Тайванийн тулах цэг “TSMC”

Хуучирсан мэдээ: 2024.08.20-нд нийтлэгдсэн

Тайванийн тулах цэг “TSMC”

Тайванийн тулах цэг “TSMC”

“Асар их бэрхшээлийн ард агуу гэрэлт ирээдүй.” Дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн аварга “TSMC”-ийн үүсгэн байгуулагч Моррис Чан нэгэнтээ энэ үгийг хэлж, өөрийн гараар таталган бичсэн нь өнөөдөр ч Тайванийн Шинчу хот дахь “TSMC”-ийн инновацийн музейн хананд бий. Ханз үсгээр бичсэнийг нь төмөр утас зангидан 3D хэлбэрээр хананд байршуулсан бөгөөд гэрлийн тусгалаар бүдгэрч, тодорч, сүүдэртэн харагдах аж. “TSMC”-ийн инновацийн музейгээр зочилсон хүмүүст хэлэхийг хүссэн зүйл байгаа эсэхийг түүнээс асуухад тэрээр энэ үгийг дамжуулжээ. 

Монголчууд бид ч “Бэрхшээлийн цаана бэлэг” гэж хэлдэг. 1987 онд үүсгэн байгуулагдсан “TSMC” компани салбартаа тэргүүлж, дэлхийн тавцанд гартлаа асар их бэрхшээлийг туулсан нь дамжиггүй.

Өдгөө тус компани 76 мянга гаруй ажилтантай, 508.1 тэрбум ам.доллараар үнэлэгдэх зах зээлийн үнэлгээтэй, “Dow Jones”-ын тогтвортой байдлын индекст 23 жил дараалан сонгогдсон том компани болжээ. Тус индекст хагас дамжуулагч үйлдвэрлэдэг цор ганц компани сонгогдсон нь энэ юм. Компанийн нийт орлогын хэмжээ өнгөрсөн онд 69.30 тэрбум ам.доллар хүрсэн. 

“TSMC”-ийн Тайванийн эдийн засагт үзүүлэх нөлөө ч үлэмж их. Тус компани нь дотоодын нийт бүтээгдэхүүний 7.3 хувь, экспортын бүтээгдэхүүний 13.4 хувийг өнгөрсөн онд бүрдүүлжээ. Мөн компани болон ажилчид, хувьцаа эзэмшигчдийн үндэсний орлогын албан татварт оруулсан хувь нэмэр нь 12.3 хувьтай байна. 

Хагас дамжуулагчийн салбар дэлхийн тавцанд томоохон байр суурь эзэлж буй нь хүн төрөлхтөнийг технологиос салгаж ойлгох аргагүй болсонтой холбоотой. Өмнөх нийтлэлдээ дурдсанчлан унаа тэрэг, угаалгын машин, утас таблет гээд бидний өдөр тутмын хэрэглээний эд зүйлс бүхнээс хагас дамжуулагчийг олж харж болно. 

“TSMC”-ийн инновацийн музейгээр зочлох үед үүнийг бэлхэнээ нотлон харуулах олон сонирхолтой технологи тэнд байлаа. Тухайлбал, тус музейд төрөл бүрийн хэмжээтэй хагас дамжуулагчуудыг дэлгэн харуулжээ. 

Эндээс хамгийн сонирхол татсан нь Гиннесийн амжилтын эзэн болсон хамгийн жижиг мэдрэгч байв. Арилжааны зориулалттай хамгийн жижиг мэдрэгч нь элсэн ширхэгтэй дүйцэхүйц буюу 0.575 х 0.575 мм хэмжээтэй. “OV6948” мэдрэгчийг жижиг диаметртэй эмнэлгийн дуран болон катетеруудад зориулан бүтээжээ. Эмнэлгийн нарийн дүрслэлд зориулагдсан учир хүний биеийн хамгийн нарийн судас зэрэг өндөр чанартай зураг авах боломжийг олгодог. 

"TSMC" нь хагас дамжуулагчийн хамгийн том, дэвшилтэт үйлдвэрүүдээ "Gigafabs" гэж нэрлэдэг. Эдгээр нь асар их хэмжээний хагас дамжуулагч хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай томоохон үйлдвэрүүд гэсэн үг. Тоогоор илэрхийлбэл, "Gigafab" гэдэг нь сарын хугацаанд 300 мм (12 инч) хэмжээтэй 100 мянга гаруй ширхэг нимгэн талст ялтас үйлдвэрлэх хүчин чадалтай байгууламж юм. 300 мм нь хагас дамжуулагчийн салбарт асар том хэмжээнд тооцогдоно. 2024 оны байдлаар "TSMC"-ийн зургаан "Gigafabs" зургуулаа Тайваньд байрлалтай байна. АНУ-ын Аризона муж, Хятадын Нанжин, Шанхай хот болон Японд үйлдвэрүүд байгаа хэдий ч хараахан "Gigafabs"-д тооцогддоггүй.

Шинчу дахь инновацийн музей нь зочдод компанийн түүх, технологийн дэвшил, ирээдүйн алсын хараа гэсэн гурван зүйлийг харуулахыг зорьжээ. Өөрөөр хэлбэл, музей өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван хэсэгт хуваагдсан байна. Өнгөрсөн хэсэгт мэдээж компанийн түүх, дэлхийн хамгийн том хагас дамжуулагчийн үйлдвэр болтлоо хөгжсөн замнал, сорилтууд зэргийг багтаажээ. Харин одоо хэсэгт технологи ба инновацийг дэлгэн харуулжээ. Ирээдүй хэсэгт алсын хараа ба нөлөөллөө онцолсон байна. Хагас дамжуулагчийн салбарын ирээдүй, хөгжилд "TSMC" ямар үүрэг гүйцэтгэхийг зочин эндээс баримжаалж болно.

Одоогоос яг нэг жилийн өмнө "TSMC" компани Германы Дрезден дэх "ESMC" буюу Европын хагас дамжуулагч үйлдвэрлэгч компанитай хамтран хөрөнгө оруулж, технологийн томоохон үйлдвэр барих төлөвлөгөөгөө зарласан. Үйлдвэрийн барилгын ажлыг 2024 оны хоёрдугаар хагаст эхлүүлж, 2027 оны эцэс гэхэд үйлдвэрлэлээ эхлүүлэхээр зорьж байна. Мөн АНУ-ын Аризона мужид гурван үйлдвэр барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. "TSMC" нь "JASM" буюу Японы дэвшилтэт хагас дамжуулагчийн үйлдвэрийн томоохон хувийг эзэмшдэг. "JASM"-ын анхны үйлдвэр энэ онд үйлдвэрлэлээ эхлэх бол хоёр дахь үйлдвэрийг нь 2027 оны эцэс гэхэд ашиглалтад оруулсан байхаар төлөвлөж байгаа ажээ.

 

Эцэст нь, Моррис Чангийн гар бичмэл ирсэн зочдод нэгийг бодуулж, хоёрыг сануулан инновацийн музейн төгсгөл хэсэгт байршиж буйг нийтлэлийнхээ эхэнд дурдсан билээ. Мөн тус музейд хиймэл оюун ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар Моррис Чан өдөр бүр ирсэн зочдын хүссэн асуултад видео хэлбэрээр хариулсаар байна. Дэлхийн тавцан дахь тэлэлт, нөлөөг харвал, Моррис Чангийн 37 жилийн өмнөх санаачлага Тайванийн эдийн засгийн тулах цэг байгаад зогсохгүй тэдний бусад улс орны өмнө мөр цэх, хараа дээгүүр байх хөшүүрэг хэдийнэ болжээ.

Үргэлжлэл бий…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж