Парламентын ес дэх удаагийн сонгуулиар улс төрийн таван намаас УИХ бүрдсэн. Хэдий 68 суудал авч, олонх болсон ч өмнөх хоёр удаагийн үнэмлэхүй эрх мэдэлтэй нь харьцуулах юм бол МАН-д “happy” ялалт болж чадсангүй. Үндсэндээ ЖДҮ, жаран тэрбум, Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгай, ногоон автобусны луйвар, төмөр замын авлига зэргээс болж МАН олон нийтэд нэр хүндээ алдсан нь бодит үнэн. Өнгөрөгч сонгуульд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн тактик дээр жижиг намуудын хуваасан саналын үр дүнд тэд засгийн эрхтэйгээ үлдсэн нь бас худал биш.
Л.Гантөмөрийн ухаан болоод эр зориг хүрсэн бол засгийн хатавчинд биш хойморт нь суух боломжтой байсан. Авчиг, Ардчилсан намынханд сонгуульд ялах, засгийн эрх авах зорилго байтугай хүсэл сонирхол ч байгаагүй. Юу үнэн гэвэл энэ үнэн.
УДШ дээр хэдий Л.Гантөмөр намын даргаар бүртгүүлсэн ч, начиртаа Ардчилсан намын эрх мэдлийг Ардын намын БЭТ /Э.Одбаяр/ албан бусаар атгаж ирсэн. Үүнийхээ хариуд МАН-ын засагт Л.Гантөмөр Тэргүүн Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар, Э.Одбаяр нь Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаар томилогдсон юм.
Хамтарсан Засгийн газар байгуулахаар улс төрийн гурван намын удирдлага сонгуулийн дараа биш өмнө тохирсон нь тодорхой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг талаасаа ярьсан тохирсондоо хүрэх, нөгөө талаас Засгийн газраа тогтвортой байлгах үүднээс АН, ХҮН хоёртой засгийн эрхийг хуваалцах болсноор хуваарилалтаас хоосон хоцорсон МАН-ын гишүүд бослого гаргахад бэлэн байна.
Өмнөх парламентын үед МАН-ын бүлэг Л.Оюун-Эрдэнийн оруулсан бодлого, реформ болгонд улс төрийн дэмжлэг зуун хувь үзүүлж ирсэн. Ерөнхий сайдын зүгээс “Ордон дотор хүч мөхөствөл олон нийтийн дэмжлэг авах”-аа анхааруулж байгаад асуудлаа УИХ-аар шийдвэрлүүлж авдаг байлаа. Байлаа гэхийн учир нь Л.Оюун-Эрдэнийн хүч нөлөө өдгөө нам дотроо суларсан байна. Мөн түүний гол дайсан нь Монголын улс төрөөс хэдийнэ холдож, “Стэнфорд”-ын их сургуульд судлаачаар ажиллаж байгаа Ц.Элбэгдорж биш Ардын намын цагаан байран дахь анд нөхөд нь болжээ.
Улстөрд зохион байгуулалтгүй үйл явдал, улстөрчдөд эрх ашиггүй үйлдэл гэж үгүй. УИХ-ын ээлжит бус чуулганы гол сэдэв болсон, хамтарсан Засгийн газраас өргөн барьсан 2024 оны Төсвийн тодотгол, түүнийг дагалдуулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуулиудын өөрчлөлтүүдийг МАН-ын бүлэг эсэргүүцэж, гурван хоногийн завсарлага Баасан гаригт авсан боловч ахин нэг өдрөөр сунгахаар болсон. Энэ нь, Монгол хоёр төсөвтэй болох эрсдэл үүссэнийг МАН-ын гишүүд эсэргүүцэж байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ эрх ашиг дээрээ эв түнжин хагарсан гэсэн үг.
