Афган эмэгтэйчүүдийн амьд үлдэх сүүлийн арга

Хуучирсан мэдээ: 2024.08.23-нд нийтлэгдсэн

Афган эмэгтэйчүүдийн амьд үлдэх сүүлийн арга

Афган эмэгтэйчүүдийн амьд үлдэх сүүлийн арга

Өсч төрсөн Афганистанаасаа зугтахыг гурван ч удаа оролдсон Фатима гэх эмэгтэй гашуун түүхээ "CNN"-д хуваалцжээ. Фатима гурван удаагийн оролдлогын эцэст Пакистанд хүрч чадсан бөгөөд өдгөө Афганистантай хиллэдэг Кветта хотод өрөө хөлсөлж амьдардаг.

Талибууд засгийн эрхийг гартаа авах үед буюу 2021 оны наймдугаар сарын 15-нд Фатима Афганистаны үндэсний армид офицер байжээ. Улс орон үймж бужигнасан тул Фатима Афганистанаас гарч чадалгүй хэдэн сарыг үдсэн байна. Улмаар дараа оныхоо нэгдүгээр сард Ираныг зорьжээ. Тэр хэсэг бүлэг дүрвэгчийн хамтаар гурван өдөр явган явсны эцэст хилийн зурваст дөхөж очиж чадсан боловч хилчидтэй тулгарснаар буцжээ.

Сарын дараа тэр дахин оролдсон байна. Энэ удаад тэр зуучлагчид 640 ам.доллар төлж байж Ираны нийслэл Тегеран руу нэвтэрч чадсан. Эндээсээ хэдэн сарын дараа Турк явахаар хууль бус наймаачидтай тохиролцсон боловч энэ хугацаандаа байнга хүчирхийлэлд өртөж, саатуулагджээ. Зовлон зүдгүүртэй 20 хоногийг өнгөрөөсний дараа Фатима болон бусад цагаачийг Ираны цагдаа нар олсон байна. Нутаг буцвал амь насанд нь аюул тулгарна гэдгийг ойлгуулахыг хичээсэн ч чадалгүй автобусаар Афганистанд дахин иржээ.

Афганистанд ирсэн хойноо тэр талибуудад баригджээ. Талибууд түүнийг армийн офицер байхдаа ямар үүрэг гүйцэтгэдэг байсныг байцааж, гурван өдрийн турш зодож нүдсэн байна. Эцэст нь гэр бүлийнхэн нь 3000 ам.долларын авлига өгч байж, Фатимаг гаргаж авчээ.

2023 оны эхээр Фатима дахин Афганистанаас гарахыг оролдов. Энэ удаад тэрбээр нэгэн хууль бус наймаачинд хандсанаар Пакистан руу амжилттай нэвтэрчээ.

Афганистанаас зугтахыг завдсан дүрвэгсдийн хүчирхийлэлтэй, урт удаан, гашуун түүх их бий. Сүүлийн 40 жилийн хугацаанд олон сая афган хүн аюулгүй байдал, эдийн засгийн боломж хайж эх орноосоо дүрвэжээ. Тэдний олонх нь эрчүүд байв. Дүрвэгсдийн олонх нь хөрш Пакистан, Иранд суурьшдаг бол Турк, Баруун Европ, АНУ эсвэл Австрали руу цаашилсан нь ч байдаг.

Харин эмэгтэй дүрвэгсдийн тоо талибууд засгийн эрхэнд гарснаас хойш хоёр дахин өссөнийг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг мэдээлж буй. 2023 онд 3.1 сая гаруй эмэгтэй эх орноосоо дүрвэжээ. Гэтэл энэ тоо 2020 онд 800 мянга, 2021 онд 1.2 сая байсан. Одоогийн энэ өсөлт нь сүүлийн 20 жилд байгаагүй их үзүүлэлт юм. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл Афганистанд нэмэгдсээр байгаа тул дүрвэгсдийн тоо ч буурахгүй гэж үзэж байна.

Үндсэндээ афган эмэгтэйчүүдийн аврагдах ганц зам бол цагаачлал. Тиймээс тэднийг аюулгүй хил нэвтрэх боломжоор хангахын тулд асар их хүчин чармайлт гаргах ёстойг "Холимог цагаачлалын төв" ашгийн бус байгууллага мэдэгдэж байна. Мөн тэд шинээр суурьшсан улсдаа ч аюулгүй байдлаа брүэн хамгаалж чаддаггүйг онцолж буй.

Талибууд афган эмэгтэйчүүдийг сурч боловсрох, хөдөлмөр эрхлэхийг нь хязгаарлаж, харгалзах эрэгтэй хүнгүйгээр холын аялалд гарахыг нь хориглосон. Афганистан дахь эмэгтэйчүүд нийгмээс, амьдралаас, бүх зүйлээс аажмаар арчигдаж буйг Афганистаны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Махбуба Сераж хэлэв.

Сорилт бэрхшээл их байгаа ч гэлээ энэ оны эхний гурван сард Иранд нэвтэрсэн афган эмэгтэйчүүдийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57 хувиар нэмэгджээ.

Гэвч Фатимагийн түүхээс энэ аялал нь дэндүү эрсдэлтэй. Судалгаанаас үзэхэд Афганистанаас дүрвэж буй эмэгтэйчүүдэд бие махбодийн хүчирхийлэл, саатуулагдах, үхэл гэсэн хамгийн том гурван эрсдэл байдаг аж. Мөн урт аяллын дунд сураггүй болох нь ч бий. Олон улсын цагаачлалын байгууллагын бүртгэл мэдээллийг харахад 2020 онд таван афган эмэгтэй сураггүй болжээ. Гэтэл 2023 онд 85 эмэгтэй сураггүй болжээ.

Нэгэнт дүрвэхээр шийдсэн тул эрсдэл хүлээхээ тэд ойлгосон байдаг. Зарим гарам дээр мянга мянган хүн тогтмол хүлээж, туйлын эмх замбараагүй байдалтай байдаг. Хууль бусаар хил давуулагчид дүрвэгсдээс гар утас болон бусад үнэт зүйлийг нь хурааж авдаг аж. Яагаад гэвэл хилийн шалган нэвтрүүлэх дээр цагдаа нарт эд зүйлсээ гарцаагүй хураалгаж таарна гэж зөвлөдөг аж. Фатима "Дүрвэх зам амаргүй. Хүмүүс олон зүйлээ алддаг. Гэхдээ зорьсон газартаа хүрэхийн тулд эрсдэл хүлээх ёстой" гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж