Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоногийн сүүлийн ажлын өдөр Засгийн газрын ирэх дөрвөн жилд хийх ажлуудаа танилцуулав. Л.Оюун-Эрдэнийн илтгэлд хэтэрхий уянгын халил, төсөв, төрийн өмчийн оролцоог нэмэгдүүлэх тухай л ихээхэн дурдагдав.
" Засгийн газраас дөрвөн жилд, дөрвөн бүлэг, дөрвөн үндсэн чиглэл, дөрвөн зорилготой, нийт 577 багц үйл ажиллагаатай хөтөлбөрийг танилцуулж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардагдана. Улсын төсвийн эх үүсвэрээс энэ дүнгийн дөнгөж 12.3 хувийг санхүүжүүлэх боломжтой. Тийм ч учраас энэ хөтөлбөрийн суурь үзэл санаа нь улсын төсвийн хөрөнгийг үржүүлэхийн хүрд болгон ашиглах, хувийн хэвшлийг урамшуулан идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтын эрхзүйн орчноо олон улсын түвшинд хүргэн сайжруулахад чиглэгдэн боловсруулагдсан гэж үзэж болно" гэж Ерөнхий сайд онцлов.
Хамтарсан засгийн газар байгуулсан гурван нам гурвуулаа сонгуульд оролцохдоо төсвийн зардлыг хумиж, төрийн оролцоог бууруулах тухай ярьж байсан ч ийнхүү амлалтаасаа буцав. Урьд өмнө нь хэзээ ч байгаагүй хэмжээнд төсвийн зардлыг өсгөхөөр тусгасан нь бүгд амлалтаасаа ухарсан хэрэг болов. Парламентад олонх суудал авсан МАН мөрийн хөтөлбөртөө төсвийн зардлыг ДНБ-ийн 25 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан ч үүнээсээ буцав.
"Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг "Улсын эрх ашиг нэгдүгээрт, Улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, Хувийн эрх ашиг эцэст нь байх тухай хэлсэн үгийг суурь зарчим болгож "ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээг гурван нам байгуулж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хуралд өргөн барьж байна" гэснээс бүх зүйл тодорхой болов. Хамтарсан Засгийн газар хувь хүний эрх ашгийг гуравдугаар эрэмбэлжээ. Малыг төрийн тусгай хамгаалалтад байлгах талаар Үндсэн хуульдаа тунхагласан Монгол Улсад хувь хүний эрх ашиг хамгийн сүүлд эрэмбэлэгдэв.
Уянгын халилаар дүүрэн Ерөнхий сайдын илтгэлд нөгөө л байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, гадны хүчин зүйлс гэхчилэн үгс олонтаа дурдагдав. Өөрсдөөс үл хамаарах хүчин зүйл их байгааг зориуд дурдаж, иргэдийг айдсаар айлгах гэсэн өмнө мэдэгдлүүдийн л адил байв.
Анх ерөнхий сайд болохдоо төрийн албыг 30 хүртэл хувиар цомхотгохоо амлаж байсан тэрээр энэ удаад төрийн албыг тогтвортой тоонд хадгална гэж мэдэгдлээ. Төрийн данхар бүтэц, өгөөжгүй зардлыг 120 орчим их наядаар нэмэгдүүлэх тухай яриа нь энэ хэрээр татвар нэмэх тухай л ярьж байна. Гадаадын хөрөнгө оруулалт хязгаарлагдмал, Монголын төр хэзээ ч хамаагүй хуулиа өөрчлөөд гадны хөрөнгө оруулалтыг нь дээрэмдэхэд бэлэн байхад хөрөнгө оруулагч нар орж ирэх нь юу л бол… Хэдийгээр эрчим хүч, гаднаас хамааралтай байдлыг үгүй хийх тухай ярьж буйй түүнийг төрийн өмчийг нэмэгдүүлэх замаар шийдвэл нөгөө л авлига, хулгай, ашиггүй ажилладаг төрийн өмчит компаниуд нэмэгдэх нь тодорхой болно гэсэн үг. 2024 оны төсвийн батлахдаа төсвийн тодотгол хийхгүй гэж байсан эрх баригчид нийлээд дахин төсвийн тодотгол хийхээ зарлалаа. Ийнхүү тэд амласан амлалт болгоноосоо Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг анх танилцуулахдаа л буцав.
Ирэх жилүүдэд хүндхэн нөхцөл байдал иргэдийг хүлээж буй нь ийнхүү тодорхой болов.
3,593.62




















































Холбоотой мэдээ