УИХ-ын ээлжит чуулганаар 2024 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Өнгөрсөн парламент 2024 оны төсвийг орлогыг 25.1 их наяд, зарлагыг 27 их наяд байхаар баталсан. Гэвч парламентын сонгуулийн дараа улс төрийн гурван нам хамтран Засгийн газар байгуулсан. Тиймээс төсөвт тодотгол хийж, зарлагыг 3.1 их наядаар нэмэгдүүлсэн нь “дан дээлтэй” гишүүдээс багагүй шүүмжлэл сонсч буй.
Сонгуулийн өмнө МАН-аас улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг 25 хувь хүртэл болгож бууруулах, АН Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танах, ХҮН нам дотоод, гадаадад үүсээд буй өрийн гол хүчин зүйл болох төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнд хатуу барина гэсэн амлалтыг өгч байсан.
Гэвч өнөөдөр Хамтарсан засагт орсон АН, ХҮН намын дарга нар эл амлалтаа эрх мэдэлтэйгээ холиод идчихсэн үү эсвэл иргэдийг загасны ой санамжтай гэж бодсон уу, төсвийн зарлагыг нэмэхийг дэмжээд сууж байна.
Чуулганы хуралдаанд үг хэлж байгаа гишүүдийг харахад “дан дээлтнүүд” нь нэлээд ууртай байгаа нь илт. Төсвийн тодотголыг дагалдаж, орж ирсэн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт АН гишүүд болон МАН-ын гишүүд сэтгэл дундуур байгаа бололтой, Б.Энхбаяр, О.Цогтгэрэл, Х.Ганхуяг нарын гишүүд төрийн шууд худалдан авалтын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
Түүнчлэн төсвийн санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ эрэмбэлэх ёстой гэсэн санал гарсан. Гэвч, Сангийн сайд Б.Жавхлан оруулж ирсэн төсвийн төслөө “өмөөрч”, гишүүдийн шүүмжлэлд эмзэг байгаа бололтой. Парламентын “дан дээлтнүүд” соёлын төсвийн хөрөнгө оруулалт, шонхорын наймаа, барилгын салбарын луйвар, англи хэлний хичээлийн хөтөлбөр гээд шинэ Засгийн сайд нараас асуух зүйл олон, сануулах зөвлөгөө ч их байгаа шинжтэй. Манай улстөрчид камерын өмнө уран цэцэн, ухаалаг мэргэн харагдах дуртай хойно доо.
Харин АН-ын дарга Л.Гантөмөр дөрвөн жилийн дараа Монголын нэг иргэнд ногдох ДНБ 10 мянган ам.доллартай тэнцэнэ гэсэн том амлалт өгсөн бол ХҮН намын дарга Т.Доржханд эрчим хүчний реформыг хурдтай хийнэ гэдгээ хэлж байна.
Ямар ч байсан засагт хамтарч, төрийн сайдын тамга атгасан “давхар дээлтнүүд” төсвийг захиран зарцуулах эрхтэй болж байгаадаа баяртай суугаа харагдана лээ.
Б.ШАРХҮҮ
3,548.92














































