Хуучирсан мэдээ: 2024.08.29-нд нийтлэгдсэн

АН-ын шинэ ХАГАРАЛ!

Ардчилсан намд манлайлагч алга. Манлайлагч бүү хэл баруун төвийн үнэт зүйл, үзэл баримтлалаа хамгаалах манаач ч байхгүй байна. Ардчиллын нэрээр албан тушаал, эрх мэдэлд хүрэх зорилготой ашиг хонжоо хайгчдын “үүр овоохой” болж хувирчээ.

“Манай ах нар улс төрөөс зайлж сурвал Монголд том тус болно”, “Ардчилсан нам үе солигдож байж өөрчлөгдөх ёстой”, “Ах нараас болж, Ардчилсан нам хоёр хуваагдлаа” гэж цэцэрхэж суусан АН-ын +40, +50 настнуудын эго, эрх ашиг нь ах нараасаа илүү гарна уу гэхээс дутах шинжгүй. Ах нарынх нь үед арай ч АН-ын толгойг МАН мэддэг байгаагүй юм. Үндсэндээ, АН-ын даргаар Л.Гантөмөрийг сонгоход МАН багагүй дэмжлэг үзүүлсэн. Тэгвэл Э.Одбаяр АН-ын генсек болсон нь МАН-ын шууд томилгоо байлаа. Ямар сайндаа л улс төрийн хүрээнийнхэн "МАНай БЭТ" гэж нэр, хоч өгөх билээ. Үүгээр ч зогсохгүй УИХ-ын сонгуульд АН-аас хэнийг жагсаалтад оруулж, хэнийг хаанаас нэр дэвшүүлэхийг Төрийн ордны зүүн жигүүрээс шийдсэн нь гашуун агаад бодит үнэн юм.

УИХ дахь АН-ын бүлгийг АН-ын бүлэг гэж хэлэхэд  бас хэцүү. Тус намын бүлэгт намын гэхээсээ хүний эрх ашигт үйлчилдэг Оросын төсөлчид, МАН-ын БЭТ болон пиарчин гээд цөөнгүй хүн бий.

Ах нар намаас зайлчихвал АН хэрүүл, зодоонгүй амар амгалан болчих юм шиг ярьж, бичдэг асан АН-ын залуус өдгөө намаа төдийгүй бүлгээ хоёр байтугай хуваажээ. "АН-ын фракцууд намдаа байхаар намынхаа зовлон, төрд нам нь гарахаар төрийн зовлон болдог" гэж Ц.Нямдорж л хэлснээс биш үнэний ортой үг.

Өнгөрсөн найман жил гудамжинд хийсэн АН-ын зодоон Төрийн ордонд орсон, энэ нь цаашдаа МАН-д хүртэл халтай байж мэдэх дүр зураг харагдах болсон. Засгийн эрхийг хуваалцаж буй АН-ынхан өөрсдөө өнөөдөр эрх баригч болсон. Өөрөөр хэлбэл, АН-ын гишүүдийн эрх баригчид руу чиглэсэн шүүмжлэл, улс төрийн акц болгон АН-д наалдана. Ямбыг нь АН болон ХҮН нам эдлэж, ялыг нь МАН  дангаараа үүрнэ гэвэл ёстой "алсын хараагүй" ахархан дүгнэлт болно. Эсрэгээрээ МАН ялаас мултарч, Л.Гантөмөр, Т.Доржханд хоёр хууль, цаазын хаалга татаж мэднэ. Монголын эдийн засгийн реформуудыг АН хийдэг, алдааг нь үүрдэг. Үр шимийг нь МАН хүртдэг, албан тушаалд хүрдэг.

С.Баярын "Стандарт бус засаг"-ийн үед Ардчилсан нам ачааны хүндийг үүрсэн. Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсны гай нь АН тохогдож, гавъяаг нь МАН энгэртээ зүүцгээсэн. "Гүзээтэй шар тосоо хэн идэх вэ гэж мэтгэлцдэг үнэг, чоно хоёрыг үлгэр"-ээс үлгэрлэл авсан МАН политик нь нэг ийм арга тактиктай. Монголчууд үүнийг хүний гараар могой бариулна гэдэг.

АН ачааны хүндийг үүрэх чадвартай. Эрсдэлтэй ч гэсэн эдийн засагт оносон бодлого шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлж чаддаг. С.Баярын Засгийн газарт АН орсон тулдаа Оюутолгойн гэрээг байгуулсан. АН засгийн эрх барьсан 2012-2016 онд Монголд авто замын реформ хийгдсэн. Ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн,  ОХУ-ын "Ростех"-ийн эзэмшилд байсан "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Монголд авч ирсэн. Атал МАН-ын үед Дарханы замыг найман жил барьж байна. Цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд зургаан жилийг зарцуулж байна.

Гэвчиг, ялгаатай нь өнөөдрийн АН-ын бүлэгт Монголын эдийн засагт нэн чухал төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж, эдийн засгийн реформыг хийж чадах хүн алга. "Монгол ялна"-чууд Монголыг хорлоно уу гэхээс  хөгжүүлэхгүй нь ойлгомжтой. Нотолгоо гэвэл "Шинэ сум" Сайншандын аж үйлдвэрийн парк, Майдар хот, экспортын төмөр замын төслүүд байна. Женко.Баттулгатай АН-ын бүлгээс эдийн засгийн реформ хүлээх нь илүүц. "Муу юмандаа сайн" хүн шүү дээ.

АН-ын УИХ дахь бүлэг дэх олон фракцийн хуваагдал ирэх дөрвөн жилд Монгол төрийн толгойны өвчин болж болзошгүй. Төрийн ордны баруун жигүүрийнхэн О.Цогтгэрэлийн UBS бүлэглэл, Ховд-Төв аймгийн хоршил, МАН-ын БЭТ-ийн фракц, Женко.Баттулгын баг гэх мэтээр хуваагдсан аж.

Улс төрд эрх ашиг нэгдвэл тэврэлдэж, үзөрөлдвөл зодолддог нь гэм биш. Тэр тусмаа люмпэнгүүдийн урваж шарвах нь улс төрд байдаг л үзэгдэл. Хааныг хөгшрөх үед хамгийн түрүүнд түшмэд нь урвадаг гэх үг бий. Тэр жишгээр Женко.Баттулгаас залуус нь хэдийнэ зам салж, зайгаа барьж эхэлсэн бололтой. Магадгүй Х.Баттулгыг дагавал "могойн хорлол" болно гэж бодсон байж болох талтай. Б.Махбал, Ц.Хулан, Н.Түвшинбаяр, Г.Байгалмаа, Ц.Ууганбаяр, Н.Удаажаргал, Т.Мөнхбаяр, Д.Батзаяа, Б.Ганхуяг гээд Х.Баттулгатай ойр шадарлаж явсан бүхэн бүгд буруу замаар будаа тээсэн. Нөгөө талдаа Х.Баттулгын улс төрийн ашиг сонирхлын утсан хүүхэлдэйнүүд болж явснаа ухаарсан ч байж мэднэ. Өнгөрсөн сонгуулиар Х.Баттулга өөрийн эрх ашгийн төлөө зарим залуусыг золиосолсон нь худлаа юм биш.

Ямартай ч Ө.Шижир, Т.Батцогт, П.Нүрзэд, Б.Ган-Очир нар Х.Баттулгаас хэдийнэ зайгаа барих болсон аж. Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогтыг солих, өөрчлөх тухай яриаг Х.Баттулга сэм дэмжиж байгаа агаад энэ нь магадгүй "өөрөөс нь урвасан" гэж гомдсоных байж болох юм.

Өдгөө түүний дэргэд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Жаргалсайхан хоёр үлдсэн бололтой. Тэгвэл нэгэн цагт “Нэг ардчилал”-ыг байгуулж, завсар орох зайгүй мэт нөхөрлөж явсан Л.Гантөмөр, Х.Тэмүүжин хоёр ч сүүлийн үед үзэл санаа багагүй зөрчилдөх болсон нь үг-үйлдлээс нь харагддаг, уншигддаг. Иймээс Л.Гантөмөр О.Цогтгэрэлтэй гар барьж, нөгөө талд нь Д.Пүрэвдорж, Х.Тэмүүжин хоёр хорших болсон ил тод харагдаж буй үйл явдал. Эндээс дүгнэхэд МАН ч дажинтай, АН ч хагаралтай байгаа бололтой.

Орон нутгийн сонгуулийн өмнө намууд гэр дотор хэрүүл зодооноо хүчээр дарж байгаа нь тодохой. Харин сонгуулийн дараа намуудын энэхүү хэврэг “эв нэгдэл” хэр удаан тэсэхийг хэлж мэдэхгүй юм.  Эцэст нь, өнгөрсөн цагийн алдаа болгоноо өмнөх үе рүүгээ  чихэж суусан Ардчилсан намын өнөө үеийнхний хагарал АН-д ч, МАН-д ч, Монголд ч шинэ зовлон дагуулах нь цаг хугацааны асуудал болсон байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж