Украины дайн ОХУ-ын Курск мужид үргэлжилсээр байна. Курск, Белгородод хүч нэмэхийн тулд ерөнхийлөгч Путин Украинд байлдаж буй цэргүүдээс эргүүлэн татах зарлиг гаргасан тухай Киевийн албаны эх сурвалж мэдээлжээ. Тодруулбал, "Украины өмнөд хэсгийн Запорожье, Херсон дахь зарим ангиа ОХУ эргүүлэн татсан" гэж Украины армийн хэвлэлийн төлөөлөгч Дмитро Лыховый хэлсэн байна.
Мөн тус үйл ажиллагааг хариуцсан командлагчаар өөрийн бие хамгаалагч асан Алексей Дюминыг Мягмар гаригт Путин томилов. Дюмин нь баавгайнаас Путиныг аварч байсан нэр хүндтэй нэгэн. 51 настай Дюмин Путины өмнөх хоёр бүрэн эрхийн хугацаанд бие хамгаалагчаар ажиллажээ. Түүнийг 2016 онд Тула мужийн захирагчаар томилсон байдаг. Улмаар энэ жил түүнийг Төрийн зөвлөлийн даргаар томилсон нь дээд албан тушаалд бэлтгэгдэж буйн илрэл гэсэн таамагийг үүсгэсэн юм. Путины бие хамгаалагчид дундаас ийм амжилттай явсан нь тун цөөн аж.
Дайныг өнөөдрийн хэмжээнд хүргэж, Украины армийг тогтоон барьж чадаагүй тул Путин генералууддаа сэтгэл дундуур байгаа гэх цуу яриа гараад буй. Энэ цуу яриатай зэрэгцэн Путин ийнхүү шинэ томилгоо хийжээ.
Дашрамд дурдахад, Украины арми ОХУ-ын 1000 км квадрат газар нутгийг хяналтдаа авсан гэж генерал Александр Сирський мэдэгдсэн. Гэхдээ энэ дүнг бага гэж бие даасан шинжээчид үзжээ. Оросын 74 суурин Украины мэдэлд байгаа гэж Украины ерөнхийлөгч Зеленский мэдэгдсэн байна.

Эх сурвалж: THE TELEGRAPH
3,595.72















































