Одоогоос 55 жилийн өмнө буюу 1969 онд Мюриэль Маккэйг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн ах дүү гэмт хэрэгтний нэг нь хэргийн газар очиж, хохирогчийн цогцсыг олж өгөх хүсэлтэй байна. Гэмт хэрэгтэн буюу Низамодин Хосейн хэлэхдээ "Одоо байгаа ганц шийдэл бол би хэргийн газар очих юм. Хэрэв би тэнд очих юм бол алхам бүрээ дахин санаж, олж чадна" гэжээ. Тэрбээр гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа 20 жил шоронд хоригдож байгаад 1990 онд Тринидад ба Тобаго руу цөлөгджээ.
Их Британийн иргэн 55 настай Мюриэль МакКэй 1969 оны өвөл алга болж, мөрдөн байцаалтын явцад Артур Хосейн, Низамодин Хосейн нар түүнийг хөнөөсөн гэдгээ мэдэгдэж, 1970 онд хэргээ хүлээсэн.
Артур шоронд байхдаа нас барсан бол Низамодин гурван жилийн өмнө хохирогч Маккэйгийн хүүхдүүдэд цогцос нь хаана байж болох талаар шинэ сэжүүр өгснөөр энэ хэрэг дахин сөхөгджээ. Өнгөрсөн сард Стокинг-Пелхам дахь Рүкс фермийн оршуулгын газарт хохирогч эмэгтэйн цогцос байж болзошгүй гэж үзэн, хүү нь болох Иан Маккэй цагдаа нарын хамт малтлага хийсэн байна. Гэсэн хэдий ч хохирогчийнх гэх нэг ч зүйл олдоогүй тул гэмт хэрэгтэн Низамодиныг түр хугацаанд Их Британид буцааж ирүүлэх хүсэлт Дотоод хэргийн яаманд тавихаар төлөвлөж байгаа юм байна.
Хэргийн талаар мэдээлэл өгөхөд, 1969 оны арванхоёрдугаар сарын 29-нд ах дүү Хосейн нар хэвлэл мэдээллийн магнат Руперт Мердокийн хоёр дахь эхнэр Анна Мердокийг барьцаалж, их хэмжээний мөнгө нэхэхээр төлөвлөж байв. Тэд Руберт Мердокийн "Rolls-Royce" машиныг удаан хугацаанд ажигласан бөгөөд хэр их хөрөнгөтэй гэдгийг нь мэджээ. Гэхдээ арванхоёрдугаар сард Руберт эхнэрийн хамт амралтаар явсан байсан тул машинаа өөрийн жолооч болох Алик Маккэйд үлдээсэн байжээ. Алик даргыгаа эзгүй хооронд машиныг нь унадаг байсан тул гэмт хэрэгтэн ах дүүс буруу айлдаа орж Мюриэлийг барьцаалсан байна. Дараа нь Хосейн ах дүүс өөрсдийгөө "М3" гэж нэрлэн 1 сая фунт стерлинг буюу одоогийнхоор 14 сая фунт стерлинг Маккэй гэр бүлээс нэхэмжилсэн ч авч чадаагүй учир Мюриэлийг хөнөөжээ.
Эх сурвалж: GUARDIAN
3,548.92





















































Холбоотой мэдээ