Түүх, соёлыг сурталчлах зорилготой "Монгол шатар"-ын олон улсын тэмцээн болж байна

Түүх, соёлыг сурталчлах зорилготой "Монгол шатар"-ын олон улсын тэмцээн болж байна

Түүх, соёлыг сурталчлах зорилготой "Монгол шатар"-ын олон улсын тэмцээн болж байна

Оюуныг дээдэлдэг монголчуудын үндэсний уламжлалт ардын наадмын нэг төрөл болох "Монгол шатар"-ыг сэргээн дэлгэрүүлэх, тархан суурьшсан монголчуудыг монгол шатраар дамжуулан ойртуулан нөхөрлүүлэх, дэлхий дахинд монгол шатрыг таниулах, монгол ахуйг сурталчлах, залуу хойч үедээ өвлүүлэх зорилготой "Монгол шатар"-ын олон улсын тэмцээн өнөөдөр /2024.09.08/ нээлтээ хийлээ. Шатрын спорт тэр дундаа монгол шатрын төрөл нь олон онцлог, ач холбогдолтой.

Монгол шатарт Монголын түүх уламжлал, ахуй зан заншил нэвт шингэсэн байдаг төдийгүй хийц ур нь хүртэл ухаан шингээсэн байдгаараа онцлог.

Тиймээс бид Дэлхийн Монголчуудын уламжлалт шатрын нэгдсэн холбоо төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй дэлхийн монголчуудын уламжлалт "Монгол шатар"-ын олон улсын тэмцээнийг сурвалжиллаа.

МОНГОЛ ШАТАР БОЛ НАСНЫ ХЯЗГААРГҮЙ ОЮУНЫ ӨВӨРМӨЦ СПОРТ ТӨДИЙГҮЙ ӨВ СОЁЛ

Дэлхийн монголчуудын уламжлалт шатрын нэгдсэн холбооны тэргүүн Г.БААТАР:

-Бид 2011 онд Үндэсний их баяр наадмаар монголчуудынхаа дунд "Монгол шатар"-ын тэмцээнийг зохион байгуулж байсан. Үүний дараагаар Өвөр Монголын "Монгол шатрын холбоо" байгуулагдаад биднийг тэмцээндээ урьж, Covid-19 цар тахлын өмнө очиж байсан. Түүнээс хойш монгол өв соёл, монгол шатраа хөгжүүлье гэж 2020 онд Монголын уламжлалт Монгол шатрын холбоог байгуулж, цар тахлын дараа дэлхий нийтэд тархан суурьшсан монгол ахан дүүсээ цуглуулж, энэ жил анх удаа энэхүү олон улсын тэмцээнийг зохион байгуулж байна.

Тэмцээний үеэр бид шатрын цаашдын хөгжил, хамтын ажиллагааны талаар уулзалт ярилцлага хийнэ. Энэ удаагийн тэмцээнд хамгийн залуу нь 9, 10 настай шатарчин байгаа бол хамгийн ахмад нь 84 настай хүн оролцож байна.

Шатрын спорт бол насны хязгааргүй оюуны спорт. Монгол шатар гэдэг бол өвөрмөц. Монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг учраас малынхаа бэлчээр, цаг агаарыг дагаад жилийн дөрвөн улиралд нүүдэллэж явдаг. Энэ өв соёлоо хадгалж үлдсэн цор ганц үндэстэн, ард түмэн. Эрт дээр цагт суурин соёл иргэншилтэй орнууд бол эд хөрөнгө хурааж аж төрдөг байсан. Харин монголчууд нүүж, авч явахад авсаархан, гарын доорх мод, чулуугаар дүрсээ хийж, эсгийгээр хүлэг хийж тоглож, оюунаа хөгжүүлж, өв соёлоо ч тээж авч явдаг байсан.

Шатрын спорт Европт зөвхөн эрэгтэйчүүд, өндөр зэрэглэлтэй ихэс дээдсийн тоглоом гэж нэрлэгддэг бол Монголд баян, ядуу, нас, хүйсээс үл хамаарч тоглодог, хөгжсөн сайхан спорт.

Нөгөө талдаа шатар гэдэг зөвхөн спорт гэхээс илүүтэй монгол өв соёлоо хадгалах, дэлхийд сурталчлах нэг боломж. Уртын дуу, морин хуур, дээл, үндэсний босоо бичиг гэдэг шиг  бидний нэг ялгарал бол Монгол шатар. Энэ бол үндэсний спортоос гадна өв соёл.

МОНГОЛ, БУРИАД, ХАЛИМАГ, ӨВӨР МОНГОЛ 80 ГАРУЙ ШАТАРЧИН МОНГОЛ ШАТРЫН ӨВӨРМӨЦ ДҮРМЭЭР ОЮУНАА СОРЬЖ БАЙГААГААР ОНЦЛОГ

Дэлхийн монголчуудын уламжлалт шатрын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.НАРАНБААТАР:

-Монгол Улсад анх удаа олон улсын "Монгол шатар"-ын тэмцээнийг зохион байгуулж байна. Өнөөдөр энэхүү тэмцээний нээлт амжилттай боллоо. Энэ удаагийн тэмцээнд Буриад, Халимаг, Өвөр Монголын "Монгол шатрын нийгэмлэг"-ийн тэргүүлэгчид, гишүүд зорин ирсэн. Тэмцээнийг зохион байгуулж байгаа гол онцлог, ач холбогдлын тухайд монгол өв уламжлал болсон монгол шатраа түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ монгол шатар, оюуныг өвлүүлэх. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Хятадын ӨМӨЗО-ы Монгол шатрын холбоо хамтран зохион байгуулж, дэмжин ажиллаж байна.

