Биднээс ялгаатай нь, ердөө 30 гаруй жилийн өмнө тусгаар тогтнолоо зарласан Словенийн улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 52 мянга ам.доллар, энэ нь Монголоос даруй арав дахин өндөр үзүүлэлт юм. Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээг 2028 онд 10 мянган ам.долларт хүргэсэн байна гэж шинэ Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ижил тал нь Словени, Монгол хоёулаа парламентын засаглалтай, Ерөнхийлөгчөө ард түмнээсээ сонгодог, Төрийн тэргүүн нь Зэвсэгт хүчний ерөнхий дээд командлагчийн үүрэг гүйцэтгэдэг.
Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, парламентын доод танхимын сонгуулийн товыг тогтоох эрх мэдэлтэйгээс гадна парламентын баталсан хуулиудыг зөвшөөрч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог гээд багагүй эрх мэдэл бүхий Слованийн ерөнхийлөгчөөр сэтгүүлч, өмгөөлөгч мэргэжилтэй Др.Наташа Пирц Мусар хоёр жилийн өмнө буюу 2022 онд бие даан нэр дэвшиж, сонгогдсон байна.
Тэрбээр өдгөө Монголд төрийн айлчлал үеэрээ Улаанбаатарт болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцох юм.
Газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоороо жижиг боловч, хүний хөгжлийн индексээрээ Словени дээгүүрт бичигддэг, НАТО-гийн гишүүн орон. Байгаль орчинд хамгийн ээлтэй гэж улс орны нэг, газар нутгийнх нь 60 хувь нь ой модоор бүрхэгджээ. Тус улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь газрын тосны “Petrol”, “Рено-Клио” загварын автомашин үйлдвэрлэгч “Revoz”, нунтаг металлургийн салбарын “UNIOR групп”дээрээ, түүнчлэн Копер хот дахь тэнгисийн боомт, “Кршко” атомын цахилгаан станц нь аж.
Харин Монгол орны нийт нутгийн бараг 77 хувьд нь цөлжилт нүүрлэсэн. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн агаад ойн салбарт Словени улстай хамтран ажиллахаар болжээ. Монголчууд мод тарьдаг ургуулж, тордохдоо тааруу. Тэгэхээр мод тарих, суулгац үйлдвэрлэх арга техник болон ойг нөхөн сэргээх, ойжуулах чиглэл словеничуудын туршлага хэрэгтэй. Модны тарьц, суулгацын хүртээмжийг сайжруулах, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий ойн үржүүлгийн байгууламжийн хүрээнд эмийн анхилуун үнэрт ургамал, гоёл чимэглэлийн ургамал, жимсний мод зэрэг хосолсон агро-ойн аж ахуйг хөгжүүлэхэд тэдний ноу хауг нэвтрүүлэх нь чухал. Цөлжилтөөс сэргийлж байж, монголчуудын эрүүл мэнд, эдийн засагт өөрчлөлт ирнэ.
Монгол, Словени хоёр газарзүйн байрлалын хувьд алс хол оршдог ч ойр дотно зүйл бий. Хоёр улс хоёулаа ардчилал, хүний эрхийг тунхаг болгосон, адууны соёл ойролцоо. Мөн хүн ам цөөтэй.
Хоёр улсын Төрийн тэргүүн нар энх тайван, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг цогцлоох, цөлжилттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн бүх салбарт жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих асуудалд санал нэгджээ. Гэх мэтчилэн сүүлийн гурван жил Монгол Улс гадаадын зочин, гийчид ихтэй байгаа. Дэлхийн улс орнуудтай том, жижиг улс гэлтгүй найрсаг, олон тулгуурт, бие даасан бодлогоор харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч байгаа юм. Нэг сарын дотор Бутаны хаан, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Блинкен, Швейцарийн ерөнхийлөгч Монголд ар араасаа айлчилснаас харвал У.Хүрэлсүх үндэсний ашиг сонирхлоо дээдэлсэн тэнцвэртэй, зөөлөн хүчний бодлого гадаад харилцаанд хэрэгжүүлж байна. Айлчлал болгон өөр, өөрийн эрх ашигтай ч Монгол дэлхийн бүх улстай найрсаг харилцаатай, эвийг эрхэмлэсэн, тусгаар тогтносон ардчилсан улс болохоо харуулж байгаа нь гол ач холбогдол нь юм.
Б.БАТ
3,548.92



















































Холбоотой мэдээ