Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээлэлд, 2024 оны эхний хагас жилд зочид буудлын салбарын орлого 816 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.6 тэрбум төгрөг буюу 11.7 хувиар өсчээ. Мөн нийтийн хоолны салбарын орлого 155 тэрбум төгрөг болж өссөн нь өмнөх оны мөн үеэс 3.6 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.
Зочид буудлын салбарын 2024 оны эхний хагас жилийн нийт орлогын 71.9 хувийг гурав ба түүнээс дээш одтой зочид буудал, 26.6 хувийг зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрууд, 1.6 хувийг хоёр одтой зочид буудал эзэлж байгаа аж. Тэгвэл Улаанбаатар хот зочид буудлын орлогын хамгийн ихийг төвлөрүүлсэн бол Говьсүмбэр аймаг хамгийн бага орлого төвлөрүүлжээ. Нийтийн хоолны салбарын орлогоор Улаанбаатар хот тэргүүлж, Өмнөговь, Орхон, Дархан-Уул аймаг удаах байруудад оржээ.
Дээрх салбарын орлого нэмэгдсэн нь Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо жил бүр нэмэгдэж буйтай холбоотой юм. Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьж, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Тиймээс төр засгаас аялал, жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгохоор олон ажил төлөвлөн, хийж хэрэгжүүлж байгаа билээ. Нэн түрүүнд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Улмаар 2023 оны тавдугаар сард Засгийн газраас Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн баталсан. Хуулиа дагаад холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулах шаардлагатай уг ажил 50 хувьтай явж байгаа юм. Монгол Улсыг олон улсад сурталчлах “Go Mongolia” нөлөөллийн арга хэмжээг өнгөрсөн 2023 онд БНХАУ, БНСУ, ОХУ, Япон зэрэг улсуудад зохион байгуулсан. Үүний үр дүнд Монголыг зорин ирэх жуулчдын тоо өссөөр байна. Тодруулбал, 2024 оны эхний долдугаар сарын байдлаар 350 мянга гаруй жуулчин Монголд аялахаар ирээд байгаа аж. Монгол Улсад хамгийн их буюу Өмнөд Солонгосоос өдөрт 1800 орчим жуулчин ирдэг байна. Мөн Орос, Хятад, Япон зэрэг улсаас нэг өдөрт 1000 гаруй жуулчин ирдэг ажээ.
Өнгөрсөн жил 4485 жуулчин нэг өдөр ирж, дээд хэмжээ тогтоож байсан бол энэ онд долдугаар сарын 2-нд нэг өдөрт хамгийн их буюу 5174 жуулчин Монгол орныг зорин ирсэн. Энэ эрчээрээ байвал 2025 он гэхэд жилд нэг сая жуулчин хүлээн авах боломжтой гэж албаны хүмүүс тооцоолж байгаа аж.
3,548.92






















































Холбоотой мэдээ