Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаан өнөөдөр /2024.06.13/ боллоо. Хуралдааны эхэнд Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулга мэдээллийг хийлээ. Мэдээллийг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг хийсэн юм.
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээгээр Улаанбаатарт 1996 оны үертэй дүйцэх хэмжээний үер тохиолдоход Туул гол орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, ТЭЦ-4, Төв цэвэрлэх байгууламж усанд автах магадлалтай аж. Мөн 34,900 га талбай нэг метрээс дээш гүнтэй усанд автах эрсдэлтэй аж. Улаанбаатар хотын хэмжээнд 163,6 км үерийн хамгаалалтын далан байдаг. Гэхдээ үерээс хамгаалах далан, суваг, ус хүлээн авах шүүрт худаг, замын боло хөрсний ус зайлуулах шугамуудын 67 хувь нь насжилт хэтэрсэн байна. Иймээс үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө 2040”-ийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлнэ. Ингэхдээ 408 км үерийн хамгаалалтын барилга байгууламж, 88.4 км урт ул хөрсний түвшин бууруулах байгууламж, 290 км зам, талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ барих юм. Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын 12 км барилга байгууламжийг шинээр барина. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд борооны усны шугам, үерийн далангийн засварыг хийсэн. Нийслэл хотыг үер, усны гамшгаас эрсдэлгүй байлгах барилга байгууламжийг бүрэн бий болгоход нийт 4.9 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нийслэл үерийн эрсдэлийн шар түвшинд ажиллаж байгааг танилцуулсан.
Төлөөлөгчдийн хувьд үер, усны гамшгийн гамшгаас сэргийлэх төсвийг нэмэх шаардлагатайг сануулав. Тухайлбал, энэ чиглэлд 2024 оны төсөвт 18.5 тэрбум төгрөгийг баталж байсан ч тодотголын төслийг боловсруулахдаа үер, усны гамшгаас сэргийлэх чиглэлд зрацуулах санхүүжилтийг 6 тэрбумаар бууруулсан байгааг хэллээ. Мөн өнгөрсөн зуны үерийн улмаас хохирсон айл өрх, ААН-үүдийн асуудлыг ч хөндөж байв.
0 сэтгэгдэл