ОХУ-ын арми Даваа гаригт Украинд довтлох үед нисгэгчгүй нисэх онгоц Польшийн агаарын орон зайд нэвтэрч, нутаг дэвсгэрт нь газардсан байж болзошгүй байна. Тиймээс тухайн объектыг эрэн хайх ажил үргэлжилж байна.
ОХУ Даваа гаригийн цохилтоор 100 гаруй пуужин, 100 орчим довтолгооны нисгэгчгүй онгоц харвасан. Агаарын цохилтын улмаас дор хаяж таван хүн амиа алдаж, эрчим хүчний байгууламжид доголдол үүсчээ.
Польшийн армийн хэвлэлийн төлөөлөгч Яцек Горышевски хэлэхдээ "Нисгэгчгүй онгоц гэж бид таамаглаж байна. Нислэгийн зам, хурд нь үүнийг пуужин биш гэдгийг харуулж байна. Польшийн нутаг дэвсгэрт унасан объектыг 100 цэрэг болон нэг нисдэг тэргээр хайж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нүдээр таних боломжгүй байсан тул уг объектыг Орос, Украины алиных нь гэдгийг хэлэх боломжгүй" гэв.
Тухайн объект нь Украины Червонохрад хотын ойролцоох агаарын орон зайд Даваа гаригийн өглөө 04:43 цагт нэвтэрсэн байна. Улмаар 05:00 цаг гэхэд радарууд тухайн объектын ул мөрийг алджээ. Объект Польшийн агаарын орон зайг орхисон ч байж болзошгүй аж. Учир нь дэлбэрэлт болсон тухай мэдээлэл ирээгүйг Яцек Горышевски хэллээ. Яг юу гэдгийг нь нүдээр хараад таних боломжгүй байсан тул армийнхан яаран буудаагүй аж.
Польшийн өмнөд хэсэгт орших Пржеводова тосгон руу Украин пуужин харваснаар хоёр хүн амь үрэгдсэн явдал 2022 онд болсон. Үүнээс хойш НАТО-ийн гишүүн Польш улс агаарын орон зайд нь ямар нэг объект нэвтрэхээс сэрэмжлэх болсон. Үүний дараа 2023 оны дөрөвдүгээр сард Польшийн хойд нутгийн Замоск тосгоны ойгоос цэргийн зориулалттай объект олдсоныг Оросын пуужин байсан гэж хожим нь мэдээлжээ. Түүнчлэн 2023 оны арванхоёрдугаар сард мөн Оросын пуужин Польшийн агаарын орон зайд нэвтэрсэн байна.
Эх сурвалж: FIRST POST
3,593.62






















































Холбоотой мэдээ