэг халамж хайраас нь залхмаар санагддаг байсан ч нас явах тусмаа тэр нь үгүйлэгдэж, хүлээн зөвшөөрдөг болдог юм байна.

-Гэр бүлээ бидэнд танилцуулж болох уу?

-Одоо манай гэр бүлийн хүн солонгос хүн байдаг. Бид хоёр ханилаад 20 жил болж байна. Хань маань анх 2005 онд Монголд ирж байсан.  Тухайн үед Дарханы театрын найзууд маань угтан авч, театр дээр “Гарын таван хуруу” киног дэлгэцээр үзүүлж, орчуулж өгч байсан. Тэр цагаас хойш миний улаан фэн. Тэр цагаас хойш байнга хамт ирж байгаагүй ч энэ жил ханийгаа эх орондоо дагуулж ирсэн.

Би ганц хүүтэй. Хүү маань аавыгаа дагаад, хөлбөмбөгчин болсон. Би хүүгээ өсгөөгүйдээ л маш их харамсдаг. Тухайн үед театрын төлөвлөгөө гээд 45 хоногийн бригадаар их явна. Гэртээ ховор амарна. Хоёр талын маань аав, ээж хүүг минь өсгөсөн дөө.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Зураглаач О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-10 59.153.112.55

тэр үеийн гоё хүүхнүүдийн нэг яах аргагүй мөн даанч сортой суучиж

Avatar

Нэргүй 2024-09-10 103.168.34.145

Нөхөр нь хөл бөмбөгийн дасгалжуулагч байгаагүй, тоглогч төдий, Батцэрэн гэж олон хүүхэн жирэмслүүлж хаясан бүтэхгүй гар байсан. Цогзолмаа Энэтхэг бүжиг гоцолж байсныг санахгүй юм. Харин Энэтхэг төрхтэй Батцэнгэл их гоцолдог байсан шүү. Цогзолмаа сайн сайхныг ерөөе

Avatar

Нэргүй 2024-09-10 202.179.10.34

болорсүх с** минь,тэр хөгшчүүлийн зургийг нь буцааж тавиарай

Avatar

Нэргүй 2024-09-10 202.126.91.157

Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бол залуу насаа дэлгэцэнд мөнхөлсөн азтай хүн.

Avatar

JenniferKing 2024-09-10 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-10 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-10 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-10 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-10 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-10 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-10 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-10 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-10 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-10 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-10 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-10 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-10 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaRoberts 2024-09-10 45.11.21.120

Харуулах боломжгүй.

Avatar

RobinStanley 2024-09-10 194.35.113.68

Харуулах боломжгүй.

Avatar

JudyEllis 2024-09-10 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-10 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-10 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-10 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-10 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-10 202.9.40.224

Согиин дэвсгэр үхсэнээ хииж ирдэг юм

Avatar

NishaCox 2024-09-10 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-10 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-10 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJefferson 2024-09-10 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenKing 2024-09-10 45.15.72.8

Харуулах боломжгүй.

Avatar

AprilMoore 2024-09-10 45.90.196.185

Харуулах боломжгүй.

Avatar

JillianGarcia 2024-09-10 109.248.14.186

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-10 66.181.190.175

Энэ жүжигчин эгчийн жинхэн нэрийг хэн гэдэг юм бэ.

Avatar

ChristineLebert 2024-09-10 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaSection 2024-09-10 92.119.193.188

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-10 202.9.40.185

Монгол эмэгтэйчүүд Солонгос эрчүүдтэй маш ихээр гэр бүл болсон. 10-20 мянган хүн лав байгаа. Хамгийн гол нь үр хүүхдүүд нь монголоор огт ярьдаггүй юм. Гэтэл япон эмэгтэйтэй гэр бүл болсон Монгол хүмүүсийн үр хүүхэд нь бараг бүгд монголоор л ярьцгаадаг. Цөөхөн монголчууд ингээд монголоо алдаад байх юм

Avatar

Нэргүй 2024-09-10 103.57.92.131

зарим хүнийг шагдар гэдэгсэн. гэхдээ олон кинонд тоглосон болхоор өөрийг нь биш дүрээр нь зарим хүнийг нэрлээд байх шиг. үеийн ойролцоо насны хүмүүс нь харахад сайхан хүн гэх. маньд ацаг шүдний зөрүүн дүрээр л тод санагдах.

Avatar

Нэргүй 2024-09-10 103.57.92.131

сүүлд шагдар дүр магтагдсан пост харагдсан.

Avatar

Нэргүй 2024-09-10 103.57.92.131

шагдарын охины нөхөр болж буй батөлзий. цуг сцен тоглоогүй болхоор дурьдаагүй бна.

