С.Батболдын эрин үе төгсөөгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

С.Батболдын эрин үе төгсөөгүй байна

МАХН-ын марш эгшиглэж эхэллээ. Тус намынхан өмнө нь Бага хурлын анир сонсогдох бүрт хөл хөдөлгөөнд орж, эрчүүд байтугай бүсгүйчүүд нь алчуур, амбиц хоёроороо гоёдог байв. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд болсон Бага хурлын XI хуралдааны тов ч гараагүй байхад “МАХН-ын дараачийн дарга хэн бэ” хэмээх марафон фракциудын дунд хэдийнэ эхэлчихсэн байлаа. Жигүүрийнхэн намынхаа удирдлагын эсрэг сурсан зангаараа “жиргэцгээж”, “Элсний 13” тэргүүтэй УИХ дахь МАХН-ын бүлгийн 26 гишүүн С.Баярт атгуулах захидлаа гардуулахад бэлэн болсон ч зориг нь хүрээгүй. Шазуур зуумтгай, очкитой даргадаа хаягласан энэхүү захидал эцэст нь С.Батболд хэмээгч огт өөр хүнд очсон удаатай.

2007 он. Үнэн хэрэгтээ тус намынхан нэгэн дээвэр дор орших уу, эс орших уу гэдгээ шийдэх мөч тохиолоо. “МАХН-ын үе, үеийн дарга нараас хамгийн ажил хэрэгч бус, амласандаа хүрдэггүй нь М.Энхболд” хэмээх яриа тус намын цагаан байрнаас Төрийн ордон хүртэл үргэлжилнэ. Эл үг газар авч, УИХ-ын гишүүд атугай жирийн гишүүдийн дунд “гал” авалцан намын XXV их хурлыг яаралтай хуралдуулах шийдвэрийг тухайн үед Бага хурлаас гаргасан юм. “Элсний 13”-ынхны шидэт дохиурын аясаар “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүр, Онц их хурлын төлөө хөдөлгөөн, “Шинэ эргэлт” хөдөлгөөнийхөн М.Энхболдын эсрэг нэгэн зэрэг хөдөлж, 2007 оны аравдугаар сарын 30-ны тэр нэгэн шөнө намын даргаа “соёлтой”-оор огцруулсан билээ. УИХ-ын 2008 оны сонгуулийн угтал жил байсан болоод ч тэр үү тус намынхан сонгуулийн кампанит ажил зохион байгуулж туршлагажсан генсек С.Баярын эринийг ийн эхэлсэн нь тэр. Үнэхээр ч их хурлын 600 гаруй төлөөлөгчдийн сэтгэлийг эргүүлж чадсан нь Н.Энхбаярын фракцийнхан хүчтэй байсныг харуулж байна.

С.Батболдыг У.Хүрэл­сүхээр солих гэнэ. У.Хүрэлсүх тэргүүтэй Зүүний хүчний холбооныхон удирдлагын аппаратыг гартаа оруулах алхмаа хийж эхэллээ. МАХН-ын Бага хурлын ээлжит XII хуралдааныг угтуулан иймэрхүү “гал” тавих болов. Ойрын өдрүүдэд эдгээр өгүүлбэрт олон янзын “хачир” нэмэх биз. Гэвч эцсийн бүлэгт С.Батболд МАХН-ын дарга, У.Хүрэлсүх намын генсекээрээ л ажиллана. Улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тэдэнд холбон тоглолтоо сайн хийх нь л ашигтай болохоос хоорондоо хэмлэлцэх нь хэн, хэнд нь хортой. С.Батболдод журмын нөхөдтэйгөө хамтран МАХН-ын шинэ түүхийг бичих хувь тохиосон бол У.Хүрэлсүхэд асар их ирээдүй бий. Ийм зүйлээ эвдэж бусинуулахыг тэд юу гэж л хүсээ аж. Тэр тусмаа С.Баяр гэдэг товарищ алсаас саравчлан ирж, Бага хурлын ерөнхий продюссерээр ажиллана гэдэг ёстой “харагдахгүй” байна. Ер нь тэр ямар түргэний эмч биш дээ. Тэгээд ч энэ чинь С.Батболдын эрин үе шүү дээ. Тэрбээр МАХН-д С.Батболд, У.Хүрэлсүх, М.Энхболд гэсэн гурвалсан нэгдлийг хэдийнэ бий болгосон. Ямартай ч Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг шиг ганцаардсан чоно биш. Түүн рүү “Элсний 13”, жигүүр, хөдөлгөөнийхөн боорлож дайрах хөг нь өнгөрсөн. Учир нь тэдэнд МАХН дахь гурвалсан нэгдлийг задлах хүч байхгүй. Гэхдээ яг одоохондоо шүү!     

Буурь сэлгэж, удирдлагын аппаратаа залуусаар өнгөлсөн МАХН-ынханд нэн шинэ түүхээ бичих цаг тохиож байна. Үе, үехэн эвгүй үгэнд ороогдчих гээд байдаг МАСЗХ-ныхон энэ сард их хурлаа хийж, нэрээ солих нь тодорхой болсон бол 90 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчнийхэн “Хувьсгалт” гэдэг үгээ delete-лэхээр шийдвэрлэжээ. Тус намын Удирдах зөвлөл, УИХ дахь МАХН-ын бүлгээс саяхан гаргасан “Шинэчлэл, манлайлал, хөгжил” хэмээх тунхаг бичигт “Монгол ардын нам гэдэг уугуул нэрээ сэргээж авахыг чухалд үзнэ” гэж онцолсон нь үүний тод илэрхийлэл юм. Монгол Улс 1990 онд олон намын тогтолцоонд шилжихэд тус нам МАХН гэдэг нэрээ баталгаажуулсан ч ард нь Монгол ардын намыг хаалтад тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр том намын хашир бурхиуд “Ардчилсан нийгэмд хувьсгалт гэдэг үг ад үзэгдэнэ” гэдгийг тооцоолсон ч байж мэдэх юм. Улс төрийн ууган хүчнийхэн сонгуулийн мөчлөг дөхөж байхад нэрээ солино гэдэг эрсдэлтэй. Гэвч шинэ цагийн бурхиуд өөрсдөө юу гэж бодож байгаа юм. Хэрхэхийг ёстой л тэнгэр мэдэж дээ.

С.БАТТУЛГА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж