“Парис-2024” Паралимпийн 15 дугаар наадам энэ сарын 28-нд эхэлнэ. Уг наадамд 203 улсын 4400 гаруй тамирчид спортын 22 төрлөөр медалийн төлөө өрсөлдөх аж. Харин Монгол Улсаас зургаан төрөлд 12 тамирчин өрсөлдөхөөр болжээ. Монголоос Паралимпид жүдо, байт харваа, таеквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрөлд оролцох юм. Паралимпийн наадам нь 1988 оноос эхлэн зохион байгуулагдаж буй. Монгол Улсын хувьд 2000 оноос хойш оролцож байгаа бөгөөд Паралимпийн наадмын хамгийн анхны медалийг хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав 2008 онд авч байжээ. Түүнээс хойш хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, гавьяат тамирчин Б.Ууганхүү нар паралимпээс медаль хүртсэн байдаг.
Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцохоор бэлтгэлээ хангажээ. Түүний хувьд наадмын нээлтэд Монгол Улсын тугчаар ажиллах үүргийг гүйцэтгэх бөгөөд гурав дахь удаагаа паралимпэд оролцож байгаа нь энэ. Тэгвэл Пара хөнгөн атлетикийн төрлийн Т-53 ангиллын тэргэнцэртэй гүйлтийн 100 метрийн зайд олон улсын хэмжээний мастер П.Энхманлай өрсөлдөнө. Түүний хувьд анх “Токио-2020” паралимпийн наадмын замд уралдаж байсан юм. Харин пара хөнгөн атлетикийн F-40 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга оролцох эрхээ авчээ.
Парилимпийн усанд сэлэлтийн төрөлд Монгол Улсаас оролцож байгаагүй бөгөөд энэ жил анх удаа усанд сэлэлтийн төрлөөр Х.Номуун оролцоно.
Үүнээс гадна пара байт харвааны төрөлд ДАШТ-ий багийн хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгээ, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Оюун-Эрдэнэ нарын харваачид цэц мэргэнээ сорино. Мөн таеквондогийн төрөлд Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар тулалдана. Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнийн хувьд паралимпийн наадамд хоёр дахиа оролцох гэж байна. Харин У.Сүрэнжав нь ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальтай ба паралимпын наадамд анх удаа оролцохоор болж байна. Тэгвэл пара жүдогийн J-1 ангиллын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ, 70 кг-д Л.Туруунаа, эрэгтэйчүүдийн -90 кг-д Б.Баттөгс, +90 кг-д Д.Ганбат нар зодоглоно. Монголын тамирчдын түрүүч энэ сарын 18-нд Парисыг зорино.
Монгол Улс "Токио-2020" паралимпийн наадмаас нэг алтан медаль хүртсэн ба шагналт тав, долдугаар байрт таван тамирчин орсноор 106 орноос 57 дугаар байрт жагссан.
3,595.38















































