"Бэлтэс мөрөн" ХХК-ийн удирдлагад холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэх асуудал олны анхаарлын төвд байгаа. Гэвч энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. Шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард ес хоног үргэлжилж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5,6,7 дахь хэсэгт зааснаар 60 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Тэгвэл өнөөдөр /2024.09.05/ "Бэлтэс мөрөн" ХХК-ийг үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Хөвсгөл аймгийн шүүхийн байранд 10.00 цагт эхэлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нараас шүүхийн тогтоолд заасан ажиллагаа хийж дуусаагүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан байна.
Шүүх бүрэлдэхүүн дээрх хүсэлтийг хүлээн авч шүүхийн тогтоолд заасан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэхийг хяналтын прокурор нарт даалгаж, шүүх хуралдааныг 2024 оны аравдугаар сарын 3-ны 10.00 цагт хянан хэлэлцэхээр хойшлууллаа. Харин шүүгдэгч Р.Бузмаа, Г.Нямдэлгэр нарын өмгөөлөгч Э.Мягмардоржийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, шүүгдэгч Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Г.Нямдалай нарын өмгөөлөгч Г.Минжмаагаас гаргасан шүүгдэгч Г.Нямдалайд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанд нэр бүхий 56 хохирогч, хоёр улсын яллагч, яллагдагч, хохирогч нарын өмгөөлөгч 12 зэрэг нийт 70 гаруй оролцогч оролцсон байна.
Шүүхээс хэргийг өмнө нь 2023 оны зургадугаар сард нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байсан.
Эргэн сануулбал, Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, иргэдээс өндөр хүүтэйгээр их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буцааж хуваарилж байсан “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон юм.
3,569.17















































