Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кён Хи өнгөрсөн оны есдүгээр сард Кристиан Диор брэндийн гурван сая воны үнэтэй цүнх бэлгэнд авсан нь эрх баригч нам дотор хагарал үүсгэж, улс орныг шуугиулсан. 2200 ам.долларын үнэтэй, тансаг зэрэглэлийн цүнхийг тэргүүн хатагтай бэлгэнд авсан болохыг Ерөнхийлөгчийн тамгын газар баталж, цүнхийг засгийн газрын өмч болгон хадгалж байгаа гэж мэдэгдэж байв.
Тэгвэл Өмнөд Солонгосын Прокурорын мөрдөн байцаах хэсэг тэргүүн хатагтайг цагаатгах шийдвэр гаргаснаа өнөөдөр /2024.08.21/ мэдэгдлээ. Дээд прокурорт өгөх тайлан Пүрэв гаригт гарах төлөвтэй байна. Уг хэргийг мөрдөн шалгах тусгай баг байгуулаад дөрвөн сар болсны дараа цагаатгах шийдвэр гарч байна. Тэргүүн хатагтайн пастор Чой Жэ Ёноос авсан цүнх ерөнхийлөгч Юн Сук Ёлын үүрэгт ямар ч хамааралгүй гэж мөрдөн байцаалтын багийнхан дүгнэжээ. Мөн уг цүнхийг хувь хүмүүс харилцан талархал илэрхийлэхийн тулд солилцсон бэлэг гэж үзсэн байна.
Дашрамд дурдахад, Өмнөд Солонгосын хуулиар төрийн албан хаагчид болон тэдний эхнэр, нөхөр нь нэг удаадаа нэг сая вон, санхүүгийн жилийн хугацаанд гурван сая воноор үнэлэгдэх бэлэг авахыг хориглодог. Чой Жэ Ёны хувьд уг бичлэгийг санаатай хийжээ. Тэрбээр Ким Кён Хиг эрх мэдлээ байнга урвуулан ашигладаг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүх системийг хувьчилж, монопольчлодог гэж үзсэн учраас бичлэг хийхээр шийдсэн байна.
Эх сурвалж: YONHAP
3,548.92














































