Газын зурвас дахь Хамасын дайчид барьцааны хүмүүсийн байрлаж буй газарт Израилийн цэргүүд ойртсон тохиолдолд хэрхэн зохицуулалт хийх тухай шинэ зааварчилгаан дор үйл ажиллагаагаа явуулж буйг тус бүлгийн зэвсэгт жигүүр Даваа гаригт мэдэгдлээ. Энэхүү шинэ зааварчилгаа нь зургадугаар сараас хойш мөрдөгдөж байгаа аж.
Барьцаанд байсан зургаан хүний цогцсыг Рафах дахь хонгилоос олсны дараа энэ мэдэгдлийг хийлээ. Израиль цэргүүд ойртсон учир барьцаалагчид зургаан хүнийг буудсан гэх мэдээлэл бий. Тухайн үед Хамасын дайчид ямар зохицуулалттай ажилласан талаар Хамас бүлэглэлийн аль-Кассамын бригадын хэвлэлийн төлөөлөгч Абу Убайда тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Хамас бүлэглэл барьцааны зургаан хүний үхэлд Израилийг буруутгаж буй. Харин Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху хэлэхдээ "Барьцааны хүмүүсийг толгойн тус газар нь буудсан байсан. Хамас үүнийхээ төлөөсийг хүндээр төлнө" гэжээ.
"Нетаньяху ийн Хамасыг буруутгаж буй нь өөрсдийгөө хариуцлагаас мултлах гэсэн алхам. Тэр зургаан хүнийг хөнөөчихлөө, үлдсэн хүмүүсийг нь ч бас хөнөөхөөр шийдсэн. Израильчууд нэг бол Нетаньяхуг, нэг бол хэлэлцээрийг сонгох ёстой" гэж Хамасын ахлах албан тушаалтан Сами Абу Зухри хэлсэн байна.
Эх сурвалж: REUTERS
3,576.03















