Avatar

Zochin 2024-09-10 202.55.188.33

mgl busguichud odo hariin erchud songod mgl erchuddee hayaad gadaad ywad bhar cnin mgl tsus ustak bh ni argagui l yum bndo tamine

Avatar

Tsus 2024-09-10 103.168.34.45

Goyo2 tsulaa holiod, holduulaad l !

Avatar

Нэргүй 2024-09-10 202.9.40.94

Зайлуулаа со нөхөртэй гэнэ үү чааваас

Avatar

Нэргүй 2024-09-10 203.98.77.237

Бүдүүлэг залуу үе төрж гарч бна даа коментуудад дандаа сөрөг бичвэр их болжээ. Нэгэн цаг үед олон олон хүмүүс залуусын хүмүүжүүлсэн жүжигчдээ хайрлан хүндэлж баймаар юм даа. Сайхан хүүхэн чадвартай л бүсгүй байсан одоо ч л хэвээрээ бна Сайн сайхныг хүсье

Avatar

Нэргүй 2024-09-10 202.179.10.34

дандаа хөгшин ацнууд ийм сөрөг коммент бичиж байгаа,залуус ийм юм тоож уншихгүй

Avatar

Вold o 2024-09-10 116.120.126.36

Дарханы атаман асан том Багаа олон хүүхэнийг жирэмсэн болгоод охин хүүхэд гарвал хаяад явдаг байлаа хүү гаргасан хүүхэнтэй сууна гэдэг байсан ..тэгээд энэ Цогзолмаа хүү төрүүлээд том Багаатай суусан гэж сонсож байсан..,,,..Цогзолмаа залуудаа сайхан гоё хүүхэн байсан гэнэ лээ…

Avatar

z 2024-09-10 202.126.93.124

ERUUL URT UDAAN NASLAARAI , SAIKHAN YARILTSLAG BOLJEE

Avatar

Эвий дээ 2024-09-10 202.126.91.243

Ямар муу яасан судалгаагүй ярилцагчаа хүндлээгүй сэтгүүл зүйн муу жишиг болмоор ярилцлага вэ. Ньюс ийм байгаагүйсэн. Хэвлэлийн хүрээлэн ч ийм муу хүн бэлддэггүйсэн. Удирдлагууд нь энэ муу хүн дээ хариуцлага тооц, цалинг нь бууруул

Avatar

Нэргүй 2024-09-10 43.242.242.59

Хөгшин хүн ч өнгөрч харин залуу охид хөвгүүд минь угсаа үндэсээ залгамжлах өвөг дээсийнхээ гэрээслэлийг санаж үр удмаа монголоор нь үлдээж Монгол эх орондоо хүн болж төрсний учрыг гаргаарай. Гадаад нөхөртэй болсон хүмүүсийг хэвлэл мэдээлэл телевизээр суртчилж ярилцлага авах нь маш зохимжгүй юм. Бусдад муу үлгэр дуурайл болно. Нэгэнт гадаадын иргэн болсон юм бол тэр хүн бидэнд хэн ч биш. Харин эх орондоо амьдарч үр удмаа монголоор нь үлдээж байгаа ядуу хэн ч байсан бидэндээ эрхэм хүндтэй юм.

Avatar

Нэргүй 2024-09-10 66.181.177.184

эргүү дагз

Avatar

Нэргүй 2024-09-10 103.168.34.45

Чиний монгл гэж юу байсийн! Дээрэмчин, дээрэлхүү ацнууд юм байж!

Avatar

Зочин 2024-09-10 43.228.130.188

Ээ сайхан монгол эр хүнтэй ханилахгүй хөгшин солонгосын хань болж бгаа юмуу? Түүнээс үр хүүхэд ч байхгүй үхэхээ дөхөөд хөгширөхөөр нутагтаа ясаа тавих юм бн даа

Avatar

Нэргүй 2024-09-10 122.201.31.50

Сайхан эмэгтэй байна. Өөрийнхөөрөө л амьдарч. Хүмүүс ялангуяа Монголчууд урлагийг жинхэнэ утгаар нь ойлгож хүлээж авч чаддаггүй учраас тиймэрхүү бүдүүлэг хандлагатай байдаг. Муу Исмэл, Түгжил, муухай Хорлоо хүүхэн гэх мэт. Ийм байвал ямар вэ гэж үзүүлж л буй хэрэг шүү дээ. Урлагийн хүмүүсийн амьдрал голчлон ээдрээтэй. Одоо яая гэхэв, сонголт л юм. Таньд амжилт хүсье! Орчин үед Монголчууд урлагаас үзэл суртлыг л авч хаяж, ялгаж салгаж ойлгоосой гэж хүсдэг. Урлаг ялгаа байхгүй шашин шиг чухал зүйл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж