Ээлжит бус чуулганы хуралдааныг хаалаа

Хамтарсан Засгийн газар-2024

LiveЭэлжит бус чуулганы хуралдааныг хаалаа

Ээлжит бус чуулганы хуралдааныг хаалаа

УИХ-ын нэгдсэн чуулганы  ээлжит бус хуралдаан өнөөдөр /2024.08.30/ эхэллээ.


 

16 : 31
2024-8-30

33 дахь ээлжит бус чуулганы хуралдаан хаалтаа хийлээ

·  “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа танилцууллаа. 

Асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Тогтоолын төслийг батлах санал хураалтаар 55.5 хувь нь дэмжиж, баталлаа. Хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонссон тооцлоо. 

 УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ-ын эрхэм гишүүд , нийт ард иргэд ээ. Монгол Улс Үндсэн хуульт ардчилсан парламент дахь засаглалд шилжсэн цагаас хойш УИХ-ын 33 дахь удаагийн ээлжит бус чуулганыг хуралдуулж байна. Энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулган 2024 оны наймдугаар сарын 15-наас эхлэн ажлын 12 өдөр чуулж, хаалтаа хийж байна. Чуулганы өдрүүдэд нэгдсэн хуралдаан долоон удаа, 39 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргалаа. 

Мөн энэ хугацаанд байнгын хороод 35 удаа, дэд хороо гурван удаа хуралдсан. Хамтарсан Засгийн газар 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөрт суурилсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-аар нэн яаралтай хэлэлцэн баталлаа. УИХ өргөн мэдүүлсэн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бүсчилсэн хөгжлийн, хүний хөгжлийн, эдийн засаг, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн дөрвөн бодлогын 16 чиглэлийн 619 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан байлаа. 

Мөн сүүлийн 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын шинэчлэлийг цаг алдалгүй эхлүүлж, эдийн засгийг тэлэх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. 

16 : 21
2024-8-30

"Яагаад сумандаа хамгийн сайн эмийг худалдаж авч болохгүй гэж"

·   “Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэв. Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулав. 

УИХ-ын гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Эмийн асуудал дэндүү байгаа. Булган аймгийн Дашинчилэн сум ганц эмийн сантай. Түлхүүрээ ололгүй ажиллахгүй тохиолдол ч байдаг. Бид эмийн чанарт анхаарахгүй бол гамшгийн түвшинд хүрсэн. Монголд байгаа эмийн лавлагаа, лабораторитой холбоотой асуудлыг хөндөх хэрэгтэй. Хүний нөөцийн асуудалд анхаарахгүй бол лабораторит ажиллах хүн алга. Маш хүнд байна. Эмээсээ хордож байгаа тохиолдол байна. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Монголд нэг чанартай эмийг хүн бүр хэрэглэдэг байх ёстой. Гэтэл зарим газар дэндүү хямд үнэтэй эм борлуулах, алслагдсан гэдгээр үнийг нь нэмж, худалдаж авах боломжгүй байна. Яагаад сумандаа хамгийн сайн эмийг худалдаж авч болохгүй гэж. Тэр ч утгаараа Эм эмнэлгийн хэрэгслийн түүний тухай хуулийг шинэчлэн найруулж, өнөөдөр аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Эмийн лавлагаа, лабораторийн асуудал яригдаж байна. Бид өнөөдөр ямар шатанд авч явах вэ. Харамсалтай нь ажиллах боловсон хүчин байхгүй байна. Эм, хүнсний агентлаг лаборатори нэг дор байвал илүү боломжтой.

Санал хураалтаар 60 хувиар дэмжиж, тогтоолын төслийг баталлаа. 

16 : 05
2024-8-30

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэгийг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд танилцуулав. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Шүүгч бус гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх анхны хүсэлтээ ирүүлсэн байна. Гурван жил ажиллаж байгаа. Дараагийн хүнийг сонгон шалгаруулах процесс гурван сар үргэлжилнэ. Гэтэл энэ хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлт, Шүүхийн  тухай хуульд шилдэг хуульчдаас шүүгчийг шилж сонгох, балансыг тав таваар барих асуудал яригдаж байгаа. Энэ эрсдэлийг харах хэрэгтэй. Хувь хүний эрхийн асуудал байга ч Үндсэн хуулийн институцийн үзэл санаа алдагдах эрсдэл байна. Мэдээж хувь хүний сонголтыг хүндэлж байна. 

Санал хураалтад нийт 110 гишүүн оролцож, 109 нь Хууль зүйн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжсэнгүй. Ингэснээр ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын тогтоолын төсөл батлагдаж, дагаж мөрдөхөөр боллоо.

 

15 : 02
2024-8-30

"Ерөнхий сайд болон зарим сайдууд чуулганы хуралдаанд бүтэн суух боломжгүй"

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд суух ёстой. Бараа материалын төрөлд 73.8 тэрбум төгрөгийн бараа илүү авсны 90 хувь нь буюу 65.9 тэрбум төгрөгийн бараа цар тахлын үеэр уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас авсан байна. Муу л бол цар тахал руу чихэж байна. Анхан шатны баримтгүй, хүчин төгөлдөр бус баримтаар 256.3 тэрбум төгрөг олгосон мөнгө байна. Энэ их мөнгийг яаж олгосон бэ. Хяналт гэж байна уу. Мөн 1.3 их наяд төгрөгийг Ирээдүйн өв санд Монголбанкнаас байршуулж, хүү тооцоогүй гэх юм. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Өнөөдөр 2025 оны улсын төсвийг өргөн барих ажлын сүүлчийн өдөр. Тийм учраас Засгийн газар ээлжит бус хурлаа хийж, төсвийн төслөө хэлэлцэж байгаа. Тийм учраас Ерөнхий сайд болон зарим асуудал эрхэлсэн сайдууд чуулганы хуралдаанд бүтэн суух боломжгүй байгаа. Өнөөдөр төсвийн гүйцэтгэл орж байгаа учраас хариулт өгч чадах албан тушаалтнууд энэ танхимд байгаа. 

Ажлын хэсэг:

-Төсөв захирагчдын санхүүгийн тайлангийн аудитаар гарч байгаа зөрчлүүд дотоод аудит хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэсэн. Төрийн аудитын байгууллагаас дотоод аудитын эрх зүйн орчинтой болохыг УИХ-д гурван удаа өргөн барьсан. Дотоод хяналт сайтай байгууллагад ямар нэгэн зөрчил гарахгүй. Урьдчилгаа дансанд байгаа үлдэгдэл олон улсын стандартаараа зөв бүртгэгдээд тайлагнаж байвал санхүүгийн зөрчил биш. Гэхдээ урьдчилгаа дансанд байгаа үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулахгүй олон жил явж байгаа авлагыг барагдуулахгүй нийт 82.2 хувийг төрийн болон орон нутгийн компаниуд эзэлж байгаа учраас энэ ажлаа хийгээч гэдгийг шаардсан байгаа.

Ажлын хэсэг:

-Ирээдүйн өв сантай холбоотой асуудлыг хуулиараа зохицуулдаг. Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сард энэ санд 200 сая ам.доллар орж ирсэн. Одоо 550 сая ам.долларын үлдэгдэлтэй байна. Сангийн  дансны үлдэгдэлд хүү тооцох асуудлыг Монголбанк, Засгийн газрын гэрээгээр зохицуулдаг. Төв банкны зүгээс гэрээний загварыг хүргүүлж, есдүгээр сард гэрээ байгуулж, ам.долларын дансанд хүү тооцогдоод явна. 

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 11 мянган багшийг гадаадын сургалтад хамруулна гэж тусгасан. Үүний санхүүжилт гадаадын тусламжаас гадна боловсролын зээлийн санд тусгаж буй. Мөн 150 төрийн албан хаагчийг гадаадад хэлний бэлтгэлтэй нийлээд гурван жил сурах 7.8 тэрбум төгрөгийг БЗС-д суулгасан. Англи хэлний 2000 багшийг бэлтгэхээр тусгасан. 

УИХ-ын гишүүн Д.Батбаяр:

-Анх 2011 оноос хойш жил дараалан зохистой харилцааны шалгуур үзүүлэлтийг тавьж байгаа ч үл хайхран байр байршуулж байсан нь аудитын тайлангаар тогтоосон байдаг. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ЭМД, НДС дээр хуримтлагдаж буй мөнгийг бизнесийн байдлаар арвижуулах тогтолцоог бий болгож өгье гэсэн ч дэмжээгүй. Мөн гурван хувийн хүүтэй харилцах данс эсвэл удаан хугацааны хадгаламжид хийж байна гэлээ. Эрх зүйн хувьд өөрчлөлт хийж, бизнест хөрөнгө оруулалт хийж, эрсдэлийг нь даатгалаар хаадаг тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй. 

ХНХ-ын сайд Л.Энх-Амгалан:

-Одоо арилжааны банкинд хадгалуулсан нийгмийн даатгалын мөнгө байхгүй шүү дээ. Өмнө нь ийм туршлага байсан юм билээ. Тодорхой хугацаагаар өгөөж хүртэх зорилгоор мөнгө хадгалаагүй. 

Ажлын хэсэг:

-Нийгмийн даатгалын сангийн мөнгийг өмнө нь Капитал банкинд 104.1 тэрбум төгрөгийг зургаан сарын хугацаатай байршуулсан. Үлдэгдлээ сунгаад явдаг байсан. Гэрээгээр зохицуулж, хүүгээ тухай бүртээ  шинэчилж байсан. 2011 оны дөрөвдүгээр сараас эхлэн одоогийн байдлаар үлдэгдэл 67 тэрбум төгрөгтэй. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Энэ бол мөнгө угааах хэлбэр. Малчны зээл жилийн 24 хүртэл хувийн хүүтэй. Хадгаламж хэлбэрээр авсан мөнгө 9-11 хувийн хүүтэй. Арилжааны банкууд богино хугацаатай хэрэглээний зээлд төвлөрч зах зээлээ дэмжих урт хугацааны зээл гаргадаггүй. Энэ асуудалд анхаарах шаардлагатай. 

Ингээд УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Горимын санал хэлж байна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-УИХ-ын дэгийн 74.3 зүйлд Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхэд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нар, Ерөнхий аудитор байлцана гэж тусгасан байдаг. Дэгийн дагуу Ерөнхий сайдыг чуулганы хуралдаанд оруулах ёстой. 

АН-ын бүлгийн дарга Х.Тэмүүжин:

-Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр бид 2023 оны төсвийн гүйцэтгэлийг ярьж байгаа ч харамсалтай нь хоёр жилийн өмнө төсөв хэрхэн зарцуулсан бэ гэдэг сэдэв дээр олон гишүүн зарчмын байр суурь эзэлж, шүүмжилж байх шиг байна. Бүлгээс 3 зүйлийг тодотгож хэлье. Тодруулбал, энэ төсвийн гүйцэтгэл хаврын чуулганаар буюу 2020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд яригдах ёстой байсан. УИХ-ын гишүүд нь ажлаа хийгээгүйгээс 2024-2028 оны парламент хэлэлцэж байна. Гурван жилийн өмнө баталсан төсвөө хоёр жилийн өмнө хэрхэн яаж зарцуулсан бэ гэж ярьж байна.

Энэ төсвийн гүйцэтгэлийг ийм шуурхай ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой байсан уу гэдэгт эргэлзэж байна.

Мөн хоёрт, байнгын хороод болон бусад хуралдаанаар нэг бус гишүүн хавтаст хэрэг шиг зөрчилтэй, гэмт хэргийн шинжтэй, үрэлгэн, хувийн ашиг сонирхолтой ярьдаг вэ гэдэг яриа харагдлаа.  Тиймээс АН-ын бүлгээс УИХ-аас ажлын хэсэг гаргах ёстой гэх байр суурьтай байна. Намрын чуулганаар энэ асуудлаа эцэслэвэл яасан юм бэ. Үнэхээр энэ зөрчил хавтгайрсан бол энэ удаа УИХ хамтарсан Засгийн газар нэрээр чихээ бөглөж болохгүй. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хаврын чуулганы дараагийн чуулганаар хэлэлцэж батална гэсэн учраас намрын чуулган руу хойшлуулах боломжгүй. Хэрвээ Х.Тэмүүжин гишүүний саналаар явбал ээлжит бус чуулганаа хаахгүйгээр үргэлжлүүлэх асуудал яригдана гэсэн үг. Зохицуулалт байж болно. Тэр зохицуулалт нь тогтоол батлагдчихаад Төсвийн зарлагын дэд хороо ахиж тогтоолын төсөл оруулж ирээд, ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хийх боломжтой. 

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны саналаар Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. УИХ-ын 54 гишүүн дэмжиж, тогтоол батлагдсангүй. 

Барилга хот байгуулалтын сайд Ж.Батсуурь:

-Би сая дэмжиж дарсан боловч улаан бичиг гарлаа. Дахин санал хураалт явуулж өгнө үү. 

ХЗДХ-ийн сайд Х.Алтангэрэл:

-Заримдаа ажиллаагүй бол тэмдэглүүлээд явдаг жишгээр явъя. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Төхөөрөмжид буруу өгөхгүйгээр өөрсдийнхөө үйлдэлд анхаарах хэрэгтэй. Гишүүд хоцорч, түрүүлж дарах асуудал байна. Санал хураалтаар 53.2 хувийн саналаар хүчингүй боллоо.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны саналаар 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Нийт 53.2 хувиар тогтоолын төсөл батлагдаж, дэмжигдлээ. 

14 : 01
2024-8-30

"Захирамжийг яаж ч чадахгүй бодит үнэн"

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Алтангэрэл:

-Анх "Авлига" хорооллын зөвшөөрлийг яаж өгсөн, Ерөнхий сайдаас хойш нэмж зөвшөөрөл өгсөн үү гэдэг бол цэвэр албан тушаалын хэрэг болж хувирна. Тэгэхээр Д.Амарбаясгалан даргын саналыг бүрэн дэмжиж байна. АТГ-аас ажиллах ёстой. Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд ШШГЕГ харьяа ажиллаж байна. Захиргааны хэргийн шүүх дээр энэ хороололтой холбоотой захирамж гарч, асуудал гацсан байдаг. Процессыг нь харахаар аль хэдийнэ шийдвэрлээд дууссан байх ёстой ч огт шийдвэрлээгүй байдаг. Шүүхийн шийдвэр гартал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх захирамж гарсан. Захирамжийг яаж ч чадахгүй бодит үнэн.

Бид одоо захиргааны хэргийн шүүхийн хяналтад Засгийн газрын холбогдох албан тушаалтны шийдвэр байх ёстой гэж үздэг би өөрөө хуульчийнхаа  хувьд.

Цаашид энэ хороолол шиг том бүтээн байгуулалтын асуудал захиргааны хэргийн шүүх дээр гацаж байгаа. Захиргааны процессын хуулийн хугацаанд шийдэгдэхгүй байгаа. Ард түмний анхааралд өртсөн хэргүүд шийдэгдэхгүй байгаа учраас зохих судалгааг хийж байна. УИХ-ын даргын хэлсний дагуу хуулийн байгууллага АТГ-тай хамтран УИХ-ын ажлын хэсэг гаргаж, дэмжлэг үзүүлээд хамтран ажиллана.

Ажлын хэсэг:

-Арилжааны банкуудад хадгаламжийн хүү, харилцах дансны хүүтэй холбоотой ойлголтын зөрүү байх шиг байна. Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын хамтарсан 2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар харилцах дансны үлдэгдэлд тооцох хүүг гурван хувь байхаар тогтоосон. Хадгаламжийн хүү нь төрийн өмчийн компани болон Засгийн газрын тусгай сангууд арилжааны банкуудад хадгаламж байршуулж байгаа. Хүүгийн дээд хязгаар тавиагүй. Өмнө нь Цар тахлын хуулиар харилцах дансанд хүү тооцохыг зогсоосон байсан. Хууль дууссан учраас харилцах дансанд гурван хувийн хүү тооцож буй. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Биднийг битгий тэнэг гэж бод л доо. Арилжааны 10 банкинд байгаа 1131 харилцах дансны үлдэгдлийг хэлж байна. Үүнд 2.3 их наяд төгрөгийн төрийн эх үүсвэр байгаа. Яагаад гурван хүү тавиад байгаа юм бэ?

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Гишүүд амаа чилтэл асууж байна. Монголбанк тодорхой хариулт өгөх ёстой. 

Ажлын хэсэг:

-Харилцах дансыг өдөр тутам гүйлгээ хийж, урсгал зардал болон гүйлгээг санхүүжүүлэх зориулалттай. Тухайн банк мөнгөн хөрөнгийг эргэлдүүлээд, хадгаламжийн хүүтэй тэнцүү хэмжээний хүү тооцох ямар ч боломжгүй. Цар тахлаар энэ хүүг тэглэсэн байсан. Харилцах дансны хүү гурван хувь гэдэг дэлхийн бусад орны жишигтэй тооцоход маш өндөр үзүүлэлт. Хэрвээ бодлогын хүүгээр харилцах дансанд үлдэгдэл тооцвол ингэж ажиллах арилжааны банк байхгүй болно. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-2023 онд эдийн засаг долоон хувиар өсөхөд уул уурхайн салбар голлож, 2.6 хувиар нөлөөлсөн байна. Дараагийнх нь тээвэр салбар байна. Энэ салбарын 1.8 хувийн өсөлтөөс хэдэн хувь нь уул уурхайтай холбоотой вэ?

Ажлын хэсэг:

-2023 оны эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор тээвэр ложистикийн салбар ДНБ-нд эзлэх хувь нь 5.6 хувь байна. Тоон үзүүлэлтээр нийт 62.1 сая тонн ачаа тээвэр хийснээс уул уурхайн салбарын нүүрсний тээврийг авто зам, төмөр замаар гэж гаргадаг. Үндэсний статистикийн газраас нарийн тоог гаргадаг. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Ер нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын тоо эрс буурах шаардлагатай болсон. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, төр аж ахуйн үйлчилгээний бизнес, ажил хийхгүй байх тогтоолын төсөл санаачлан ажлын хэсэг байгуулан ажиллана. Төрийн худалдан авалтын үйл ажиллагаа 2023 оны дүнгээр 12 их наяд болсон. Бизнесийн салбарт орон зайг нь гаргаж өгөх үүднээс төрийн байгууллагууд дэргэдээ аж ахуйн үйл ажиллагаа явуулдаггүй байх тогтоолыг намрын чуулганаар багтаж гаргана. УИХ-ын дэргэдэх аж ахуйн үйлчилгээний байгууллагаа татан буулгана. Нэг жишээ хэлэхэд, Засгийн газрын дэргэд хэвлэх үйлдвэр ажиллаж улсаас жилдээ 300 сая төгрөгийг авдаг байсан. Тэр үйлдвэр Засгийн газрын 20 сая төгрөгийн баланк хэвлэдэг байсан. Мөн 4 давхрын ресторан жил бүр 1.4 тэрбум төгрөгийг төсвөөс авдаг байсан. Одоо хувийн хэвшил түрээсэлж, төсөвт 200 сая төгрөгийг оруулж байна. 

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:

-Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын удирдлага гэсэн хэсэг байгаа. Энд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, хараат бус зарчмыг баримтална гэж заасан. Чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад ямар үр өгөөжтэйгөөр байршуулдаг вэ. Яагаад хүүгүй байршуулдаг юм бэ?

ХНХ-ын сайд Л.Энх-Амгалан:

-Төрийн алдагдалд орсон НДЕГ гэх мэт газрууд байна. Хувийн байгууллагад учирсан хохирлыг төр барагдуулж, төрийн байгууллагад учирсан хохирлыг сүүлд эрэмбэлдэг зохицуулалттай гэдэг тайлбарыг хэлсэн. 

12 : 39
2024-8-30

"Авлига" хорооллыг нураахаар салбарын сайд, хотын удирдлагууд бодитой ажлаа хий"

Сангийн сайд Б.Жавхлан:

-2023 оны гүйцэтгэл яригдаж байна. Гурван төсөв давхцаж байна. 2024 оны улсын төсвийн тодотгол, 2025 оны төсөв, төсвийн гүйцэтгэл гээд. Та 2025 оны төсөв дээр ярих хөрөнгө оруулалтын бодлогыг асууж байна гэж ойлголоо. Хуулийн хугацаандаа багтаж, Засгийн газраас ирэх оны төсвийг өргөн барина. Тэгээд асуудлууд тодорхой болно. Нэгжийн тухай хуульд өөрчлөлтүүд орж, орон нутагт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн татварын орлогын 40 хувийг орон нутагт хуваарилдаг болсон. Монгол Улс нэгдмэл татварын бодлогоор явж ирсэн. Говийн бүсийн уул уурхайн салбар төсөвт жин дарж байгаа. Мөн говийн бүсийн ард түмэн мега төслүүдэд хүлээцтэй хандаж, дэмжиж байгаа. Тэнд хөрөнгө оруулалт тусгана. Ирэх оны төсвөөр дэлгэрэнгүй ярья.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Би Авлига хороололтой холбоотой асуудлыг асууя. Хотын дарга болон бусад хүмүүсээс авч буй мэдээллээр захиргааны эрх зүйн актууд тавьдаг ч хэрэгжүүлж болохгүй байна. Тэр цагдаа хайчсан. Хуулийг хэрэгжүүлж, мөрдүүлдэг байгууллага яагаад ажлаа хийхгүй байгаа юм. Улс, засаг, хотоороо зүтгээд дийлэхгүй байна. Х.Алтангэрэл сайдаас энэ талаар байнга асуулт асууна. Мөн Ж.Батсуурь сайдаа Авлига хорооллын хяналтыг танай яам хийдэг журамтай. Нураая, зогсооё гэдэг асуудлыг шийдэхэд юу болохгүй байна вэ. Шүүхийн шийдвэр хүлээгээд айлууд нь хороололд орлоо. Нарны гүүрнээс дээшээ бүх газрыг олгочихсон юм билээ. Төмөр замын хамгаалалттай газар, голын ай сав газрын тухай хуулийг зөрчсөн байна лээ. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Засгийн газар, хотын удирдлагууд очихоороо олон нийтэд зориулан "Авлига" хорооллыг нураана гэсэн попорсон мэдээллийг өгөөд яваад байдаг. Тэгсэн мөртлөө Г.Дамдинням гишүүний хөндөж байгаа асуудлыг логикийн хувьд бодоод үзээрэй. Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд очиж ажиллаад, голын голдирол өөрчилсөн байна, олон нийт үерийн эрсдэлтэй байх нөхцөлийг үүсгэсэн байна, нураана гэж мэдэгдсэн. Тэрнээс хойш зөвшөөрөл өгсөн байдлыг шалга гэдгийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням шаардаад байгаа юм. Энэ асуудалд Засгийн газрын гишүүд, хотын удирдлага бодитой ажил хийснээ УИХ-д долоо хоногийн дотор мэдээлэл ирүүлэх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, энэ үйл явцыг шалгах ёстой.

Ингэснээр нийгэмд шударга ёс гэж байдаг юм уу гэдгийг нотлох зүйл учраас үүнд онцгой анхаарч ажиллана.

Түүнээс ямар нэгэн байдлаар УИХ-ын гишүүн асуулт асууж, тухайн цагт янз бүрээр тайлбар хэлж, хариулсан болдгийг таслан зогсоох учиртай. Г.Дамдинням гишүүн энэ асуудалд анхаарч, салбарын сайд, хотын удирдлагууд бодитой ажлаа хий. Ерөнхий сайд ажилласан өдрөөс хойш олгосон зөвшөөрлийг хэн, ямар эрх ашгаар өгсөн бэ гэдгийг тодорхой болгож, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой. Төрийн хууль гурав хоног хэрэгждэг гэх яриа бий. Албан тушаалтнууд хууль бол хууль гэж ажиллах ёстой. Журмын зохицуулалтыг хязгаарлахаар ажиллаж байна. Журмаар зохицуулж байгаа нь албан тушаалтан эрхээ хэрэгжүүлэх үү үгүй юу гэдгийг шийдэж байгаа учраас цөөлнө. 

12 : 07
2024-8-30

УИХ-ын 2024 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ болж байна. 

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг дэд хорооны дарга Д.Батбаяр танилцуулав. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Сая танилцуулга дээр даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн олон албан тушаал сонсогдож байна. Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн Төрийн албаны хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор яам агентлагт шалгалт оруулна. Төрийн албаны зөрчлийг нэг даруй арилгах шаардлагыг УИХ-аас тавьж ажиллана. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд тарааж амжаагүй юм байна. Албажсан эцсийн дүгнэлт мөн үү?

Дэд хорооны дарга Д.Батбаяр:

-Албажсан эцсийн дүгнэлт мөн.

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

-Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан дээрээс нэг асуулт асууя. Мөнгөн хөрөнгө дээр 2023 оны сүүлчээр 12 их наяд төгрөг байгаа. Энэ мөнгөний хэдэн хувь Монголбанк дээр, хэд нь арилжааны банкинд байршдаг вэ?

Дэд хорооны дарга Д.Батбаяр:

-Нарийн тоог ажлын хэсгээс хариулна. 

Ажлын хэсэг:

-12 их наядаас 4.5 их наяд төгрөг нь Монголбанкинд байршдаг. Энэ нь улсын төсвийн орлого болон төсөвт байгууллагуудын үлдэгдлээс бүрддэг Монголбанкны төрийн нэгдсэн дансны үлдэгдэл. Ойролцоогоор 35 хувь нь Монголбанкинд бол үлдсэн 7.5 тэрбум төгрөг нь төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газруудын арилжааны банкин дахь харилцах дансны үлдэгдэл байгаа. Жишээлбэл, ЭТТ, Эрдэнэт үйлдвэр гэх мэт.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

-Монголбанкин дахь төсвийн 4.5 их наяд төгрөгийг хэрвээ арилжааны банкуудад байршуулсан бол тодорхой хувийг нь зээлж, орлого олно. Зээл ашигласан аж ахуйн нэгж орлого олж, төсөвт төвлөрүүлэх татварын орлого нэмэгдэх боломжтой. Заавал Монголбанкин дээр байршуулах нь буруу юм биш үү гэдэг санал хэлж байна.

Ажлын хэсэг:

-Засгийн газрын төрийн сангийн тогтолцоог 2002 онд нэвтрүүлсэн. Үүгээрээ бүх төсөвт байгууллага, улсын төсвийн дансыг Монголбанкны нэгдсэн дансанд байршуулж, төлбөр тооцоог хийж байгаа. Үүнийг дагаад Засгийн газрын Санхүүгийн удирдлага, мэдээллийн системийг нэвтрүүлж, улсын төсвийн зарлага, санхүүжилтийг хийдэг. Улсын 330 сум, есөн дүүрэг, 21 аймаг, бусад яамдууд дээр цахимаар гүйлгээ хийдэг болсон. 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан дээр 137 төрийн өмчит хуулийн этгээд тэр дундаа 109 төрийн байгууллага дээр санхүүгийн санал дүгнэлт гарсан байна. Үүнээс 38 нь санхүүгийн хязгаарлалттай дүгнэлттэй гарсан. Нэг ёсондоо 3/1 асуудалтай байна. Боловсролын салбарын төрийн өмчит томоохон сургуулиуд хязгаарлалтад орсон байна. МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, ХААИС зэрэг таван сургуульд 50 мянган оюутан суралцдаг. Эдгээр таван сургуульд нийт оюутны 40 хувь нь суралцдаг. Энэ нь менежментийн асуудал яригдана. Энэ хязгаарлалттай дүгнэлтийг гаргаад өнгөрөх ү, реформ хийх үү. Төрийн тусгай 22 сан байна. Боловсролын зээлийн сан сүүлийн 10 жил хязгаарлалттай, асуудалтай гарч байна. Нийт 120 тэрбум төгрөгийн зөрчилтэй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан найдваргүй зээл гэсэн байна. Юу гэсэн үг вэ. Татвар төлөгчдийн мөнгөнөөс олгосон зээлийг цэгцлэх ёстой. Д.Загджав даргын танилцуулгад БЗС-гийн эргэн төлөгдөөгүй гадаад зээл Монголбанкны саарал жагсаалтад хэзээ ч орохгүйгээр явж ирсэн. Гэтэл ардын хүүхдүүдийн дотоодын зээлийн дөрвөн сая төгрөг эргэн төлөгдөхгүй бол хар жагсаалтад ордог. Энэ аудитын дүгнэлтэд 147 хүүхэдтэй холбогдож чадаагүй гэсэн байна лээ. Энэ зээл яагаад төлөгдөхгүй байна вэ?

Дэд хорооны дарга Д.Батбаяр:

-Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа аудитын дүгнэлт гардаг. Энэ дүгнэлтийн дагуу арга хэмжээ авдаггүй асуудал ужгирсан. Тэр байтугай өмнөх парламентын үед сөрөг хязгаарлалттай дүгнэлт хүлээн авсан албан тушаалтнуудад арга хэмжээ авхуулахаар албан бичгийг Ерөнхий сайдад явуулж байсан. Харамсалтай нь энэ албан бичгийг хариуг заасан хугацаанд хүргүүлээгү, арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй явсан. Энэ бүхэн чухал асуудал. Цаашид анхаарах ёстой. Дэд хорооноос албан бичгийг шаардлага  хүмүүст хүргүүлнэ.

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Зөв асуудлыг хөндөж байна. Их дээд сургуулийн асуудлыг Дээд боловсролын тухай хуулиараа удирдах зөвлөл нь шийддэг байсан. Бид чанарын тогтолцоог сайжруулах, хариуцлага тооцоход нь анхаарах болно. Хоёр жил дараалан МУИС санхүүгийн хязгаарлагдмал гэсэн дүгнэлттэй. Холбогдох этгээдүүд нь хариуцлага хүлээх ёстой. 

Чанарын сайн тогтолцоотой газар ийм асуудал гарахгүй. Эрх зүйн баримтыг харахаар 2011 оны долдугаар сарын 10-нд батлагдсан Дээд боловсролын санхүүжилт, нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8 зүйлд сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, эргэн төлөх тухай УИХ-аас тогтооно гэж тусгасан. Энэ зохицуулалт 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр хүчингүй болох хүртэл үйлчилсэн. БЗС-гаас олгодог гадаадад суралцах зээлийг зохицуулсан тогтоол, хавсралт журмуудад нарийвчлан тусгаагүйгээс тус сангаас зээлийн төлөлтийг шаардах нөхцөл бүрдээгүй байгаа. УИХ болон байнгын хороонд ажлын хэсэг байгуулж, зээлийг эргүүлэн төлөх ажлыг анхаарна. Би байнгын хороонд мэдээлсэн. Өнөөгийн үйлчилж байгаа дүрмийн дагуу нөхөн төлүүлэхээр ажиллана. Ер нь 10-аас дээш жил төлөөгүй 502 хүн байна. Нийт авлага 48 тэрбум төгрөг болчихсон байгаа. Энэ бүхнийг эргэж харж, төлүүлнэ. БЗС дотроо таван төрөл байдаг. Шинэчлэлүүдийг ярилцаад явна.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-БЗС-гийн асуудлыг мэдэхгүй хүн байхгүй. Шинэ сайд том шинэчлэл хийх байх хүлээлт байгаа. Төрийн өмчит томоохон их дээд сургуулийн асуудал. Ганц захирлын томилгооны асуудал бус 50 мянган оюутны сурах эрх хөндөгдөнө .

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Сая улсын төсвийн тодотгол батлагдлаа. Долоон аймаг улсын төсөв төвлөрүүлнэ. Дорноговь 11 тэрбум төгрөг, Дорнод 2, Өмнөговь аймаг 1.4 их наяд, Сэлэнгэ хоёр, Дархан-Уул нэг, Орхон 137 тэрбум, Улаанбаатар 19 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр баталлаа. Урьд жилүүдэд Өмнөговь аймаг улсын төсөвт 2021 онд 78 тэрбум, 2022 онд 264 тэрбум, 2023 онд 456 тэрбум, 2024 онд 1.4 их наяд гээд үлэмж хэмжээний орлого төвлөрүүлж байна. Эргээд төсвийн хөрөнгө оруулалтыг аймгуудад юуг нь үндэслэж хуваарилж байна вэ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт говийн бүсэд олон ажил хийхээр тусгасан ч харамсалтай нь төсвийн хууль орж ирээд өчүүхэн бага төсөв тавьчихдаг. Өмнөговь аймагт 2024 онд улсын 16 тэрбум төгрөг хуваарилсан бол зарим аймгууд 200 тэрбум давсан. Энэ онд 700 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ гэсэн чинь 1.4 их наяд болж нэмэгдсэн байна. Ирэх жил хэд болох вэ. Ирэх сарын 1-ний дотор улсын  төсвийн хөрөнгө оруулалтаа Сангийн яам УИХ-д өргөн барих гэж байна. Цаг хугацаа богино байна. Хөрөнгө оруулалтын хуваарилалтаа яаж хийж байна вэ. Энд анхаараач ээ?

12 : 00
2024-8-30

Ирээдүйн өв санд 788 тэрбум 968.7 сая төгрөг хуримтлуулна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-2023 оны есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Ирээдүйн өв сангийн үлдэгдэл 2 их наяд, 788 тэрбум, 332.7 сая төгрөг байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйл болон дагаж мөрдөх тухай хуульд заасны дагуу Ирээдүйн өв санд 2024 оны улсын төсвийн жилд 788 тэрбум 968.7 сая төгрөг хуримтлуулна. Энэ зүйл заалтад санал хураалтыг явуулж дэмжигдэв. 

11 : 26
2024-8-30

"Хэлэлцэх асуудлын дараалалд алдаа гарсан байна"

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/ болж байна. 

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай эцэслэн батлах санал хураалтыг явуулав. УИХ-ын гишүүдийн 62.5 хувь дэмжлээ. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Уучлаарай. Хэлэлцэх асуудлын дараалалд алдаа гарсан байна. 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл заалт бүрийг уншиж, сонсгож, зүйл заалт тус бүрээр санал хураалт явуулна гэж алх цохисон. Сая хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж 60 гишүүн санал өглөө. Энэ санал хураалтыг хүчингүй болгож, зүйл тус бүрээр нь уншиж танилцуулах шаардлагатай болж байна. 

2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай дараах зүйл хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай. 1.1.1 зүйлд Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2024 онд төвлөрүүлэх орлого, зарлага, төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн нэгдсэн сан, орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлэг, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино. 

Хуулийн 2.3 зүйлд Монгол Улсын төсөвт 2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч түүний харьяа болон бусад байгууллага дор дурдсан орлогыг төвлөрүүлнэ. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 185 сая төгрөг, УИХ-ын дарга харьяа төсөвт байгууллагын орлого 100 сая төгрөг, Ерөнхий сайд 105 тэрбум төгрөг,  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 101 тэрбум төгрөг, түүний харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 4 тэрбум төгрөг, ШЕЗ-ийн дарга 510 сая, түүний харьяа байгууллага 510 сая, Санхүүгийн зохицуулах хороон дарга 2 тэрбум төгрөг, Эдийн засгийн хөгжлийн сайд 2 тэрбум төгрөг, Шадар сайд 25 сая төгрөг,  түүний харьяа төсөвт байгууллага 16 тэрбум төгрөг, ЗГХЭГ-ын дарга 175 сая төгрөг, Гадаад харилцааны сайд 6 тэрбум төгрөг, дипломат төлөөлөгчийн газар 5.1 тэрбум, харьяа төсөвт байгууллага 900 сая төгрөг, Сангийн сайд 18 их наяд төгрөг бөгөөд Татварын ерөнхий газар 11 их наяд төгрөг, үүнээс Төсвийн тогтворжуулалтын санд 478 тэрбум төгрөг, Гаалийн ерөнхий газар 6 их наяд төгрөг, Сангийн яам 281 тэрбум төгрөг, гадаад тусламжийн орлого 558 тэрбум, ХЗДХ-ийн сайд 81 тэрбум төгрөг зэргийг танилцуулж, санал хураалт явуулж, 74 хувь нь дэмжлээ. 

 

10 : 13
2024-8-30

Хуралдаанаар 8 асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын гишүүд 57.1 хувийн ирцтэйгээр чуулганы ээлжит бус нэгдсэн хуралдааныг эхлүүллээ. Хуралдаанаар найман асуудлыг хэлэлцэнэ. 

Хууль тогтоолын 14 төслийг эцэслэн батална. Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батална. 

Төслүүдийг эцэслэн батлах санал хураалтыг явууллаа. УИХ-ын 83 гишүүн оролцож, дэмжив.

 

09 : 32
2024-8-30

Үндэсний баялгийн сангийн тухай хэлэлцэнэ

БААСАН ГАРАГ /2024.08.30/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·      Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·   “Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний тухай асуудлыг хэлэлцэнэ

·  “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Баталсан хууль тогтоомжийн эцсийн найруулгыг сонсоно

·         Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулганы хаалт

10.00

“Их хуралдай”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferAnderson 2024-08-30 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenBishop 2024-08-30 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferKaiser 2024-08-30 46.8.11.56

Харуулах боломжгүй.

Avatar

JulieAdams 2024-08-30 109.248.138.233

Харуулах боломжгүй.

Avatar

LauraJohnson 2024-08-30 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

JanetSilva 2024-08-30 109.248.13.219

Харуулах боломжгүй.

Avatar

MaylinWilliams 2024-08-30 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

SandraMasters 2024-08-30 185.181.245.27

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleRueschhoff 2024-08-30 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaVillarreal 2024-08-30 109.248.15.234

Харуулах боломжгүй.

Avatar

LoriTaylor 2024-08-30 45.87.253.242

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaDunn 2024-08-30 109.248.205.198

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferThompson 2024-08-30 46.8.22.68

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieWashington 2024-08-30 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaRamirez 2024-08-30 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

JulieFeeney 2024-08-30 188.130.210.43

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineHorsford 2024-08-30 46.8.11.77

Харуулах боломжгүй.

Avatar

LaurelTriepke 2024-08-30 188.130.142.126

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMorrison 2024-08-30 188.130.137.168

Харуулах боломжгүй.

Avatar

TammyGarner 2024-08-30 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaWilson 2024-08-30 95.182.126.159

Харуулах боломжгүй.

Avatar

ShirleySmith 2024-08-30 194.35.113.156

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-30 122.201.31.153

Муу хулгайчууд, улсыг маань өрөнд оруулж Путины Оху-д хамаг төсвөө шавхаж өгч амжив уу? Өчигдрийн хулгайгаар бүүрлэхэж батласан шийдвэрийнхээ төлөө бүгдээрээ тамлуулж тарчлах болтугай! Шийдвэрийг батласан 62.5%, Ухнын Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ цагаач нарт хаяглаж байна!

Avatar

MelissaHoffman 2024-08-30 188.130.143.67

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-30 66.181.177.54

Хаха, ШЕЗ-ийн гишүүнийг чөлөөлөхийг 1 хүн дэмжээгүй нь сайнзориг уу, энхбаяр уу? Эсвэл байнгын хороон дээр дэмжихгүй гэснээ дараа нь дэмжчихэв үү?

Avatar

AmberLittle 2024-08-30 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-30 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleBalderas 2024-08-30 95.182.125.217

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-30 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

BrandiSimpson 2024-08-30 109.248.14.134

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-30 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-30 66.181.186.10

Төсөвийн тодотголоо хийж чадсан уу, хөөе ?

Avatar

Нэргүй 2024-08-30 59.153.115.163

Улсын их 76 хулгайнар 126 боллоо доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж