Хамтарсан засгийн газар 2024-2028 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэж нэрлэв. Энэ хөтөлбөрийн амин сүнс нь, төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амьд сэрүүндээ хэлсэн үг байх аж. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө танилцуулахдаа бахархалтайгаар,

“- Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг Улсын эрх ашиг нэгдүгээрт, Улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, Хувийн эрх ашиг эцэст нь байх тухай хэлсэн үгийг суурь зарчим болгож “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээг гурван нам байгуулж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хуралд өргөн барьж байна.” гэсэн юм.
Түүний илтгэлд “Зориг” гэдэг үг наймантаа дурдагдсан бөгөөд /Санжаасүрэнгийн Зоригоос гадна / “зоригтой алхмуудыг…”, “…зориг хэрэгтэй…”, “зориг гаргах…”, “зоригтой хийх…”, “зориг гаргаж…”/ гэхчилэн долоон удаа дурдагдав.
“Зориг” гэх үг бүхэлдээ энэ засгийн тулах цэг байх нь. Монгол хүнд биш, саруул ухаантай монгол хүнд итгэж явсан С.Зориг агсны дээрх үгийг өнөөгийн Монголын Засгийн газрын суурь зарчим болговол хаашаа зүглэх вэ?
УЛСЫН ЭРХ АШИГ НЭГДҮГЭЭРТ ГЭВ ҮҮ?
Улсын эрх ашиг гэдэгт юуг хамааруулж ойлгох вэ гэдгээс их зүйл хамаарна. Улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн хараат бус байдлыг ярьж байгаа бол зүйн хэрэг.
Харин Х.Нямбаатарын хэлдэг нийтийн эрх ашгийн төлөө хувийн өмчийг булаах тухай, Д.Амарбаясгалангийн мах үнэтэй байгаа шалтгааныг “шуналтай” махны ченжээс болсон тухай ярьж байгаа бол өөр хэрэг болно.
Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьсан өнгөрсөн нийгэмд бид өөрсдийн биш бусдыг эрх ашгийг хамгаас дээгүүрт тавьсан. Тиймээс ч монгол хүн эх орондоо дэлгүүр /Орос дэлгүүр/ орохдоо хүртэл паспорт авч явдаг байсан нь үнэн чанартаа япончуудын “Хятад хүн болон нохой орохыг хориглоно” гэснээс өөрцгүй зүйл. Энэ байдлаас одоо бид салсан уу гэвэл хараахан үгүй. Шатахуун, эрчим хүчний хувьд хуучин эзнээсээ хамааралтай байгаа төдийгүй улс орны эрх ашиг, гадны хүчин зүйлс нэрийдлээр төрийн зүгээс байнга улс орны эрх ашгийн эсрэг шийдвэр гаргадаг билээ.
УЛС ТӨРИЙН НАМЫН ЭРХ АШИГ ХОЁРДУГААРТ БАЙХ УУ?
Намын эрх ашиг дээгүүрт эрэмбэлэгдсэн үед хүний эрх, эрх чөлөө, жирийн гишүүний үзэл бодол, тэр ч бүү хэл сонгогчдын сонголт шалаар хөглөрдөг болохыг бид сөрөг хүчингүй хамтарсан засгаас харж байна. Намын халхавчин дор их наядаар тооцогдох мөнгө хулгайлж, намын эрх ашгийн төлөө гишүүдээ золиосолж, намын эрх ашгийн төлөө бусдын хөрөнгийг булаан дээрэмдэж байна…
ХУВИЙН ЭРХ АШИГ ЭЦЭСТ НЬ…
Төрийн эрх мэдлийг нэмэгдүүлж, түүнээс эхлээд намаа санхүүжүүлж, намын дараа өөрсдөө хөлжих, өөрсдийнхөө дараа ойр дотнынхныхоо эрх мэдлийг зузаатгах тухай л яриа. Үнэн хэрэгтээ улс орон, иргэний тухай энд байхгүй.
ЭЦЭСТ НЬ Ч ЭРЭМБЭЛЭГДЭЭГҮЙ ХУВЬ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ!
Самуэл Жонсон “Адгийн шаарнуудын эцсийн хоргодох газар нь эх оронч үзэл байдаг” гэж зүгээр ч нэг хэлсэнгүй. Хувь хүний эрх чөлөө, хувийн өмч, хүний эрхийг эсрэг зогссон хэн боловч эх орончийн дүрээр “эв хамтын үзэл”, “нийгмийн сайн сайхны төлөө” гэж ярьдаг аж. Засгийн газрын бодлого нь нэгдүгээрт улсын эрх ашиг нэрээр өөрсдийгөө, хоёрдугаарт тус тусын намын эрх ашгаа, гуравдугаарт хувь тоглолтондоо анхаарах тухай яриа болохоос монголчуудын сайн сайхны тухай яриа огтоос биш болой.
Ингэхдээ Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн “улсын төсвийн хөрөнгийг үржүүлэхийн хүрд болгон ашиглах” аж. Улсын төсвийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Төсвийг үржүүлнэ гэдэг нь илүү ихээр татварлана л гэсэн үг. Энэ биднийг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руу аваачих болохоос өнөөгийн бий болгосон дутуу дулимаг зах зээлээ чөлөөт зах зээлд хүргэхгүй. Эрх чөлөөний өлгий АНУ ардчиллыг анхнаасаа огтхон ч тунхаглаагүй. Харин эрх чөлөөг тунхагласан. Бүр тодруулбал хувь хүний эрхийг төрөөс болон иргэдээс хамгаалах зорилгоор төрийн оролцох ёстой хэм хэмжээг зааж өгчээ. Үүний хүчинд ч данхар төр бус хязгаарлагдмал төрийг бий болгож эдийн засгийн эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийг бий болгосон аж.
Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уянгалаад буй Засгийн газрын дөрвөн жилийн хөтөлбөрийн төслийн илтгэлд “Эрх чөлөө” гэдэг үг хоёрхон оров.
- Эдийн засгийн эрх чөлөөний байдлын болон дэлхийн инновацын үзүүлэлтийг сайжруулж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8,000-10,000 ам.долларт хүргэх эдийн засгийн төлөвлөгөөг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай...
- Хүний эрх, эрх чөлөө, хуулийн байгууллагуудын хүний эрхийн мэдрэмжийн асуудал, тэр дундаа шүүхийн шатанд хилсээр хэлмэгдүүлж, эрүүдэн шүүх, ард түмэнд харгис хатуу, авлигачдад аядуу зөөлөн ханддаг шударга бус үйлдлийг таслан зогсоох, шүүхийн ил тод байдлыг хангасан эрх зүйн цахим реформыг хийх шаардлагатай.
Энэ нь эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргээд ч биелэгдэх боломжгүй ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх тухай сэрүүн зүүдэнд нь нэг удаа орсон бол нөгөө нь шүүх рүү халдах санаархлаа зөвтгөхийн тулд ашиглажээ.
Түүний илтгэлд хамгийн их дурдагдсан үг нь “төр”. Нийт 12 удаа төр гэх үгийг дараах байдлаар хэлжээ.
/”улс төрийн соёлын хувьд”, “Улс төрийн намын эрх ашиг”, “улс төржин”, “төрийн эрх мэдлийн”, “төрийн үйлчилгээнд”, “төрийн зүтгэлтнүүдийн”, “Төрийн өмчит компаниуд”, “төрийн бүтээмж”, “төрийн албаны чиг үүргийн”, “Төрийн албанд”, “Төр засаг”/
Харин “хүний эрх”-ийг хамгаалах талаар тэр огтхон ч дурсаагүй төдийгүй шүүх эрх мэдэл рүү дайрах санаархлаа хэлэхдээ ашигласан бөгөөд “хүний эрхийн мэдрэмж” гэж ашиглав. “Нийтийн сайн сайхны төлөө” гэх хуурамч багтай зүүнтнүүд “хүний эрхийн мэдрэмж” гэх үгийг ашиглан бүлгийн эрх ашгаа хувь хүний эрх ашгаас дээгүүрт тавьдаг. Эв хамтын коллектизм нь алсдаа бидний өнгөрсөн нийгэм рүүгээ аядуухан буцахад л хүргэх билээ.
С.ЗОРИГИЙГ ОДОО ТАЙВАН ОРХИЁ
Эрх баригчдын өөрсдийнх нь муулдгаар өнгөрсөн 30 жилийн алдаа завхарлын талаас илүүд нь С.Зоригоор “зоолж” ирэв. Энэ удаагийн сонгуулийн гол хөзөр нь мөн л түүнийг алсан алуурчид байв. Цаашдаа ч “Зоригийг” симбол болгох нь тодорхой болсон бөгөөд мөнөөх хөтөлбөрийн төсөлд наймантай “Зориг” гэх үг дурдагджээ. С.Зориг ардчилсан хувьсгалын том зүтгэлтэн мөн. Харин хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн төлөө Үндсэн хуульдаа заагаагүй ч гэлээ зорьж буй өнөөгийн бидэнд одоо түүний коллектизм хэрэггүй. Коллектизмын аюулыг 90 жилийн өмнө Айн Рэнд "Бид амьд хүмүүс" бүтээлдээ биччихсэн, түүнийг монгол хэлээр хэвлэчихсэн байхад сэрэмжлэхгүй бол тэнэглэл. С.Зориг алуулсан. Харин бид амьд хүмүүс… Амь үрэгдсэн С.Зоригийн төлөө хоосон солиоролд автах бус өөрсдийнхөө төлөө явцгаамаар байлтай… Өөд болоочийн ясыг нь өндөлзүүлэхгүй гэхдээ нэрийг нь дурдахаас ч цэрвэдэг ард түмэн бид биш бил үү?!
Монголын улс төр өнгөрсөн нийгэмд Орос эхнэрийн гал тогоонд байснаа өнөөдөр Алтан-Өлгийд шилжив. Мөд Баатарын хөнжилд шилжих нь холгүй байна…
3,548.92






















































Холбоотой мэдээ