"Монгол шатар"-ын тэмцээнд Оросын Буриад, Халимагаас гурав, ӨМӨЗО-оос 22 төлөөлөгч ирснээс 16 шатарчин, Монголоос 60 гаруй шатарчин нийт 80 гаруй шатарчин өрсөлдөж байна.

Энэ удаагийн тэмцээний онцлог нь монгол шатрын дүрмээр тоглож байгаагаар онцлог. Монгол шатрын дүрмийн хувьд хүү нэг нүүдэг, морин шалаагаар мадладаггүй, ноёноо сэлгэхгүй зэрэг өөрийн өвөрмөц дүрэмтэй. Энэ дүрэмд үндэслэж тэмцээнд зохион байгуулагдаж байна.

МОНГОЛ ШАТАР ДОТОР ЗУРХАЙН УХААН, СЭТГЭЛЗҮЙГЭЭР ЭРҮҮЛЖҮҮЛЭХ УХААН ХҮРТЭЛ БАГТСАН БАЙДАГ

ӨМӨЗО-ы судлаач ТООЧИГ ОВОГТ ХҮЧИНТӨГС:

-Бүх монгол түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өвөг дээдсээс өвлөгдөн ирж, 3500 гаруй жилийн түүхийг үзэж буй монгол шатрыг энэ спортыг сонирхдог хүн бүр андахгүй мэднэ. Харамсалтай нь энэ их өв соёлыг тээж байгаа оюуны спортоо монголчууд үндэсний их баяр наадмын тоонд оруулдаггүй. Эрийн гурван наадмын хэсэгт монгол шатрыг оруулах нь зүйтэй гэж миний хувьд боддог. Би шатрын спортыг 10 гаруй жил судалж яваа хүн. Судалгаандаа үндэслэн Шатрын ухаан гэдэг номыг гаргасан. Өвөр Монголд энэхүү номыг маань ерөнхий боловсролын сургуульд хичээлийн хэрэглэгдэхүүн болгож, сурагчдад зааж байсан.

Монгол шатар дотор зурхайн ухаан, сэтгэлзүйгээр эрүүлжүүлэх ухаан, оюун ухааны хөгжлийг тэлэх зэрэг олон төрлийн ухаан багтсан байдаг.

Тиймээс энэ олон төрлийн ухааныг судалж, илрүүлж гаргахын тулд бусад судлаачидтай хамтран ажиллаж байгаа. Шатрын сэтгэл засал гэдэг гайхамшигтай зүйлийг цаашид хүний оюун болоод зурхайн ухаан, сэтгэлзүйтэй холбож үргэлжлүүлэн судална. Тэр дундаа монгол шатрын судалгаагаа үргэлжлүүлнэ.

5 НАСНААСАА ЭХЭЛЖ 19 ЖИЛ ШАТРЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА

Буриад шатарчин ТҮДЭБ БАДМА:

-Би Оросын Буриадаас ирсэн. Манайх гэр бүлээрээ шатрын спортоор хичээллэдэг. Миний хувьд таван настайгаасаа эхэлж 19 жил шатар тоглож байна. Буриад шатар гэж бий. Миний хувьд шатрын олон төрлөөр тоглож чаддаг. Энэ удаагийн тэмцээний хувьд онцлог болж байна.

Учир нь бид монгол шатрын дүрмээр өрсөлдөж байгаа.

Өмнө нь энэ дүрмээр тоглож байгаагүй. Гэхдээ маш сонирхолтой байна. Шатрын спорт бол хэзээ ч уйдаадаггүй сонирхолтой спорт. Тиймдээ ч би маш хайртай.

МОНГОЛ ЗАЛУУСЫНХАА НАНДИН УР ХИЙЦЭЭР МОНГОЛ ШАТРАА УРЛАЖ, ДЭЛХИЙД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Дуут урлан ХХК-ийн төлөөлөгч Ж.ЦОГТГЭРЭЛ:

-Манай урлан 2003 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, одоог хүртэл монгол ахуй соёлоо сурталчлан таниулахад гар бие оролцож явна. Монгол залуучууд монгол шатраа дэлхийд гаргахын тулд ур хийц, ухаанаа сийлж гаргадаг. Тухайлбал, шатрын хийц, өгүүлэмж бүр онцлогтой. Болдоггүй бор өвгөн, Атилла хаанаар хийсэн шатар гэхчлэн зөвхөн Монголд төдийгүй дэлхийд үнэлэгдэх олон төрлийн бүтээлийг бид хийж байна. Шатар төдийгүй, цай сүүний цацлыг хийж монголынхоо үндэсний өв соёлыг дотоод, гадаадынханд түгээн дэлгэрүүлж явна.

Монгол шатар дэлхийд давтагдахгүй загвартай. Тэр дундаа монгол залуус энэхүү шатрыг бүр нандин ур хийцээр урладаг онцлогтой.

Бид өнөөдрийн тэмцээнд ивээн тэтгэгчээр орж байгаа. Бид алт, мөнгөөр бүрсэн шатрыг урлаж байгаа төдийгүй цаашид ур хийцээ улам баяжуулж, олон улсад монгол шатраа сурталчлан таниулж хүргэхийг зорьж байна.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж