Талибууд таныг Афганистанд урьж байна

Хуучирсан мэдээ: 2024.08.28-нд нийтлэгдсэн

Талибууд таныг Афганистанд урьж байна

Талибууд таныг Афганистанд урьж байна

АНУ-ын Вермонт мужаас гаралтай Бен Херсковицийн амьдралдаа үзсэн хамгийн үзэсгэлэнтэй газар Афганистан аж. Цаст уул, ногоон байгууламж гээд нэг бүс нутагт олон янзын байгалийн тогтоц зэрэгцэн оршихыг харъя гэвэл Афганистаныг зорих хэрэгтэй гэнэ.

Тэрбээр “Ийм ялгаатай тогтоцууд нэг дор байхыг би хэзээ ч харж байгаагүй. Ром, Грек рүү балгас үзэх гэж очно, гэтэл эргэн тойронд олон мянган жуулчин хөлхөлдөнө. Харин энд та та маш олон үеийн түүхтэй үзэсгэлэнт газрыг харж болно. Гол нь та энд бараг цор ганцаараа байх болно” гэжээ.

Афганистаныг аялал жуулчлалын халуун цэг гэж хэлэхгүй. Мөргөлдөөний хөлд сүйдсэн тус улсаас 2021 оны наймдугаар сард АНУ цэргээ гаргасан. Улмаар талибууд засгийн эрхэнд гарснаар аялал жуулчлал эрс нэмэгдсэн байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид Афганистаны байгалийн үзэсгэлэнт газар нутаг, эртний түүхийг шимтэн сонирхдог. Тэд афганчуудын зочломтой зантай танилцахын зэрэгцээ Банд-е-Амир үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн оюу нууранд шумбах, Бамиян дахь Буддын шашны балгасыг үзэх, Кабулын хөл хөдөлгөөн ихтэй захаар хэсдэг аж.

Афганистанд 2021 онд 700 орчим жуулчин иржээ. Улмаар 2022 онд 2300, 2023 онд 7000 болж нэмэгдсэнийг Кабул дахь Аялал жуулчлалын газрын дарга Мохаммад Саид хэлэв. Тус тусдаа бага тоо мэт боловч тогтвортой өсөлт нь олон 10 жил дайны хөлд нэрвэгдсэн Афганистанд аялал жуулчлал сэргэж буйг илтгэх юм. Талибаны албаныхан ч бас аялал жуулчлалыг дэмжихээ мэдэгдсэн байна. Мэдээж энэ салбарын өсөлт нь улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа аж. Тус улсын Соёлын яамны дэргэд аялал жуулчлалын салбар, зочид буудлын менежментийн чиглэлээр оюутан сургах хэлтсийг хүртэл байгуулсан байна.

Афганистаны аялал жуулчлалын “Unchartered Afghanistan” компанийг үүсгэн байгуулагч Хайбер Хан хэлэхдээ “Афганистаныг мөргөлдөөний бүс гэдэг ч соёл, хүмүүс, газар нутаг гээд бидэнд санал болгох зүйл маш олон бий” гэжээ.

Афганистанд ихэвчлэн АНУ, Европын холбоо, Хятад, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират, Иранаас жуулчид ирдэг.

Олон улсын хориг арга хэмжээнд өртсөн Афганистанд аялал жуулчлалаар дамжуулан мөнгө оруулж ирж байгаа нь Талибаны дарангуйлагч дэглэмийг үндэслэлгүйгээр хууль ёсны болгох гэсэн башир арга гэж зарим хүн үзэж байна. Афганистанд аялахыг урьж буй хэдий ч НҮБ-ын хүний ​​эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Ричард Беннеттийг тус улсад нэвтрэхийг хориглосон юм. Энэ нь Талибан болон НҮБ тэргүүтэй олон улсын байгууллага хоорондын хүний эрхийн хамтын ажиллагаа дутмаг байгааг онцолно.

ЗОЧЛОМТГОЙ АФГАНИСТАН

Цахим контент бүтээгч, аялагч Херсковиц Афганистан ямар гайхалтай зочломтгой, үзэсгэлэнтэй газар болохыг олон хүнээс сонссон тул зорин ирсэн аж. Олон аялагч эерэг сэтгэгдэл хэлдэг ч гэлээ барууны засгийн газруудын ихэнх нь Афганистанд зорчихгүй байхыг сануулдаг. АНУ л гэхэд Афганистанд аялаж болохгүй гэсэн дөрөвдүгээр түвшний зөвлөмжийг гаргасан. Ингэхдээ терроризм, хууль бусаар саатуулах эрсдэл, иргэний үймээн самуун, хүн хулгайлах, гэмт хэрэг хүчин зүйлийг шалтгаан болгон дурдсан байна. Их Британи ч бас Афганистан руу аялахгүй байхыг зөвлөсөн.

Афганистаныг зорин ирсэн аялагчид амиа алдсан тохиолдол ч үнэхээр байдаг. Тодруулбал, энэ оны тавдугаар сард Бамиян хотод зэвсэгт этгээдүүд гал нээснээр дөрвөн хүн амиа алдсан бөгөөд үүний гурав нь испани жуулчин байжээ. Халдлагын ард хэн байгаа нь одоо хүртэл тодорхойгүй аж.

Энэ мэт сэрэмжлүүлэг байсан ч гэлээ Херсковиц зориг шулуудан иржээ. Тэрбээр энд ирвэл яг юу болох талаар хүмүүст мэдээлэл өгөхийг хүссэн байна. “Өөрийнхөө туршлагаас хэлэхэд би энд байх бүх хугацаандаа аюулгүй байдлыг мэдэрсэн” гэж Херсковиц хэлжээ.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Бамиян хот, зургадугаар зууны үеийн Буддагийн хөшөөг ашиглан тохижуулсан зочид буудал, Банд-е-Амирын нуурууд зэрэг олон сайхан зүйлийг тэр үзжээ. Гэвч Херсковицэд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн нь афганчуудын зочломтгой байдал байсан. Нутгийн иргэд эх орондоо жуулчин хараад маш их баярладаг аж.

Жуулчдын өсөлтийг дагаад аяллын компаниудын тоо ч нэмэгджээ. Дайны идэвхтэй бүс биш болсон тул жуулчдын тоо нэмэгдсэн аж.

Жуулчид Афганистаны консулын газраас жуулчны виз авч байж нэвтрэх боломжтой. Хэрвээ хувь хүн Афганистан дахь аялал жуулчлалын компаниас урилга авсан бол консулын газар визийг нь олгодог. Афганистан нь Арабын нэгдсэн Эмират, Пакистанд консулын газар, Герман, Испани, Нидерланд зэрэг бусад оронд Элчин сайдын яамтай.

ЭМЭГТЭЙЧҮҮД АЮУЛГҮЙ АЯЛАХ БОЛОМЖТОЙ

Талибанчууд засгийн эрхэнд гарснаасаа хойш афган эмэгтэйчүүдийн сурч боловсрох, ажил эрхлэх эрхийг хассан. Гэхдээ эмэгтэйчүүдэд тавьдаг хязгаарлалт эмэгтэй жуулчдад хамаардаггүйг “Unchartered Afghanistan” аяллын компани мэдэгджээ.

Их Британийн 56 настай жуулчин, влоггер Эмма Виттерс 2021 оноос хойш Афганистанд дөрвөн удаа ганцаараа айлчилжээ. Эмэгтэй жуулчны хувиар аюулгүй байсан ч гэлээ тодорхой сорилтууд тулгарсныг тэр хэлсэн юм. Анхны аяллын үеэр Кабулаас Кандагар руу автобусаар явах гэтэл түүнийг ганцаараа аялж байсан тул тасалбар зарахаас татгалзсан байна. Гэсэн ч тэр “Афганистан дахь хүмүүс миний уулзаж байсан хамгийн эелдэг хүмүүс байсан” гэж дурсжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж