Энэтхэгийн реппер Hanumankind асар богинохон хугацаанд өөрийн хэв маягаараа олон улсын хип хоп ертөнцөд салхи оруулж, алдар нэрд хүрч байна. Түүний "Big Dawgs" дуу нь дэлхийн чартуудыг тэргүүлээд зогсохгүй Кендрик Ламарын "Not Like Us" дисс дууг ардаа орхив. "News" агентлагаас бэлтгэн хүргэдэг "ХҮМҮҮС" буландаа хип хоп урсгалын шинэ, залуу уран бүтээлчийг онцолж байна.
"Big Dawgs"-ийн клип дээр Hanumankind буюу 31 настай Соораж Черукат хязгааргүй эрч хүчийг өөрийн авьяас чадвараараа сонсогчдод хүргэсэн. Продюсер Калми Редди, найруулагч Бижой Шетти нартай хамтран бүтээсэн дуу нь долдугаар сард гарснаасаа хойш "Spotify" дээр 132 сая гаруй дамжуулалт, "YouTube" дээр 83 сая хандалт авч, Черукатыг дэлхий даяар алдаршуулсан юм. Өнгөн талдаа Черукатын дуу нь гудамжны амьдралын хатуу түүхийг өгүүлдэг ч хүний өөртөө итгэх итгэл, бусдаас онцлог байдлыг дуулсан.
Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Керала мужид 1992 оны аравдугаар сарын 13-нд төрсөн. Черукат бага насаа дэлхийг тойрон, аялж өнгөрүүлжээ. Гол төлөв газрын тосны томоохон компанид ажилладаг аавынхаа ачаар Франц, Нигери, Египет, Дубайд амьдарч үзжээ.
Өсвөр наснаасаа эхлэн АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод амьдарсан бөгөөд энэ л хугацаанд хөгжмийн карьераа эхлүүлэх зориг орж, дуу хийж эхэлсэн байна.
АНУ-д баруун болон зүүн эргийн хип хоп соёл нь хамгийн өрсөлдөөнтэй, алдартай байдаг ч Хьюстон мөн адил бусдаас онцлог урлагийн онцлогийг агуулсан хот юм. Тус хотод мансууруулах бодис нь ханиадны сироп бөгөөд уусны дараа бүх зүйлс удааширсан мэт мэдрэмж төрүүлдэг. Үүнийг Черукат өөрийн дуундаа оруулж, хурдан хүчтэй аянаас удааширч эхэлж буйг "Big Dawgs" үзүүлдэг.
Черукат дуу бүтээх болсон шалтгаанаа "DJ Screw", "UGK", "Big Bunny", "Project Pat" зэрэг Техасын хип хоп домгуудтай холбон тайлбарладаг. Түүний хувьд эдгээр Техасын хип хоп репперүүд нь дуу бүтээх "муза" нь болжээ.
Хэдийгээр Черукат Техаст байх хугацаандаа тус мужийн онцлогийг харуулсан уран бүтээл хийдэг байсан ч 2012 онд коллежоо орхиж, Энэтхэгт буцаж ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн. Тэрбээр Коимбатор дахь ПСЖ коллежид Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж, 2014 онд "Goldman Sachs" фирмд ажиллаж байсан ч хөгжим, дуу бүтээх хүсэл мөрөөдлөө орхисонгүй.
Энэтхэгт хэсэн хугацаанд бусдын адил өглөө босч, оффис ажилдаа явахаас залхсан Черукат нэг л өдөр хип хоп амьдралаа үгүйлэн, байгаа газрынхаа онцлогийг харуулсан дуу хийхээр шийджээ.
Түүний дуунууд ихэвчлэн Энэтхэгийн өмнөд хэсгийн гудамжны амьдрал, тэмцлийг зоригтойгоор харуулж, сэтгэл татам хэмнэлтэй хослуулсан байдаг. Өөрийн болон амьдарч буй газрынхаа үнэн мөнийг итгэлтэйгээр дуулахын тулд тэрбээр "Ханума" буюу хүч чадал гэдэг нэрээр уран бүтээлээ туурвих болжээ.

Черукат бага наснаасаа эхлэн олон газраар явж, амьдардаг байсан тул гэр гэж хэлэх газар байдаггүй гэж хэлж байжээ.
Түүний хувьд жинхэнэ гэр нь дуу хөгжим, дундаршгүй уран бүтээл гардаг газар аж.
Олон жилийн турш өөрийн итгэл үнэмшил, урлагийн карьераа хөөсөн тэрбээр гэр бүл зохиогоогүй. Гэхдээ олон улсад алдар нэртэй болж эхэлсэн ч гэлээ түүнийг шүүмжлэх хүмүүс бишгүй байдаг. Черукат өөрийн өвөрмөц хэв маягаасаа болж цахим орчинд удаа дараа шүүмжлүүлж байсан бөгөөд арьс өнгөөр ялгаварласан хүмүүс "Энэтхэг хүн хип хоп хийхгүй байсан нь дээр" гэж байжээ. Мөн Энэтхэгийн зарим хүмүүс түүнийг англи хэл дээр дуулдагт дургүйлхэж, Энэтхэг дүр төрхгүй гэж шүүмжилсэн байна. Гэсэн хэдий Черукат өөртөө итгэлтэй байхыг эрхэмлэдэг тул бүх шүүмжлэлийг үл тоодог аж. Түүний алдар нэр хип хоп сонсогчдын хувьд өссөнөөр гурван сая ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг хэдхэн өдрийн дотор босгож чаджээ.
Эх сурвалж: BBC, WIKIPEDIA, RECREATION RUSH
3,548.92
















