Төсвийн тогтвортой байдлыг хангаагүй, төсөл хөтөлбөрийг тендергүй хэрэгжүүлж болохгүй гэх “тайлбар” нь ердөө халхавч төдий. Угаасаа ч манай улстөрчдийн аливаа акц, эсэргүүцлийн ард хувийн ашиг сонирхол нь нуугддаг. Улсын эрх ашиг, улстөрчдийн ашиг сонирхлын уланд явдаг нь хэвийн зүйл. Улсын төсвийг алдагдалгүй батлаж байсан тохиолдол УИХ-ын түүхэнд байхгүй. Тэр мөртлөө төсвийн санхүүжилттэй төрийн тендер хэзээ байтлаа ил тод, шударга явагдаж байсан юм бэ. Хэн эрх мэдэлд ойр, хэн эрх мэдэлтнүүдтэй найз байж чадсан нь төрөөс тендер авдаг, төсвөөс хулгай хийдэг дабль стандарт тогтоод удаж байгааг МАН-ын улстөрчид мэдэхгүй байв л гэж. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа төмөр замын төслийг төрийн нууцад авч байгаад, ямар ч тендергүйгээр “Голомт”-ын Д.Баясгаланд өгсөн. Төрийн тендерээр хийсэн ажил болгон фэйлддэг. Худлаа гэвэл, тендерээр бариулсан Дарханы замаа харчих. Бараг найман жил барьж байна. Тэгэхээр асуудал нь тендертээ биш гэсэн үг. Хулгай хийе гэвэл тендертэй, тендергүй хийх байх. Хэрэвзээ төсвийн хулгайг цэгцэлье гэвэл тендерийн шалгаруулалт, санхүүжилт, ашиглалтад авсан албан хаагч, аудитын шалгалтын дүгнэлтээ шилэн болгочих хэрэгтэй. Ингэж чадвал тендерийн хулгай цэгцэрч мэдэх юм.
Монгол Улс хоёр төсөвтэй болох эрсдэл үүссэн гэх шүүмжлэлийг Засгийн газар, Сангийн яам хүлээж авах ёстой. Сангийн сайд Б.Жавхлангийн Ерөнхийлөгчтэй хамаатан садан байх нь зуудугаар асуудал. Парламентын гишүүд Б.Жавлангийн боловсруулан төсвийн төслийн цоорхойг хэлж анхааруулах, Засгийн газрын орлого, зарлагад хяналт тавих эрхтэй, үүрэгтэй.
Гадаад өрийн хэмжээ 33 тэрбум ам.долларт хүрч, нэг монгол иргэд 33 сая төгрөгийн өр ногдож байгааг буруутгаж зогссон АН-ын дарга Л.Гантөмөрийн чуулганы хуралдаан дээр хэлж, ярьж байгаа үг лав 360 градус эргэсэн байна лээ. Урьд нь “төсөв данхайлаа” гэж байнга шүүмжилдэг байсан ХҮН намын дарга Т.Доржханд “Том бүтээн байгуулалт хийхийн тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай” гэх байр суурийг илэрхийлэх болсон. Хэрэвзээ тэд хамтарсан засагт багтаагүй бол аль, аль нь амаа олохгүй муулж суух нь гарцаагүй.
МАН-ын бүлгийн “бослого” улс орны эрх ашгийн төлөө байв уу?! Аль эсвэл албан тушаал, эрх мэдлээ булаацалдав уу гэдэг нь анхаарлыг тэмдэг.
УИХ-д гурван удаа ялалт байгуулж, Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсны хувьд Г.Тэмүүлэнд Сангийн сайд болох амбиц байсан нь лав. БЗД-ээс хоёр удаа сонгогдсон Б.Энхбаярт Хуульзүйн сайдаар аравхан сар ажиллаад ажлаа өгөх нь гомдолтой санагдсан биз. Атал Б.Тулга, Ч.Номин хоёр анх удаа УИХ-ын гишүүн болсон ч, сайдаар улиран томилогдсон нь Ардын намын зарим гишүүдэд шударга бус хуваарилалт болсон нь ойлгомжтой.
Иймээс л хуучин засагт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдох үедээ “Ерөнхий сайдын хулгайч нартай тэмцэх тэмцлийн хуулийнх нь илд байх”-аа амлаж асан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өдгөө Л.Оюун-Эрдэнийн хүзүүн дээр тавьсан ИЛД болж хувирсан хэрэг.
3,548.92















































