Хүн төрөлхтөн жил бүр ойролцоогоор 15 тэрбум кг хуванцар хогийг далайд хаядаг. Энэ нь хоёр хогийн машин дүүрэн хогийг минут тутамд далай руу асгаж буйтай адилхан юм.
Гол ус, далайн бохирдлыг цэвэрлэх робот завийг технологийн стартап "Clearbot" компани бүтээжээ. "Clearbot"-ын завь цагт 200 кг хог хаягдлыг цэвэрлэж, нэг зөөлтөөр 1.5 тн хог тээвэрлэх чадвартай. Мөн нарны эрчим хүчээр ажилладаг давуу талтай. "Clearbot" анх 2020 онд их сургуулийн төсөл хэлбэрээр эхэлсэн боловч Covid-19-ийн улмаас хэсэг зогсонги байдалд оржээ. Гэхдээ өдгөө Хонгконг, Тайланд, Энэтхэгт 10 орчим робот завь нь ажиллаж байна. Энэтхэгт л гэхэд робот завь Ганга мөрөн, Умиам нуурт ажиллаж байна.
Улс улсаас хамаараад өөр боловч "Clearbot" ихэвчлэн орон нутгийн хог хаягдлын менежментийн компаниуд болон дахин боловсруулагчидтай хамтран ажилладаг.
"Clearbot" нь саадыг тойрох, цуглуулж байгаа хог хаягдалд дүн шинжилгээ хийх алгоритмтай. Зөвхөн хог түүгээд зогсохгүй, усан замын ёроолыг зураглах, усны чанарыг шалгах, дээж цуглуулах зэрэг янз бүрийн үүрэг гүйцэтгэх ч боломжтой. Мөн асгарсан газрын тос, зарим төрлийн ашиггүй ургамлыг цэвэрлэнэ.
Тус компани цар хүрээгээ тэлж, 2025 оны гуравдугаар сар гэхэд 20 завьтай болохоор зорьж байна.
Эх сурвалж: CNN
3,595.72















































