Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Нуучих уу, нуучихъя

УИХ-ын гишүүд гэж хийх ажлаа та­ниж мэдэхээ болчихсон хэцүү нө­хөд болоод байх шиг ээ. Хороо, дүүр­гийн байшин барилгын дээвэр, тааз­ны засвар яриад байхаар тэгж хийх ажлаа мэдэхээ байчихдаг юм болов уу. Дөрвөн жилийн турш ба­рилгын засвар ярьж, дараа­гийн дөрвөн жилдээ суудлаа авч үл­дэхийн тулд мөнгө тараах тухай зуны хоёр сар хэрхэн ярихаа ур­гуулж боддог болохоор арга ч үгүй байх. Сонгуулиас сонгуулийн хооронд ярианых нь сэдэв энэ хүрээнд эргэлдэж, сонгуулиас сон­гуулийн хооронд иргэдээ хэрхэн хуу­рах ухаанд суралцаж суудаг тэд­ний хувьд ингэж эргэлзэх, ингэж гайхах мөчийг өдөр бүр л “бэлэглэх” нь бий. Сүүлдээ ч одоо бүр “Энэ УИХ-д чинь 76 цагдаа, хуульч, шүүгч, хянагч” суугаад байна уу гэ­­сэн бодол ч төрөх болж. Ар­га ядахдаа ийм их ачааг үүрч яваа­гийнх нь төлөө өрөвдөх ч шиг. Хэдийгээр 76-уулаа нэг танхимд сууж байгаа ч гэсэн гишүүн бүр л дор бүрнээ өөрийн эрх ашиг, намын эрх ашиг, сонгогчдын даалгавар, аав, ээжийн захиас гээд дааж да­вамгүй ачаа үүрдэг. Зовлонгийн одонд төрсөн хүмүүс гэдэг нь ч тэд юмуу бүү мэд. Ямартай ч бие хаа нь ч яасан эцэж ядардаггүй юм, тархи толгой нь яасан ч цэлмэг са­руул байдаг юм бүү мэд. Тэгсэн хэрнээ хийсэн ажлаа ард олноосоо нууж, ар өврийн хаалгаараа бие бие рүүгээ бичгийн цаасаар сэм ши­дэж, хаалттай хаалганы цаана шив­нэлдэх зуршилтай. Зарим үед хэтэрхий их ажил хийж байгаагаа сон­гогч олондоо тоочиж зүрхлэхгүй “Энэ чинь миний л хийх ёстой ажил болохоор хэлэхгүй нуучихъя, нуучихья. Зовлонгоо бусдад яриад яах юм бэ” гэж биднийгээ бас бодно оо. Гэхдээ ч ихэвчлэн тэрхүү нууц дунд нь нууцлах ёсгүй, нууцхан тохи­роо өрнөөд байдаг нь харин ч ёстой нууц биш шүү.

Өчигдөр гэхэд л тэд нэг иймэр­хүү нууцлах ёстой гэж бодсон нуу­цаа олон нийтээс нуугаад авсан гэж байгаа. Учир нь УИХ-ын Хэвлэл мэ­дээллийн албанаас “УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Ав­лигатай тэмцэх газрын үйл ажил­лагаа, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, танилцах үүрэг чиглэлийг Тусгай хяналтын дэд хороонд өгсөн. Тус­гай хяналтын дэд хороо үүний да­гуу Авлигатай тэмцэх газрын үйл ажил­лагаа, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хий­сэн шалгалтын талаар 2010 оны найм­дугаар сарын 30-ны өдрийн хурал­даанаараа хэлэлцэж, нууцын зэ­рэгтэй дүгнэлтийг Хууль зүйн байн­гын хороонд хүргүүллээ” гэсэн мэ­дээг хэвлэлүүдэд түгээв. Зуны ха­луун өдөр эхлэхтэй зэрэгцэж, энэ асуу­дал уг нь Монголын улс төрийн гол сэдэв болсон. Гэтэл Хууль зүйн байнгын хорооны гишүүд асуудлыг өөрс­дөөсөө түлхэж, Тусгай хянал­тын хорооны гишүүдийг хууль бат­лагч бус харин хуулийн бай­гуул­­лагын маргааныг хэлэлцэж шийд­вэрлэх үүрэгтэй шинжээч бол­гоод авсан. Тусгай хяналтын хо­рооны гурван гишүүн ч энэ үүргээ хан­галттай сайн биелүүлэхийн тулд зуны налгар өдрүүдийг үр дүнтэй ашиг­лахаа амласан удаатай. Ийн зуны турш Э.Мөнх-Очир даргатай Р.Амар­жаргал, Х.Наранхүү нарын ги­шүүд судалж, судалж арайхийж ха­риу гаргасан нь дээрх нууцын зэ­рэглэлтэй дүгнэлт байв.

Чухам юуг нь нууж хаасан нь то­дор­хойгүй дээрх дүгнэлтийг гар­гахаас өмнө Авлигатай тэмцэх газ­рын дарга, ажилтнуудын асуудал ол­ноо ил болсон. Улсын Ерөнхий про­курорын зүгээс Ч.Сангарагчаа дар­гыг ямар гэм буруутай болохыг хэвлэлээр олонтаа зарласан. УИХ дахь Ардчилсан намын гишүүд ч Ч.Сан­гарагчаа даргыг албанаас нь буул­гаж, шалгах ёстой зарчмаар нь шал­гуулах хэрэгтэй гэж мэдэгдсэн. Гэвч З.Энхболд тэргүүтэй олон ги­шүүн “МАХН-ын эрх ашгийн өмнө хүчин мөхөсдөж байна. Хууль зүйн байнгын хорооны олонх ги­шүүд МАХН-ынх. Тэд үүгээрээ далим­дуулж нэмж тодруулах хэрэгтэй хэ­мээн асуудлыг хойшлуулсан” хэ­мээн МАХН-ын сонирхлыг ил то­доор илэрхийлсэн.

Түүнчлэн Н.Батбаяр гишүүн гэ­­хэд л “Үнэндээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шалгах гэхээр Ч.Сан­гарагчаа дарга саад болоод бай­гаа. Тиймээс Н.Энхбаярыг шал­гахыг хүсч байгаа улс төрийн бү­лэг Ч.Сангарагчааг суудлаас нь хол­дуу­лахын гээд байгаа юм. Хэрэв Ч.Сан­га­рагчааг суудлаас нь буулгаж ча­дахгүй бол Н.Энхбаярыг шалгаж ча­дахгүй. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үедээ Ч.Сангарагчааг Авли­га­тай тэмцэх газрын даргаар тавьсан. Ч.Сангарагчаагийн ард МАХН-ын хүчтэй бүлэглэл байгаа. Одоо үүгээ­рээ намын бүлэглэлүүдийн дунд тэмцэл үүсч байна. Ер нь Ч.Сан­га­раг­чааг өөрчилбөл МАХН-ын лиде­рүүдэд их аюултай. Тиймээс амин голоо тасдуулахгүйн тулд үхтэл тэм­цэх биз” хэмээж байлаа.

Үнэхээр ч МАХН-ын удирдлага Ч.Сангарагчаа даргын албан үүрэгт хэтэрхий их санаа тавьсны ул­маас Тусгай хяналтын дэд хо­роо дүгнэлтээ нууцалж, УИХ өнөөд­рийг хүртэл улсын Ерөнхий проку­ро­рын хүсэлтийн дагуу асуудлыг ший­дэж болох байсан. Гэтэл бай­гуул­лагынхаа ажилтныг тагнаж чаг­нахын тулд тоног төхөөрөмжийг нь улсад хүртэл бүртгүүлээгүй байсан нь аль хэдийнэ нотлогдсон. Тагнуулын ерөн­хий газрынхан хүртэл Монгол Ул­сад энэ төрлийн тагнаж, чаг­нах тусгай тоног төхөөрөмж бүртгэг­дээ­гүй байдаг гэдгийг УИХ-ын гишүү­дэд мэдээлсэн. Нэг ёсны Ч.Сан­гараг­чаа даргын гарамгай тагнах ажиллагаандаа ашигладаг тэрхүү тоног төхөөрөмж нь худалч хүн бол Монголдоо л ганц гэдгийг нь хэвлэлээр мэдээлж байсан.

Дээр нь Авлигатай тэмцэх газ­рын даргын хувьд амь насаа ба­тал­гаатай байлгахын тулд хуу­чин байраа зарж, хаустай бо­лох хэрэгтэй хэмээн улсын мөн­гө завшсан нь нотлогдсон. За тэ­гээд ажилтнуудынх нь гадаад томи­лолт болон сургалтад зориулж төсөв­лөсөн мөнгийг хувьдаа ашиглаж, хи­лийн чинадад хэт өндөр үнэтэй хув­цасны дэлгүүрээс өөрийгөө гоё­сон гэдгийг нь ч Улсын Ерөнхий про­курорын газраас тайлагнасан.

Гэтэл бүхэл бүтэн хууль тогтоох засаглалыг атгалцаж, Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө ажиллах ёстой гишүүд Ч.Сангарагчаа дар­гын асуудлыг шийдэж чадахгүй түү­нийгээ “нууц” хэмээн нууцлах нь үнэндээ УИХ-ын чадамжийг ямар их доо­шоо орсныг илэрхийлэх жишээ гэ­хэд буруудахгүй. Гэвч эцсийн бү­лэгч МАХН-ын найруулсан жүж­гийн дагуу УИХ-ын гишүүд энэ удаад лав “Нуучих уу, нуучихъя” гэ­сэн зарчмаар л асуудалд хандав бололтой.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж