Өвөрхангай аймгийн Тарагт суманд араб иргэд хууль бусаар шонхор шувуу барьж байна гэх бичлэг цахим хуудаст нийтлэгдсэн. Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр /2024.08.19/ мэдээлэл өглөө.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого хэрэгжилтийн газрын дарга М.Нарангэрэл:
-Монгол Улсын Засгийн газрын 224 дүгээр тогтоолоор Монгол Улсад соёлын зориулалтаар идлэг шонхор шувууг барих, зэрлэг ан амьтан ургамлыг хамгаалах, худалдаалах конвенцийн дагуу гадаад улсад гаргах зохицуулалтыг хийдэг. Энэ хүрээнд зөвшөөрлийн тухай хууль 2023 оны нэгдүгээр сард хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу соёлын болон тусгай зориулалттай анг барих, агнахтай холбоотой зөвшөөрлийг Аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулж олгоно. Монгол Улсын хэмжээнд 12 аймагт идлэг шонхор шувууны тархац нөөц бий. Шонхор шувууг хуулийн хүрээнд барьж, гадаад улсад гаргахыг зөвшөөрлийн конвенцийн дагуу зохион байгуулдаг. Тодруулбал, тухайн сумын мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлт, байгалийн нөөц, улсын тэмдэгтийн хураамж зэрэгт үндэслэж гадаадад гаргах зөвшөөрлийг олгодог. Нэг идлэг шонхор шувууны байгаль, экологийн эдийн засгийн үнэлгээ нь 26 сая 100 мянган төгрөг байдаг. Үүний 80 хувийг байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуулийн дагуу тухайн сум орон нутгийн дансанд төвлөрүүлдэг. Мөн үүний 50 хувийг “Байгалийн нөөц ашигласны тухай” хуулийн дагуу тухайн амьтны нөөцийг хамгаалах мөн байгаль хамгаалах бусад арга хэмжээнд зарцуулдаг.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Д.Сонин-Эрдэнэ:
-Шонхор шувууг тодорхой тоогоор соёлын зориулалтаар барих Засгийн газрын тогтоол бий. Энэ тогтоол болон сайдын гэрээ зэргийг үндэслэн гадаадын иргэд шувуу барих зөвшөөрөлтэй болдог. Гэтэл зохих зөвшөөрөлгүйгээр барьсан, гэрээнд заасан тоо хэмжээнээс хэтрүүлсэн зэрэг зөрчлийг илрүүлж зарим шувууг буцаан байгальд нь тавих арга хэмжээ авсан. Цаашид хяналт, шалгалтыг эрчимжүүлнэ.
Өнөөдрийн байдлаар:
-Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэн Г-ээс гомдол гаргасан. Үүний дагуу ажлын хэсэг гарч Тарагт, Өлзий, Зүүнбаян-Улаан зэрэг суманд хяналт, шалгалт зохион байгууллаа. Шалгалтаар долоон отог, 13 тээврийн хэрэгслийг шалгасан. Ногтруу, тагтаа зэрэг 52 шувууг зөвшөөрөлгүй, зөвшөөрлөөс хэтрүүлэн барьсныг илрүүлж байгальд нь эргүүлэн тавьсан. Мөн захиргааны шийтгэл оногдуулж зөвлөмж хүргэсэн.
-Төв аймагт идлэг шонхор шувуу барьж байгаа гадаадын иргэдийн суурин отог олноор байршдаг. Иймд бүх отогийг шалгах чиглэл өгсөн. Ингээд Баян, Сэргэлэн, Алтанбулаг сумын нутагт байрлаж буй 10 отогт хяналт, шалгалт хийсэн. Шалгалтаар мөн зөвшөөрөлгүй барьсан есөн шувууг илрүүлж, байгальд нь эргүүлэн тавилаа.
-Баянхонгор аймгийн нутагт шалгалт хийхэд өгөөшид ашиглах 50 тагтаа, 14 ногтрууг зөвшөөрөлгүй барьсныг илрүүлж 1.1 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлсэн.
-Говь-Сүмбэр аймагт Монгол Улсын иргэд тагтаа, ногтрууг зөвшөөрөлгүй барьж араб иргэдэд худалдан борлуулахаар явж байсныг илрүүлсэн. Нийт 90 шувууг байгальд нь эргүүлэн тавьсан гэлээ.
Дашрамд дурдахад, Монгол Улсад 2022 онд тусгай зориулалтын ан, тэр дундаа идлэг шонхор шувуу ашигласны нөөц төлбөрт 14 тэрбум төгрөг 12 аймагт төвлөрүүлсэн бол улсын тэмдэгтийн хураамжаар 30 гаран сая төгрөг төвлөрүүлжээ.
Хуулиараа тус шувууг жил бүрийн зургадугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ны хооронд барихыг зөвшөөрдөг байна. Харин 2023 онд Өвөрхангай аймгийн 12 суманд нийт 39 шонхор шувууг барьж, төлбөр хураамж болох 814 сая төгрөгийг аймгийн сумдын санд төвлөрүүлжээ.
3,548.92






















































Холбоотой мэдээ