УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдөр /2024.08.27/-нд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна. УИХ-ын чуулганы хуралдаанд мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлэн батлуулах хамгийн гол үүрэгтэй Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаандаа суухгүй байгаас үүдэн гишүүд бухимдлаа илэрхийлэв.
Засгийн газрын гишүүд нь Засгийн газрын ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаарх асуултад хариулт өгөхгүй юм бол бид энд цаг заваа үрж, жүжиг тавин суух шаардлага байхгүй гэх байр суурь илэрхийлэх гишүүд ч байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Засгийн газрын сайд нар төсвөө батлуулахдаа гуйж батлуулчихаад, гүйцэтгэлийг нь хэлэлцэх болохоор зугатаж алга болчихоод энд, тэндээс хэрүүл хийдгээ боль. Ажил хийж байгаа юм бол хариуцлагаа үүр. Хариулах хүн байхгүй байхад асуулт, асууж жүжиг тоглож цагаа үрээд суух ямар хэрэгтэй юм. Ямар ч утгагүй юм. Улаанбаатар хотын утааг бууруулах нэрээр барьж байгаа нүүрс угаах үйлдвэр нь 40 гаруй тэрбум төгрөг залгиад мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр үр ашиггүй гээд зогсож байгаа мэдээлэл гарлаа. Гэтэл үүнд хариулт өгөх хүн алга. Энэ улс оронд эзэн байна уу. Нийт хүн амын тал нь амьдардаг Улаанбаатар хотыг утаагүй болгох үйлдвэр нь улсын өмчийн томоохон компаниасаа 40 гаруй тэрбум төгрөг залгиад үр дүнгүй гээд нийтэд мэдээлчихээд байхад хот нь, эрчим хүчиний яам нь мэдэхгүй байна. Ийм байж болдог юм уу” гэж бухимдав.
УИХ-ын чуулганы индэр дээрээс Засгийн газрын гишүүдийг чуулганы хуралдаандаа суухыг дэд дарга Х.Булгантуяа байн байн сануулсан ч тусыг эс олов. Арга ядахдаа ЗГХЭГ-ын дарга Н.Учралд Засгийн газрын гишүүдээ чуулганы танхимд дуудаж ирүүлэхийг шаардав. Тэрбээр, Засгийн газрын гишүүд ажил ихтэй гэдгийг ойлгож байгаа ч төсөв мөнгө болоод үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө батлуулахаас илүү чухал ажил байхгүй гэдгийг хатуу сануулав.
Улмаар Засгйин газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөртэй холбоотой гишүүдийн асуусан асуултад хариулт өгөх ажлын хэсгийнхэний тал нь ч чуулганы хуралдаанд ирээгүй байгаа нь төрийн ажил хаа хаанаа цалгардаж, хариуцлагагүй байдлын ил тод жишээ болов. Дашрамд дурьдахад, Засгийн газрын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөртэй холбоотой Монгол Улсын 2024 оны төсөвт тодотгол оруулж 3 их наяд төгрөгөөр зарлагыг тэлж 30.4 их наяд төгрөгт хүргээд байгаа юм.
3,548.92






















































Холбоотой мэдээ